Хятадын интернэтийн талаарх зургаан баримт

2015 оны 12 сарын 18

Энэ долоо хоногт БНХАУ-ын Жезян мужийн Ужень хотод Интернэтийг зохицуулах олон улсын II дахь бага хурал болж өндөрлөсөн. Энэ удаагийн хурлын сэдэв нь “Харилцан хамаарал, нийтийн хэрэглээ ба удирдлага: нэгдмэл хувь заяатай кибер нийгмийн үүсгэх” гэсэн сэдэвтэй байлаа. Бага хуралд дэлхийн улс орнуудын тэргүүн нар тухайлбал, БНХАУ-ын дарга Си Жиньпин, ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев нар оролцсон.

Энэхүү том хэмжээний хурлыг зохион байгуулсан БНХАУ-ын интернэтийн орчны талаарх зургаан баримтыг сонирхуулъя.

Нэг. Хятадын интернэт хэрэглэгчийн тоо 688 саяд хүрчээ. Энэ нь Европын холбооны хүн амаас их гэсэн үг юм.

Хоёр. Жил бүрийн арваннэгдүгээр сарын 11-нд албан бусаар тэмдэглэдэг гоонь эрчүүдийн баярын өдрөөр онлайн худалдааны борлуулалт 91 тэрбум 200 сая юань хүрсэн нь АНУ-ын алдарт Хар баасан гаригийн борлуулалтаас давсан үзүүлэлт юм. АНУ-ын Хар баасан гаригийн энэ жилийн үзүүлэлт 17 тэрбум 400 сая юань байжээ.

Гурав. Интернэтэд суурилсан эдийн засгийн эзлэх хувь Хятадын ДНБ-ий долоон хувьтай тэнцэж, энэ салбарын зах зээлийн үнэлгээ нь нийт хөрөнгийн зах зээлийн дөрөвний нэгтэй тэнцэж байна.

Дөрөв. Интернэтэд суурилсан Хятадын дөрвөн компани дэлхийн шилдэг 10 компанийн жагсаалтад багтаад байна. Эдгээр нь Алибаба, Тэнсюнь, Байду, Циндун юм.

Тав. Хятадын интернэт компаниудын апп-ууд дэлхийг эзэгнэж эхэлж байна. Гар утсаар төлбөр хийдэг “Жифубао” компани 2013 онд энэ чиглэлээрээ дэлхийд тэргүүлж эхэлсэн. Хятадын WeChat  сүлжээг одоо 650 сая хүн ашиглаж байна. Харин Байду сүлжээг 700 сая хүн ашиглаж байна.

Зургаа. “Интернэт+” хөтөлбөрийг Хятадын удирдлага төрийн стратег болгон энэ онд зарлалаа. Энэ хөтөлбөр нь энэ салбарын технологийн хөгжил, интернэтийн хэрэглээг эдийн засагт түшиглэн нэмэгдүүлэх, интернэтээр дамжуулан эдийн засаг, нийгмийн хөгжлөө түргэтгэх зорилготой юм.

А.ШАРАВ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна