"Малчдын ажилласан жилийг нэмж тооцох боломжтой боллоо"

2015 оны 12 сарын 18

Өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж баталсан. УИХ-аас уг хуулийг баталснаар малчдын тэтгэврийг тогтоохдоо 1.2 жилээр тооцох болж байна. Энэ талаар хуулийн төслийн өргөн барьсан УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол,соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогтоос тодруулсан юм.

 

-УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд малчдын тэтгэврийг наашлуулах хуулийн төслийг өргөн барьсан ч хэлэлцэгдээгүй. Таны өргөн барьсан хууль батлагдчихлаа. Хуулийн ач холбогдлын талаар тодруулбал?

 

-Тэтгэврийн даатгалын сангийн ачаалал ч өндөр байгаа, хүн амын дундаж наслалт өндөр болж байна. Тэгэхээр 15 жилийн дараагаас тэтгэврийн насыг цаашлуулна уу гэхээс наашлуулах тухай асуудал хөндөгдөхгүй гэдэг нь амьдралаас тод харагдаж байгаа юм. Тиймээс энэ асуудал дэмжлэг авахгүй байгаа юм. Малчдын тэтгэврийн насыг наашлуулвал бусад ажил мэргэжлийн улсуудын тэтгэврийн насыг урагшлуулах асуудал сөхөгдөнө. Тэгвэл Монгол Улс тэр чигээрээ тэтгэврийн улс болох гээд байгаа юм. Малчдаа дэмжих бодлогыг Монголын төр барих ёстой юу гэвэл ёстой. Малчид маань улс орны эдийн засгийн томоохон ачааг нуруундаа үүрч байна. Дээрээс нь цаг наргүй хөдөлмөрлөдөг. Байгаль цаг уурын хүнд нөхцөлд ажилладаг. Нүүдлийн соёл уламжлалыг өвлөж яваа онцлог ажил мэргэжилтэй хүмүүс. Иймээс малчдаа дэмжсэн бодлогыг гаргах ёстой гэж үзээд малчдын тэтгэврийг тогтоохдоо нэг жил төлсөн Нийгмийн даатгалын шимтгэлийг нь 1.2 жилээр тооцох хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан нь дэмжигдлээ. Ажилласан жил нь нэмэгдэж тооцогдоно л гэсэн үг.

 

-Малчид нийгмийн даатгалын шимтгэлээ сайн дураараа төлсөн тохиолдолд уг хуульд хамрагдах уу? Насны босго тавьсан уу?

 

-Малчдын нийгмийн даатгалд хамрах нь харьцангуй бага байна. Нийгмийн даатгалын нөхөн төлөлтийн хуулинд малчид нэлээд ихээр хамарсан. Малчид сар бүр нийгмийн даатгал төлөх боломж хомс  байдаг. Орлого их олж байгаа сар улиралдаа нийгмийн даатгалаа төлж болдог хууль мөн батлагдсан. Тэгэхээр энэ хууль  нийгмийн даатгал төлөхийн давуу талыг ухамсарлуулна гэж бодож байгаа. Малчид төдөн жил нийгмийн даатгал төлөөд, төдөн насан дээрээ тэтгэвэрт гарна гэсэн асуудал тусгагдаагүй. Өөрөөр хэлбэл, насны босго тавиагүй. Хуулийн давуу тал нь нийгмийн даатгалын шимтгэл төлөөд ажилласан жилээ нэмэгдүүлээд явсан тохиолдолд малчдын авах тэтгэврийн хэмжээ нэмэгдэх юм. Нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд явах нь нийгмийн баталгаа болж өгдөг. Тиймээс малчдын оролцоо их байж таарна. Хууль батлагдсаны дараа Нийгмийн даатгалын багц хуулинд  өөрчлөлт орж ирнэ. Тэдгээр хуулинд илүү нарийн зохицуулалтууд орж ирэх юм.

 

Т.БАТСҮРЭН

 

ЭХ СУРВАЛЖ: WWW.ANBULEG.MN