Бар Рафаэли Израильд баривчлагджээ

2015 оны 12 сарын 18

Алдартай супер модель Бар Рафаэли эх орондоо татвараас зайлсхийсэн хэрэгт холбогджээ. Израилийн хууль хяналтынхан Бар Рафаэлиг ээжийнх нь хамт 12 цаг саатуулсны дараа өчигдөр /XII.17/ сулласан гэнэ. Түүнчлэн тэднийг зургаан сарын хугацаанд Израилийн албаныхны зөвшөөрөлгүй гадаадад аялахыг хоригложээ.

 

Бар Рафаэлиг сурталчилгаанд тоглож авсан “Range Rover”, “Lexus” автомашин болон Тел Авив дахь тансаг орон сууцаа ах, ээжийнхээ нэр дээр бүртгүүлэх замаар татвараас зайлсхийсэн хэмээн буруутгажээ. Бар Рафаэлийн татвараас зайлсхийсэн хэргийг Израилийн хууль хяналтынхан бүтэн сарын турш мөрдөн шалгасны эцэст баривчлан байцаалт авсан аж. Өдгөө 30 настай Бар Рафаэли татвараас зайлсхийсэн хэргийг үгүйсгэж багаа юм.

 

Израилийн хэвлэлүүдийн мэдээлснээр Бар Рафаэлийн хөрөнгийн хэмжээ 20 сая ам.доллар хүрсэн гэнэ. Нэгэн цагт Холливудын од Леонардо ДиКаприотой нэр холбогдож явсан Бар Рафаэли өнгөрсөн есдүгээр сард Израилийн бизнесментэй сүр дуулиантай хурим хийсэн юм. Түүний хуримд 300 гаруй хүн оролцжээ.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: REUTERS, ASSOCIATED PRESS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна