Увс аймагт 30 см цасан хунгар тогтжээ

2015 оны 12 сарын 18

Увс аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэдээс тус аймгийн өвөлжилтийн байдал ямар байгааг тодрууллаа.

-Увс аймагт өвөлжилт ямар байна вэ?

-Манай аймаг бүхэлдээ цасан бүрхүүлтэй байна. Ойролцоогоор 30 см орчим цасан бүрхүүл тогтсон. Ялангуяа цас ордоггүй гэж хэлэгддэг говийн бүсэд энэ жил нэлээд цас орсон. Зарим сумын мал бэлчээр гарч чадахгүй хоёр гурав хонож байгаа тохиолдол гарсан. Сүүлийн хэд хоногоос салхи баруун талд гарч бэлчээр чөлөөлөгдөж эхэллээ. Манай аймгийн нэг онцлог нь Увс, Хяргас нуураас улбаалж цаг агаар өөрчлөгддөг. Энэ хоёр нуур хөлдөх явцад ойролцоох сумдад их хэмжээний хур тунадас буудаг. Өдрөөс өдөрт бага багаар нэмэгдсээр байгаад нэлээд зузаан цасан бүрхүүл тогтдог онцлогтой. Энэ жил нуур хөлдөх явц удаашралтай байгаа учраас цасан бүрхүүл нэмэгдэх төлөвтэй байна. Зун хур тунадас багатай байсан учраас бүх нутгаар жигд гантай байсан. Тиймээс ой мод, хангайтай, зуслангийн газруудад бод малаа оруулах арга хэмжээг аваад байна.

-Танай аймгийн “МонТува” компанид Засгийн газраас мах экспортлох эрх өгсөн. Одоогоор мах гаргах ажил ямар шатандаа явж байна вэ?

-Увс аймгийн хувьд малын халдварт өвчин ойрын жилүүдэд гараагүй. Одоогоор ОХУ манайхаас адууны мах сонирхолтой байгаагаа мэдэгдсэн. Гэтэл бид махаа гаргаж чадахгүй байна. Учир нь, рублийн ханш сул, ханшийн зөрүүтэй байгаагаас шалтгаалж махаа гаргаж чадахгүй байгаа юм. Саяхан “МонТува” компани Хятад улсад мах гаргах эрх авсан. Одоогоор санхүүгийн асуудлаас улбаалж үйл ажиллагаа нь идэвхигүй байгаа юм шиг байна лээ.

-Нэмүүн өртөг шингэсэн мах экспортлох боломж танай аймгийн аж ахуй нэгжүүдэд байна уу?

-Боловсруулах чиглэлийн үйлдвэр одоогоор байхгүй. Цаашид баруун бүсийн хэмжээнд боловсруулсан мах гаргах хүчин чадалтай үйлдвэр байгуулах шаардлагатай.

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна