Түүхий нүүрсээс татгалзаж байж хүлэмжийн хийг бууруулна

2015 оны 12 сарын 18

Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарал нэмэгдэж, дэлхийн дулаарал эрчимжиж, дэлхийн нийгэм, эдийн засаг, байгаль орчинд бодит аюул учирч эхэлсэн. Өөрөөр хэлбэл, зун нь ган болдог байсан бол намар нь ган болж, өвөл нь хүйтэрч зуд болдог байсан бол хавар зуд болох зэргээр уур амьсгалын өөрчлөлт Монгол Улсад ч идэвхжэжээ.  Тухайлбал, 2013 онд Монгол Улсад нийт 6131 гол горхи тоологдсоноос 5137 нь устай. 2014 онд нийт 5800 гол горхи бүртгэгдсэний 5413 нь устай байсан байна. Харин булаг шандын тухайд 2013 онд нийт 11 мянга 61 тоологдсоноос 10 мянга нь устай. 2014 онд  есөн мянга 718 нь устай байсан байжээ. Энэ нь жил ирэх бүр усны ундарга татарч, гол горхи ширгэж байна гэсэн үг юм. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын сүүлээр Францын Парис хотноо НҮБ-ын  Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн талуудын 21 дүгээр бага хурал болж, “Парисын хэлэлцээр” баримт бичгийг батлан гаргасан. Энэхүү баримт бичгээр дэлхий нийтээрээ цаашид дэлхийн агаарын дундаж температурын өсөлтийг аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад хоёр градусаас доош барьж, 1.5 градуст хязгаарлах шийдвэрийг гаргаж, дэлхийн 120  гаруй улс орон уг саналыг дэмжжээ. Монгол ч тус баримтад нэгдэн орсон байна.

Баримт дурдвал 2011 оноос Ганга нуур ширгэж, 2008 оноос Улз голын ус татарч эхэлжээ. Мөн өнгөрсөн хавар буюу тавдугаар сарын 19 ний өдөр Төвийн бүс нутгаар тав хоног тасралтгүй хүчтэй цасан шуурга шуурч, Төв аймгийн Эрдэнэсант сумын малчид, зам цасанд боогдсон. 2014 оны долдугаар сарын 26-ний 17.00-19.00 цагийн хооронд Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутагт хар салхи салхилж, ширүүн аадар бороо, зургаан сантиметрийн голчтой том мөндөр орсны улмаас нэг хүн нас барсан. Харин Монгол орны нийт мөстөл, мөсөн голын талбайн хэмжээ 1940 оноос 2014 оны хооронд 29.9 хувиар багассан байх юм. Дээрх байгальд сөрөг өөрчлөлтийг зогсоох арга нь  Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 14 хувиар бууруулах. Ингэхийн тулд нэн түрүүнд одоогийн түүхий нүүрсний хэрэглээгээ хязгаарлаж, өндөр технологи ашиглан газ, хийн түлш болгон боловсруулж түлэх шаардлагатай болжээ. Мөн сэргээгдэх буюу нарны энерги, салхины хурдыг ашиглан эрчим хүч гаргах, усан цахилгаан станцуудыг шинээр барьж, ашиглах систем рүү шилжих гэнэ.

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх өөр нэг арга нь чимээгүй явагдаж буй байгалийн солилцолдоо дасан зохицох юм байна. Энэ нь бэлчээрийн газар цөлжиж, ус урссан гол татарч эхэлбэл үүндээ зохицож, гүний худаг гаргах, фермерийн аж ахуйтай болох зэрэг өөрчлөлтийг хүмүүс хийх боломжтой гэсэн үг юм.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна