МАН ажил хаялтдаа жижүүр томилсон уу?

2015 оны 12 сарын 18

Шинэ он гарахаас урьтаж УИХ-ын сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлах шаардлага тавин, ажил хаялт зарласан МАН-ынхан долоо хоногоор жижүүр томилсон бололтой.

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр том том дуугарч, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх бүхий л асуудлаар завсарлага авч байсан бол эл “бойкот”-ыг энэ долоо хоногт Д.Хаянхярваа гишүүн ахлан үргэлжлүүлж байна. Тэрээр өчигдөр хуралдсан чуулганы нэгдсэн хуралдаанаас мөн л завсарлагынхаа хугацааг сунгах хүсэлт тавьсан ч УИХ-ын дарга “Боломжгүй” гэдэг хариулт өгч, ямар ч байсан малчдын тэтгэврийг тогтооход насыг нь 1.2 жилээр тооцдог болох хуулийг баталж амжсан. Мөн нэлээд хэдэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн.

Гэхдээ өнөөдөр чуулганыг хуралдуулахын тулд Төсвийн байнгын хороо хуралдаж асуудлаа оруулах ёстой. Харин энэ эгзэгтэй үеийг нь ашиглаж УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа завсарлага авч, УИХ-ын ажлыг гацаахыг хичээх болов. Ирэх долоо хоногт МАН-ынхнаас хэн нь энэ жижүүрийг залгуулан авах юм болдоо.

Сонгуулийн хууль хэлэлцсэнгүй гэдгээр улс орны өмнө хүлээгдэж байгаа амин чухал асуудлыг гацааж буй МАН-ынхныг яах вэ таминь ээ.

Г.ХОРОЛ
 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна