6.1 их наядын хөрөнгө ил болжээ

Хуучирсан мэдээ: 2015.12.18-нд нийтлэгдсэн

6.1 их наядын хөрөнгө ил болжээ

-ААНОАТ-аар 3.7 их наяд, ХАОАТ-аар 2.2 их наяд, үл хөдлөх хөрөнгөөр 224 тэрбум ил болоод байна-

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хийсэн Ерөнхий сайдын мэдээллээр УИХ-аас баталсан Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн дагуу энэ сарын 18-ны байдлаар 6.1 их наяд төгрөгийн орлого ил болоод байна. Энэ хууль 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хүчин төгөлдөр үйлчлэх бөгөөд энэ хугацаанд иргэн, аж ахуйн нэгж нуусан хөрөнгө, орлогоо үнэн зөвөөр тайлагнавал хуулийн хариуцлагад татахгүй юм.

Ерөнхий сайдын хэлснээр иргэн, хуулийн этгээдээс хуулийн үйлчлэх хугацааг сунгаж өгөх хүсэлтийг олноор ирүүлж буй аж. Гэхдээ Засгийн газар хуульд заасан хугацаанд багтаан боломжийг ашиглахыг уриалж байгаа юм байна.

Дээрх мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Батцогт: Аймаг, суманд уг хуулийн талаарх мэдээлэл дутмагаас хамрагдах боломж хомс, хоцорч байгааг иргэд ярих боллоо. Хуулийн үйлчлэх хугацааг сунгах нь зөв. Сурталчилгаагаа хангалттай хийгээгүйгээс хашаа байшингаа өөрийн нэр дээр болгох, малын тоон дээр ч асуудал гарч байгаа. Сумынхаа татварынханд мэдээлэл өгсөн үү. Ямар алхам хийж байгаа юм бэ. Хугацаа тавибал ямар хугацаа байвал зохимжтой вэ?

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Хугацааг сунгах дохио нь хэрэгжилтэд сөрөг нөлөөлөл үзүүлэх байх. Энэ сарын 31-нээр дуусгавар болно гэдгээр ажиллаж байна.

Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан: Аймаг, сум, Улаанбаатар хотын хэмжээнд сургалт хийсэн. Зарим нэг хүндрэлтэй газар бий, ойлголт нь хөдөөд хоцорч байгаа тал бий. Бүх байцаагчдаа боломжтой нөхцөлөөр нь хангаад өгч байгаа учраас ажиллагаа хэвийн явж байгаа.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: 3.5 их наяд төгрөгийн хөрөнгө орлого ил боллоо гэж байна, өөр хүний нэр дээр бүртгэлтэй байгаад гарсан хөрөнгө, орлого уу. Огт бүртгэлгүй байсан юм уу. Хэд нь өөр хүний нэр дээр шилжсэн байгаа юм бол. Энэ хэмжээгээр эдийн засаг өснө гэх үү.

Хугацааг нь жаахан сунгаад өгчихвөл яасан юм бэ. Нууц нь хадгалагдах уу гээд иргэдийн дунд эргэлзээнүүд бий. Нууц алдагдсан, хүний нэр төрд халдсан юм дуулдахгүй байгаа ч мэдүүлэх болоход цаг хугацаа тулсан юм байх шиг. Наана нь хугацаандаа хэрэгжих ёстой гэдгээр шахаж ажиллах?

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хэд, хэдэн байгууллага хамтарч ажиллах шаардлага гарч байгаа. Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар. Өчигдрийн байдлаар авахад ил болсон хөрөнгө орлого 6.1 их наяд төгрөг болж нэмэгдсэн. Маш их хэмжээний бичиг цаас бүрдсэн, цаана нь бас байна.

Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан: Манайд 224 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэр шинээр бүртгэгдсэн. ААНОАТ-аар 3.7 их наяд, ХАОАТ-аар 2.2 их наяд, үл хөдлөх хөрөнгөөр 224 тэрбум ил болсон. Хуулийн хэрэгжилт арванхоёрдугаар сарын 31 хүртэл гэдгээр хугацаа сунгахгүй гэдгээр бүх хүчээ дайчлаад ажиллаж байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын холбогдох албан тушаалтан: Нийт 72 тэрбум төгрөгийн эд хөрөнгө бүртгэгдсэн. Үүний  24.3 тэрбум нь шинээр бүртгэгдсэн, 53.9 тэрбум нь шилжсэн эд хөрөнгө. Нийт 168 эд хөрөнгө бүртгэгдсэн.

Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Уртнасан: 355 ажил олгогчийн 1.7 тэрбум илэрсэн. 50 мянган аж ахуйн нэгжид харилцах дансаар нь дамжуулан урилга илгээсэн.

Гаалийн ерөнхий газрын дэд дарга: 82.5 тэрбум төгрөгийн хөрөнгө ил болсон. Үүнээс 25.6 тэрбумын барааг гаалийн үнээс бууруулсныг залруулсан. Горим мөн буруу сонгосныг залруулсан.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Ил болсон хөрөнгө орлогын тоо өндөр тоо сонсогдож байна. Тэр болгоны ард албан тушаал авлига хээл явсан байгаа. Юутай холбоотойгоор ийм асуудал үүсэв. Эргэж дүгнэлт хийх зүйл болно. Өнгөрсөн хугацаанд эрх мэдэл албан тушаалаар дамжуулж нийгмийн баялгийг хуваарилах алдаа гарсан. Цөөн хүнд газар, лиценз очсон. Одоо бүгдийг өршөөж байгаа. Тоо гаргаж өгмөөр байна. Хэчнээн хүн боломжид хамрагдаж чадав?

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Ил тодын хуулиар татварын орлого бусад эд хөрөнгө ил болсноос ямар мөн чанарыг илэрхийлж байна вэ гэдгийг араас нь залгаад анализ хийх шаардлагатай болж байгаа. Татварын хуулийг илүү төгс боловсронгуй болгох, аж ахуйн нэгжээ ээлтэй болгох чиглэлээр илүү олон зүйл хийх хэрэгтэй болж байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж