АНУ-ын Сенат Монголын ардчиллын 25 жилийн ойг тохиолдуулан тогтоол батлав

Хуучирсан мэдээ: 2015.12.18-нд нийтлэгдсэн

АНУ-ын Сенат Монголын ардчиллын 25 жилийн ойг тохиолдуулан тогтоол батлав

АНУ-ын Сенат 2015 оны 12 дугаар сарын 16-нд энэ жил тохиож буй Монголын ардчиллын 25 жилийн ойг тохиолдуулан тогтоол баталж, манай ард түмэн, Засгийн газарт баяр хүргэхийн зэрэгцээ Монгол Улс ардчилсан шилжилтийг тайван замаар амжилттай хэрэгжүүлж байгааг сайшаажээ.

Тогтоолд Монгол Улс 1990 онд олон нам бүхий ардчилсан тогтолцоонд шилжиж, чөлөөт зах зээлийн шинэчлэлийг эхлүүлэн ардчиллын төлөө тууштай байж, улс орондоо ардчилсан тогтолцоог бэхжүүлж байгааг онцлон тэмдэглэсэн байна.

Монгол Улс нь Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг амжилттай даргалж, Ардчиллын боловсролын тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг санаачлан батлуулж, ардчилсан тогтолцоо, иргэний нийгэм, хүний эрхийг хөхиүлэн дэмжихийн зэрэгцээ үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө болон хүний бусад үндсэн эрхийг тууштай эрхэмлэж байгааг тогтоолд дурджээ.

Түүнчлэн Монгол Улс Ази-Европын Дээд түвшний уулзалтыг 2016 онд эх орондоо зохион байгуулахаар бэлтгэж, энэ хүрээнд хоёр тивийн улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, боловсролын түншлэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхийг зорьж байгааг сайшаан тэмдэглэсэн байна.

Ардчилалд тайван замаар амжилттай шилжиж, ардчиллыг манлайлж, ардчиллын үлгэр жишээ болж байгаа Монгол Улс Киргиз, Афганистан, Мьянмар зэрэг шинэ тулгар ардчилсан орнуудтай туршлагаа хуваалцах, ардчиллын үнэт зүйлсийг дэмжих зорилгоор Олон улсын хамтын ажиллагааны сан байгуулж, улмаар ”ардчиллын боловсролын төв, эрх чөлөөний сорилт, боломжийн үлгэр дууриалал болж ажиллахад бэлэн” гэсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэдэгдлийг эш татан онцолжээ.

АНУ-ын зүгээс өөрийн улсын эрх ашиг, үнэт зүйлсдээ тууштай байж, Монгол Улсын эдийн засаг, улс төрийн шинэчлэлийг дэмжихээ илэрхийлж, ардчилал, ил тод байдал, хууль дээдлэх ёсон болон Монгол, Америкийн хоорондын бусад нийтлэг үнэт зүйлсийг хөгжүүлэхийн төлөөх Монгол Улсын хүч чармайлтыг үргэлжлүүлэн дэмжихийг уриалжээ.

Зүүн Хойд болон Төв Азид энхтайван, тогтвортой байдлыг урагшлуулахын төлөө АНУ, Монгол хоёр нийтлэг ашиг сонирхолтой байгааг Сенат нотлон илэрхийлсэн байна.

Сенатор Шелдон Уайтхаусын санаачилсан уг тогтоолд Сенатор Жон МакКейн, Лиза Мурковски, Ричард Дурбин, Марко Рубио нар хамтран зохиогчоор оролцсон бөгөөд Сенатын хуралдаанаар ийнхүү санал нэгтэй батлав.

ЭХ СУРВАЛЖ: ГАДААД ХЭРГИЙН ЯАМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж