Гэрээ барьж суултаа үргэлжлүүллээ

2015 оны 12 сарын 18

Улс төрийн 21 нам нэгдэн Сонгуулийн тухай хуулийг УИХ-аар ойрын хугацаанд хэлэлцүүлэхийг шаардаж жагсаалыг энэ сарын 10-нд зохион байгуулсан билээ. Тэгвэл тэд өнөөдөр жагсаалаа үргэлжлүүлэн Төрийн ордны баруун талд Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд лоозон бүхий гэрээ дахин барьжээ.

Монгол Ардын нам тэргүүтэй 21 намын зүгээс Сонгуулийн тухай хуулийг шударгаар хэлэлцэх хоёр хоногийн хугацаатай шаардлагыг өнгөрөгч мягмар гаригт УИХ-ын дарга З.Энхболдод хүргүүлсэн гэв. Таван үндэслэл бүхий энэ шаардлагын хариуг өнөөдөр өгөх ёстой хэмээн тэд мэдээлж байна.

Консерватив намын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Сайнбаяр:

Бидний хувьд төрөө хүндэтгээд БНСУ-ын Ерөнхий сайдын айлчлалын үеэр гэрээ буулгасан. Өнөөдөр дахин барьж жагсаалаа үргэлжлүүлж байна. Тэмцэл цаашид үргэлжилнэ. Учир нь, эрх баригчид бидний тавьж буй шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Үнэхээр тэр хар машин нь шударга юм бол давхар гараар л тоолчих. Тэгээд баталгаажуулж болно. Гэвч энэ алхмыг хийхийг эрх баригчид хүсэхгүй байна. Уг нь ийм байдлаар ард түмний дундах сонгуулийн санал хураалтын эргэлзээг тайлах хэрэгтэй. Учир нь, дэлхийн 30 орон сонгуулийн хар хайрцаг хэрэглэж байсан. Гэтэл үүний 22 улс нь татгалзсан. Ингэж дийлэнх хэсэг нь татгалзсан байхад манайх яагаад өөрчлөхгүй байна вэ.

Өнөөдрийн хувьд шаардлагынхаа хариуг авна. Тэгээд гэртээ улс төрийн суултаа үргэлжлүүлнэ. Шаардлагын хариуг өгөхгүй бол дараагийн удаад тэмцлийн өөр хэлбэрт шилжих асуудлаа ярилцана.

МАН-ын гишүүн Ш.Ганбадрал:

Миний хувьд хар машиныг эсэргүүцэж, 21 намын шаардлагыг дэмжиж жагсаалд оролцож байна. Хар машин бол сонгуулийг будилаантуулах үндэс болдог. Нэг жишээ дурдъя. АНУ-д энэ хар машинаар сонгууль явуулаад будлиан гараад эцэстээ шүүхээр шийдвэрлүүлж байсан гэдэг. Тэгэхээр энэ хар машиныг шилэн хайрцгаар солих хэрэгтэй.

Эсэргүүцэгчдийн зүгээс сонгуулийн тухай хуулийг өөрчлөхийг хүсч буй гол шаардлага нь сонгуулийн санал хураалтыг шилэн болгож, ил тод нээлттэй байлгахад оршиж байгаа гэв. Ингэхийн тулд 2011 оны Сонгуулийн тухай хуульд тодорхой найман зүйл заалтыг нэмэх асуудлыг энэ ондоо багтаж УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахаар ийнхүү тэмцэж байгаа юм. Хэрвээ энэ ондоо багтаж Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэхгүй бол ирэх оны сонгуулийг хуучнаар нь явуулахаас аргагүй болно гэв.

Бэлтгэсэн: Б.ЗАЯА, Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна