“Таван богд” групп Хэвлэх үйлдвэрийн газрыг авна

2015 оны 12 сарын 18

“Улаанбаатар таймс” сонины байр буюу хуучны Сүхбаатар хэвлэх үйлдвэрийн байрыг газартай нь хамт дуудлага худалдаагаар худалдаж, 24 тэрбум төгрөгийн үнэ хүргэсэн билээ. Нийслэл хотын төвд А зэрэглэлд байрлалтай, 2698 метр квадрат талбай бүхий эл газрыг Абдул Карим гэх араб гаралтай Монголын иргэн дуудлага худалдаагаар эзэмшихээр болсон ч газрыг худалдан авахаас татгалзсан. Тиймээс дуудлага худалдаанд Абдулын дараах өндөр үнэ хэлсэн “Таван богд” группын захиралд Ц.Баатарсайханд уг газрыг худалдан авах эрх нь шилжиж буй юм. Нийслэлийн Өмчийн харилцааны газраас Ц.Баатарсайхан захиралд уг газрыг худалдан авах саналыг хүргүүлсэн бөгөөд уг газрыг худалдан авах эсэхээ шийдэж, албан ёсны хариу өгөх сүүлийн өдөр нь өнөөдөр тохиож байгаа юм. Тиймээс бид Ц.Баатарсайхан захиралтай холбогдож, энэ талаар тодруулахыг хүссэн боловч тун чухал ажилтай байгаа тул өөрийн бие төлөөлөгчөө томилон дараах хариултыг өгч байна.

-Араннэгдүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газраас зохион байгуулсан дуудлага худалдаанд танай компани идэвхтэй оролцож, 23 тэрбум 850 сая төгрөгийн санал өгсөн. Гэвч дуудлага худалдаанд ялалт байгуулсан Абдул Карим эзэмших эрхээсээ татгалчихлаа. Уг газрыг эзэмших эрх журмын дагуу шууд танай компанид шилжиж байгаа. Та бүхэн нийслэлийн Өмчийн харилцааны газарт ямар хариу өгч байгаа вэ?

-Хуучны хэвлэх үйлдвэрийн барилгын эргэн тойрон дахь газрыг Хас банк болон Таван богд групп эзэмшдэгийг хүмүүс сайн мэднэ. Тиймээс ч бид дуудлага худалдаанд нэлээд идэвх зүтгэл гаргаж орсон. Иргэн Абдул Карим үнийн саналаараа тэргүүлж, уг газрыг эзэмшихээр болсон ч ч хүндэтгэж үзэх шалтгааны улмаас татгалзсан юм байна. Тиймээс бид уг газрыг эзэмших эрхийг шилжүүлэн авахаар шийдсэн. Учир нь, төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 6-д “Хэрэв ялагч нь төлбөрийг заасан хугацаанд эс төлбөл уг эд хөрөнгийг өөрийн санал болгосон үнээр худалдан авах эрх дуудлага худалдаанд удаахи үнэ санал болгосон оролцогчид шилжинэ. Уг оролцогч төлбөрийг 14 хоногийн хугацаанд төлнө” гэж заасан байдаг юм билээ.

-Газар эзэмших эсэхээ өнөөдөртөө багтаан албан ёсоор мэдэгдэх ёстой. Ингэж амжих уу?

-Тийм ээ. Бүгдийг ном журмын дагуу хийнэ. Манай захирал өнөөдөртөө багтаж, нийслэлийн Өмчийн харилцааны газарт мэдэгдэж байгаа.

-Танай компани уг газрыг эзэмшсэнээр ямар бүтээн байгуулалт өрнүүлэх бол гэдэг нь уншигчдад маань сонирхолтой байх биз?

-“Таван богд” группийн зүгээс энэхүү хэвлэх үйлдвэрийн байрыг 1929 оных нь тэр л түүхэн дурсгалт байдлаар нь сэргээн засварлаж, GALLERIA ULAANBAATAR нэртэйгээр худалдаа,  үйлчилгээний төвийг нээн ажиллуулахаар төлөвлөөд байгаа.  Бас нэгэн сайхан  мэдээ дуулгахад бид шинээр  шинээр байгуулах GALLERIA ULAANBAATAR төвдөө Улаанбаатар хотын музейг байрлуулах юм. Манай  группийн зүгээс Төрийн ордныхоо зэргэлдээ Төрийн ордноосоо өндөр байшин босгохгүй гэсэн байр суурьтай байгаа. Тиймээс ч хэвлэх үйлдвэрийн барилгыг хуучин хэв загварыг нь алдагдуулахгүйгээр хадгалах шийдвэрт хүрсэн. Энэ төвд маань  “Говь” ХК-ийн нэрийн дэлгүүр, банк, япон, монгол ресторан, автомашины үзүүлэнгийн танхим, дэлхийд алдартай брэндүүдийн бутик дэлгүүр, үйлчилгээний салбарууд байрлах юм.

-Зурган дээрээс хэвлэх үйлдвэрийн барилгатай зэрэгцээд өндөр цамхаг шинээр баригдахаар харагдаж байна. Тэрхүү цамхаг хаана баригдах вэ?

-Хэвлэх үйлдвэрийн байрны ар талд “Таван богд” группын эзэмшлийн газрууд байдаг. Тэрхүү өөрийн эзэмшлийн талбайдаа 18 давхар цамхаг барих төсөл зураг гаргасан. Хас банк болон бусад хөрш байгууллагуудтайгаа хамтран илүү сонирхолтой, өвөрмөц шийдэлтэй шинэлэг, хүмүүст хэрэгтэй төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа.

“Таван богд” группын зүгээс албан ёсны тайлбарыг ийн өглөө. Өнгөрсөн сарын 30-ны өдөр зохион байгуулсан дуудлага худалдаанд зургаан иргэн, гурван аж ахуйн нэгж оролцсоноос Хэвлэх үйлдвэрийн барилгыг газрын хамт эзэмших эрх ийнхүү “Таван богд” группт шилжлээ.

Д.ЦЭЭНЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна