Хууль зүйн байнгын хороо Баянхонгор аймагт сургалт зохион байгууллаа

2015 оны 12 сарын 18

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат болон Хууль зүйн байнгын хорооны ажлын алба өнөөдөр /2015.12.18/ Баянхонгор аймагт ажиллан, Хууль тогтоомжийн тухай, Нийтийн сонсголын тухай, Эрүүгийн болон Зөрчлийн тухай, Захиргааны ерөнхий хуулиудын талаар олон нийт болон хууль сахиулах байгууллагын, мөн орон нутгийн захиргааны байгууллагын ажилтнуудад сургалт зохион байгууллаа.

Сургалтыг нээж Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ, манай байнгын хороо маш их ачаалалтай ажилласан. Тухайлбал, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн хуулийн шинэчилсэн найруулга, Хууль тогтоомжийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Өршөөл үзүүлэх тухай хууль зэрэг 300 гаруй хуулийн шат шатны хэлэлцүүлгийг хийж, УИХ-аар батлуулсан. Өнөөдөр Баянхонгор аймагт байнгын хорооны ажлын албаны ажилтнуудын хамт хүрэлцэн ирж төрийн албан хаагчдад өдөр тутам хэрэглэгдэх Хууль тогтоомжийн тухай хууль, Захиргааны ерөнхий хуулиудыг тайлбарлан таниулж байгаа нь маш чухал ач холбогдолтой. Тиймээс сургалтад оролцогч Та бүхнийг идэвхтэй оролцож, санал бодлоо солилцоно гэдэгт найдаж байна гэлээ.

Хууль тогтоомжийн тухай хуулийн талаар Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж, Захиргааны ерөнхий хуулийн талаар тус байнгын хорооны зөвлөх П.Сайнзориг нар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Сургалтад оролцогчид дээрх хуулиудын талаар мэдээлэл сонссоны дараа илтгэгчдээс сонирхсон асуултдаа хариулт авч, хэлэлцүүлэг өрнүүлэн, харилцан санал бодлоо солилцов.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна