“Ноцтой мэдээ” баримттай бичиж, нийтэлсэн гэв

2015 оны 12 сарын 18

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнөөдөр өмгөөлөгчдөөрөө дамжуулан “Ноцтой мэдээ” сонины 34 дүгээр дугаарт нийтлэгдсэн “17 жил дарагдсан С.Зориг агсны хэрэг илэрлээ” материал нэр төрд нь халдсан, гүтгэн  доромжилсон, баримтгүй үйлдэл гэж мэдэгдсэн. Улмаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гарган “Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг шалгуулахаар болсон гэсэн юм.

“Ноцтой мэдээ” сонинд нийтлэгдсэн тус материалд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хэргийн газарт байсан, гэмт этгээдүүдийг харсан гэрчийн нэг, тухайн үед өмсөж явсан саарал малгайгаа талийгаачийн гэрт орхисон зэрэг мэдээллийг өгсөн байсан юм.

Харин “Ноцтой мэдээ”  сонины эрхлэгч Б.Галсансүх дээрх мэдээллээ баримтад тулгуурлаж бичсэн гэдгээ манай сурвалжлагчид хэлээд “Худал гэвэл 17 жилийн өмнөх хэргийн гэрч Төв аймгийн хорих ангид хоригдож буй Д.Булгантай очиж уулз. 1998 онд Э.Бат-Үүлийг хорьж, мөрдөн байцаалт авч байсан тухайн үеийн хавтаст хэрэгтэй танилц. Тагнуулын ерөнхий газар болон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос асуу. Дараа нь хэн нь худал ярьсныг тогтоо” гэсэн хариу өглөө.  

Д.УУДАМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна