“Яг суугаад хийвэл хоёр цагийн дотор хийх ажил”

2015 оны 12 сарын 18

МАН-ынхан Сонгуулийн тухай хуульд гараар тоолох заалт оруулахгүй бол хуралдаа суухгүй гэж мэдэгдсэн. Энэ тухай болон цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас тодрууллаа.

 

-УИХ дахь МАН-ын бүлэг нэгдсэн чуулган, Байнгын хорооны хуралд суухгүй гэж Даваа гаригт мэдэгдсэн. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

 

-Намын бүлгүүдийн зөрчилтэй улс төрийн маргаан болоод байгаа асуудал бол мэдээж Сонгуулийн хуультай холбоотой. Энэ маргааныг хагалахад долоо хоногийн хугацаа үлдлээ. Үлдсэн хоногт багтаан Сонгуулийн тухай хуулийг шинэчлэх боломжийг хайх ёстой юм. Бид ард түмний өмнө эргэлзээ төрүүлсэн асуудлыг тайлчихвал Монголын ард түмэн төрөө байгуулахад итгэлтэй болно. Санал тооллогыг давхар гараар тоолно гэсэн ганцхан өгүүлбэр оруулчихвал тодорхой болно. Бид өөр шаардлага тавиагүй.

 

-Ганцхан гар тооллогын асуудлыг шийдчихвэл МАН цаашид ойлголцоод ажлаа хийгээд явна гэж ойлгож болох уу. Өмнө нь Сонгуулийн тухай хуульд гурван зүйлийг тусгах шаардлагатай гэж байсан. Тухайлбал, сонгуулийн санал тоолох ажлын хэсэгт намуудын төлөөллийг оролцуулах гэх мэт.

 

-Чамлахаар чанга атга гэж үг байдаг. Нийгмийн захиалга нь энэ юм. Хэнийг сонгосноо мэдмээр байна гэж ард түмэн хэлдэг. Санал өгчихөөд байхад сонгуулийн дүн хэрхэн гарч байгааг бид мэдэхгүй. Техник программ хангамж хөгжсөн энэ нийгэмд нөхцөл байдал яаж эргүүлэх бололцоотойг дэлхий ертөнц нотолсон. Тиймээс хардлагыг арилгах хэрэгтэй.

 

-Долоо хоногийн хугацаанд баталж амжих болов уу?

 

-Яг суугаад хийвэл хоёр цагийн дотор хийх ёстой ажил.    

 

-Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Энхбаяраа чиний Санзай дахь генералуудын нэрээр барьсан байшинг хөндөөгүй шүү” гэлээ. Энэ үнэн үү?

 

-С.Эрдэнэ сайдаас нийгмийн даатгалтай холбоотой асуулга асуусан. Нас барсан хүмүүсийн нэр дээр зээл авдаг, тэтгэврийн мөнгийг нь авдаг, арилжааны банкинд байгаа нийгмийн даатгалын сангийн үлдэгдлийн хүү тооцож байгаа байдал, баланст гарсан тооны зөрүү гээд нэлээд ноцтой асуудлууд хөндөж асуусан. Тэр хүрээнд С.Эрдэнэ сайд “Энхбаяраа чиний Санзай дахь генералуудын нэрээр барьсан байшинг хөндөөгүй шүү” гэдэг зүйл ярьсан. Энд няцаалт хийх нь зүйтэй байх. Өнөөдөр Монгол Улсад Зэвсэгт хүчинд өөрийн бүх залуу нас, амьдралаа зориулсан ахмад буурлууд, цэргийн дээд цолтон гээд 20 гаруй хүн байдаг. Үе, үеийн БХЯ-ны сайд нар, ахмад дайчдадаа хүндэтгэл үзүүлж, нийгмийн асуудалд нь анхаарал хандуулж явж ирсэн. Миний өмнө ажиллаж байсан Л.Болд сайд ийм санаачилга гаргаж өндөр настай таван генералд Санзайд амины орон сууцны газар олгож, тэнд зуслангийн байр барихад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байдаг. Миний үед энэ ажлыг үргэлжлүүлсэн байгаа. Энэ газар нь Батлан хамгаалах яамны тусгай хэрэгцээний мэдэлд байдаг. Ер нь шаардлагатай гэсэн 23 хүний нэр гарсан. Эдгээр хүнийг хэрхэн урамшуулах вэ гэдгийг журамласан ажлыг би үргэлжлүүлсэн. Дараа нь Д.Бат-Эрдэнэ сайдын үед үргэлжилсэн. Өнөөдөр Ц.Цолмон сайдын үед ч гэсэн энэ журам үйлчлээд явж байгаа.

 

-Үүнд хичнээн төгрөг зарцуулсан байдаг юм бэ?

 

-Үе, үеийн сайд нар 23 хүний асуудлыг бүрэн төгс шийдэж чадаагүй. Гурваар нь, таваар нь шийдээд явж л байна. Одоогоор 10 орчим хүний асуудлыг шийдсэн. 50 орчим сая төгрөгтэй тэнцэх хэмжээний дэмжлэг үзүүлэх замаар шийдэж ирсэн.

 

Т.ДАВААНЯМ