Э.Бат-Үүл дарга гүтгүүлсэн гэв

2015 оны 12 сарын 18

Ардчилсан хувьсгалын удирдагчийн нэг С.Зориг агсныг хөнөөсөн буруутныг олох мөрдөн байцаалтын ажиллагааг өнгөрсөн арваннэгдүгээр сараас эргэн сэргээж, талийгаачийн эхнэр, хэргийн ганц гэрч Д.Булганыг цагдаагийн байгууллага баривчлан саатуулсан. Одоогоор Д.Булган Төв аймгийн цагдан хорих ангид хоригдож байгаа. Мөн хэрэг гарах үед “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ш.Отгонбилэг агсны малчин, тогооч хоёрыг хэргийн сэжигтнээр татан хорьсон тухай мэдээлэл хэвлэлээр цацагдаад байгаа. Тухайлбал, “Ноцтой мэдээ” сонинд “17 жил дарагдсан С.Зориг агсны хэрэг илэрлээ” гэсэн гарчигтай материалыг нийтлэгдсэн. Энэ материалд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хэргийн газарт байсан, гэмт этгээдүүдийг харсан гэрчийн нэг, тухайн үед өмсөж явсан саарал малгайгаа талийгаачийн гэрт орхисон зэрэг мэдээллийг өгсөн байсан юм.  Сонины энэхүү материалтай холбогдуулан нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн өмгөөлөгчид өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, уг материалыг нийтэлсэн сонины газрыг хуулийн байгууллагаар шалгуулах болсноо мэдэгдлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийг С.Зориг агсны аллагад холбоотой гэх мэдээлэл нь гүтгэлгийн шинж чанартай, худал мэдээлэл тул ийнхүү хуулийн байгууллагад хандаж буйгаа өмгөөлөгчдөөрөө дамжуулан Э.Бат-Үүл илэрхийллээ.

“Ноцтой мэдээ” сонины 34 дугаарт хэвлэгдсэн С.Зориг агсны хэрэгтэй холбоотой мэдээлэл гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй, шунахайн сэдлээр зориудаар гүтгэж бичсэн материал байж болзошгүй гэж Э.Бат-Үүлийн өмгөөлөгчид үзсэн байна. Иймээс харьяаллын дагуу Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст тус сонин болоод сонины эрхлэгчийг шалгуулахаар хандаж байна гэлээ. 1998 онд тухайн үед аллага болсоны дараа Э.Бат-Үүл даргын саарал малгай хэргийн газраас олдсон гэх шалтгаанаар түүнийг хуулийн байгууллагынхан хэрэгт сэжигтнээр татаж, байцаалт авч байсан удаатай. Ингэж байцаасныхаа дараа хуулийнхан Э.Бат-Үүл даргыг буруугүйг нотлон, түүнийг сэжигтнээр татсанаа хэрэгсэхгүй болгож, хэргийг хааж байсан байна. Хуулийн байгууллагын шийдвэр гарсан байхад 17 жилийн дараа эргэн Э.Бат-үүл даргыг С.Зориг агсны хэрэгт холбогдуулж буй нь сонгуулийн жил ойртсон, улс төрийн өнгө аясыг илтгэсэн үйл явдал гэж иргэн Э.Бат-Үүлийн өмгөөлөгч нар дүгнэж байна.

Э.Бат-Үүлийн өмгөөлөгч Б.Алтанхуяг, В.Гомбодорж нарын мэдээлснээр С.Зориг агсны хэрэгтэй холбоотой мэдүүлгийг Э.Бат-Үүл даргаас нэг ч аваагүй. “Ноцтой мэдээ” сонин болоод, уг сонинд нийтэлсэн материалын эх сурвалжийг нь нэрлэж, цааш дамжуулсан хэвлэл мэдээллийн байгууллага, цахим хуудас бүр баримтгүй мэдээлэл олон нийтэд түгээснээрээ хуулийн хариуцлага хүлээх учиртай гэлээ. Мөн “Ноцтой мэдээ” сонины 34 дүгээр дугаарт хэвлэгдсэн материалд Э.Бат-үүл даргын хувийн амьдралд оролцон, Д.Булганы нууц амраг гэж дүгнэн бичсэн нь илт гүтгэсэн, зохион байгуулалттай хэрэг гэж Э.Бат-Үүл дарга болоод түүний өмгөөлөгчид үзжээ.

 

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна