Я.Содбаатар: Хурлын ирцийг АН бүрдүүлэх ёстой

2015 оны 12 сарын 18

УИХ-ын гишүүн, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Я.Содбаатарыг “Онцлох зочин”-оор урилаа.

 

 

-Парламентын үйл ажиллагаа тасалдаж, урагш явахаа байлаа. Ерөнхийлөгч дээр намууд цугларч уулзах хэмжээнд яригдсан энэ “ажил хаялт” хэзээ зогсох вэ. МАН хэзээнээс хуралдаа орох юм?

 

-Нэгд, МАН-ынхан ажил хаялт зарлаагүй. Хоёрт, парламент бол улс төрийн намууд ойлголцож, зөвшилцөж байдаг танхим. Харамсалтай нь, манай УИХ энэ чанараа гээчихлээ. Парламентын засаглалтай орнуудад аливаа асуудлыг хүч түрэн шийдвэрлэдэггүй. Харин ч гал тогоондоо асуудлаа ярьж, парламент дээрээ зөвшилцөж шийдвэрлэдэг. Гэтэл өнөөдөр АН-ынхан бүх асуудлыг хүч түрэн шийдэх гэж оролдож байна. Олонхи ч биш, зүгээр л олон суудалтай нам бүх юмыг бодлогоороо, бодсоноороо явуулах гэсэн нь мухардалд оруулаад байгаа юм.

 

-Тухайлбал, юуг хүч түрээд байна вэ?

 

-Захаас аваад жишээ мундахгүй. Сүүлийнх нь Сонгуулийн хууль байна. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй бүх нам энэ хуулийг өөрчлөх ёстой гэж хамтарч байр сууриа илэрхийлсэн. АН-аас бусад нь шүү дээ. Хамтарч жагсаал хийж, хамтарч хуулийн төсөл өргөн барьж, хамтарч мэдэгдэл гаргаж байна. Парламентад суудалтай, суудалгүй улс төрийн намуудын энэ нэгдлийн эсрэг яваа ганц нам нь АН-ынхан. Бусад намынхаа яриад байгаа зүйлээр ширээний ард тойрч суугаад ярихын оронд, тойрч гүйгээд зугтаад байна. Иймээс л парламент дахь үйл ажиллагаанаас МАН-ын бүлэг завсарлага авч байр сууриа илэрхийлдэг. Энэ бол хуулиар олгогдсон бидэнд байгаа боломж. Боломжоо ашиглаж, АН-аас шаардахыг улс төрийн бусад хүчин ч дэмждэг.

 

-Байнгын хороод ирц бүрдэхгүй хуралдаж чадахгүй байна. УИХ дахь бүлэгт олгогдсон завсарлага авах боломжоос гадна ирцээр бойкотлох нь соёлтой улс төр мөн үү?

 

-Эсрэгээр нь чамаас асууя. Их хурал хэдэн суудалтай билээ, эндээс засаг барьж байгаа намуудынх хэд билээ. Уг нь АН-ынхан хариуцлагатай байвал ирц хүрэхгүйн зовлон байхгүй ш дээ. Ялангуяа дарга цэрэг томилох, албан тушаал хуваах болохоороо АН-ынхан 100 хувийн ирцтэй хуралд оролцдог. Бидэнтэй, бидэнгүй асуудлаа шийдчихдэг. Харин улс орны нийтлэг эрх ашгийн томоохон асуудал хэлэлцэх болохоор тэд байхгүй болчихдог. Ер нь АН их хөрөнгөлөг, мөнгөтэй хүмүүс олонтой нам. Гишүүд нь өвөлдөө Монголд бараг байдаггүй л дээ. Утаанаас, хүйтнээс зугтаад явчихдаг улс. Тэр нь ч ирцэнд нөлөөлдөг талтай. Ард түмэн харж байгаа байх, Ардын намынхан л энэ парламентын ирцийг бүрдүүлж, ачааллыг үүрч яваа. Өмнө нь ч засгийн эрх барих үедээ манайхан л ирцээ бүрдүүлээд ажилладаг байсан. Ирц гэдэг олонхи, олон суудалтай улс төрийн хүчний хариуцлагатай холбоотой. АН энэ хариуцлагаа үүрэх л ёстой.

 

-Парламентыг гацааж байгаа гол зүйл Сонгуулийн хууль болчихоод байна. Энэ хуулийг өөрчлөх шалтгаан, гол үндэслэл нь юу юм бэ?

 

-Эхлээд Сонгуулийн хууль гэж юу вэ гэдгээ бодох ёстой. Сонгуулийн хууль хэн нэгэн нам, хэсэг бүл улстөрчийн эрх ашигт зориулагдаж болохгүй. Энэ бол сонгогчдын эрх ашгийг хамгаалах, тэдний эрх ашигт нийцсэн байх ёстой. Гэвч манай одоогийн хууль энэ чанараа хангаж чадахгүй байна. 2012 оны сонгуулийн дараа санал тооллогын хар машинтай холбоотой ямар олон маргаан гарлаа. Сонгуулийн маргааныг шийдвэрлэсэнтэй холбоотой ямар олон гажиг үүслээ. Энэ гажиг согогыг засах ёстой гэдэг дээр иргэд сонгогчид төдийгүй улс төрийн бүх хүчин санал нэгдсэн. АН ч эхэндээ тийм байсан. Ийм учраас л УИХ дээр Сонгуулийн хуулийг өөрчлөх ажлын хэсэг байгуулж, тэр нь гурван жил ажилласан. Харамсалтай нь, өнөөгийн нөхцөл байдлаа бодож АН улс төрийн зорилгоор Сонгуулийн хуулийг өөрчлөхгүй байна. Цаад санаархал нь ердөө л өөрсдийгөө бодсоных. Өөр шалтгаангүй гэдгийг УИХ-ын дарга, АН-ын даргын гурван жилийн өмнө Сонгуулийн хуулийг өөрчлөх ажлын хэсэг байгуулснаас нь харж болно.

 

-Гэхдээ энэ хуулийн автор нь МАН биз дээ. УИХ-д МАН олонхи байхад энэ хууль батлагдсан, санал тооллогын машин ч танай нам засгийн эрх барих үед шийдэгдсэн зүйл шүү дээ?

 

-2012 оноос өмнө парламентын сөрөг хүчинд нэг том зэвсэг байсан нь хугацаагүй завсарлага авах боломж. Нэг ёсондоо парламентын үйл ажиллагааг гацаах, зогсоох, бүр явуулахгүй байх боломж байсан юм. Тийм учраас 2011 онд Сонгуулийн хуулийг хэлэлцэж байхад Ардын намын эрх ашиг, бодлого хуульд туссан гэвэл ёстой худлаа. Бид АН болон улс төрийн бусад хүчинтэй ширээний ард сууж байгаад л энэ хуулийг баталсан. Батлахдаа харин хэн нэгэн нам гэхээс илүүтэй Монгол Улсын нийтлэг эрх ашиг аль талдаа байна вэ гэдгийг харсан. Олонхийн хувьд бид хүсээгүй ч гэсэн гаргасан шийдвэрүүд бас бий. Яагаад гэвэл, АН завсарлага аваад парламентыг гацаадаг байсан. Дөрөвхөн жилийн өмнөх тэр үйл явдлыг санах хүмүүс нь санаж байгаа биз ээ. 2008 оны сонгуулийн дараа долдугаар сарын 1-ний хар үйл явдал болчихсон, сонгогчдын санал тоологдохдоо маргаан дагуулсан гэсэн хардлага их байсан. Иймээс автомат машин хэрэглэе гэсэн юм. Гэхдээ өнөөгийнх шиг программтай машин хэрэглэнэ гэж хууль анхнаасаа гараагүй гэдгийг тодотгоод хэлчихье.

 

-Тэр нь юу гэсэн үг вэ. Ямар машин хэрэглэнэ гэж гарсан юм бэ?

 

-Анх бол зөвхөн саналын хуудсыг сортолдог машин гэж хууль батлагдсан. Дээр нь хүчинтэй, хүчингүйгээр нь гараар ялгахаар заалттай. Одоо ч хуулийн энэ заалт хүчин төгөлдөр байгаа. Өөрөөр хэлбэл, хүний хүчин зүйлээс хол санал тоолдог байх нь дахин долдугаар сарын 1-нийг давтуулахгүй байх нөхцөл гэж хууль гарсан. Харамсалтай нь, техник сонгох үед шал өөр процесс өрнөчихсөн л дөө. З.Энхболд тэргүүтэй хүмүүс тухайн үеийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр СЕХ руу дайрч, СЕХ-г АТГ-т өгсөн. Ийм үйл явцууд өрнөж, эцэстээ программгүй, иргэдийн өмнө санал нь ил тод байдаг машинаа больж, одоогийн программтай, программаар нь дүнд нөлөөлж болохуйц машиныг оруулж ирсэн. Үүнээс болж санал нь үнэн бодитой гарч байгаа эсэхэд ард иргэд эргэлзэж, улс төрийн намууд тээнэгэлздэг болсон.

 

-Одоо тэгээд МАН яг яах ёстой гээд байгаа юм бэ?

 

-МАН болон улс төрийн бусад нам Сонгуулийн хууль дээр дөрвөн санал л тавьж байгаа. Эхнийх нь санал тоолохтой холбоотой зохицуулалт. Ерөөсөө автомат машинаар тоолохгүй гэж бид яриагүй ш дээ. Саналыг автомат машинаараа 100 хувь тоолъё. Харин үүнийгээ нэг удаа 100 хувь гараар тоолж баталгаажуулъя гэж байгаа юм. Тэгж машинаа хар сэргүй болгоё. Учир нь, дэлхийд сонгуулийн хакер гэдэг үзэгдэл гарч ирсэн. Программ хангамжаар сонгуулийн дүнд нөлөөлж байгааг олон улсад судлаад тогтоочихлоо ш дээ. 1990-ээд оны эхээр АНУ-д Буш, Алберт Горын сонгуулийн маргаанаас хойш программтай машинаар санал тоолбол гаднаас бодитоор нөлөөлж болдог юм байна гэдгийг олон улс хүлээн зөвшөөрсөн. Олон тохиолдол бүртгэгдсэн, судлагдсан. Иймээс машинаа хар сэргүй л болгоё гээд байгаа юм. Үнэхээр л “но”-гүй юм бол яагаад давхар гараар тоолохоос айгаад байгаа юм бэ. Бид ганц гараар тоолъё гээгүй, машинаар тоолчихоод гараар давхар тоолж баталгаажуулъя л гэсэн. “Но” гарахгүй бол үүнээс хойш аль ч нам нь юм хэлэхгүйгээр автомат машинаа хүлээн зөвшөөрөөд явъя. Үгүй бол энэ үл итгэсэн байдал мөнхийн сэдэв болно. Магадгүй 2016 оны сонгуулийн дараа АН ялагдчихаад программ руу чихэж магадгүй ш дээ. Ялагдсан тал нь ялагдлаа машин руу чихэж, энэ байдал мөнх үргэлжилбэл юу болохыг бодоод үзээрэй.

 

-Автомат машины дүнд эргэлзэх юм байхгүй гэдгийг АН олон удаа мэдэгдсэн. 2012 оны УИХ, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар хяналтын тооллого хүртэл хийсэн биз дээ?

 

-Автомат машинд “но” байж болох хоёр, гурваар тогтохгүй жишээ бий. Санаж байвал 2012 оны сонгуулийн дараа улс төрийн намууд энэ бүхнийг ил дэлгэж, асуудал босгож байсан удаатай. Миний бие МАН-ыг төлөөлж тэр хэвлэлийн бага хуралд оролцож байсан хүн. Намууд тодорхой зүйлээр санал нэгдсэн. Нэгд, программ хангамжид тохируулга хийх нэрээр АНУ-ын иргэд сонгуулиас хоёр хоногийн өмнө ирж ажилласан. Үүнийг бүгд мэдсэн. Хоёрт, программ хангамжтай машин хэрэглэж байгаа тохиолдолд заавал олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитаар программ хангамжийг нь баталгаажуулдаг. Түүнд нь бас тухайн орны холбогдох хүчний байгууллагууд баталгаа гаргаж өгдөг олон улсын жишиг бий. Энэ юм манайд хийгдээгүй. Яагаад гэхээр, автомат машин зарсан АНУ, Канадын компани “Оюуны өмч” гээд программаа үзүүлээгүй. Тэгэхээр хорт код суулгасан байх магадлалтай гэсэн үг. Хяналтын тооллогын тухайд тойрог болгон дээр хоёр хэсэгт хийсэн юм. Хамгийн сонирхолтой нь, хоёр хэсгээ шодохдоо санал авахаас өмнө тодруулчихсан. Тэгэхээр бэлдчихсэн газраа хянасан байхыг үгүйсгэхгүй.

 

-Бүх хэсгийн хороон дээр машин, гар тооллогын дүн хоёр зөрөөгүй биз дээ?

 

-Зарим шодолтыг үгүйсгээд сонгуулийн дараа зарим шодолт хийсэн. Тэгэхэд тэр газруудад бүх дүн зөрсөн. Гэхдээ тухайн үед СЕХ юу гэж шийдсэн гэхээр зөрсөн тоо нь хоёр өрсөлдөгчийн саналын нийт тоонд нөлөөлөхүйц биш байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, зарим хэсэгт нэгээр, заримд нь таваар, 5000 сонгогчтой хэсэг дээр 10-аар ч юм уу зөрсөн. Хоёр нэр дэвшигчийн нийт саналын зөрүү 2000-3000 байхад 20-30 санал автомат машин алдахад асуудалгүй гэж үзсэн. Энэ бүгд баримттайгаа байгаа. Үүнээс гадна машин цагтаа хаагдаагүй саналын хуудас уншсан тохиолдол ч нэг бус газарт гарсан. “Но”-той байж болох бас нэг баримт бол намын санал дээр гарсан. Зарим намын авсан санал Монгол Улсын хэмжээнд яг адилхан хувьтай гарсан. Яаж ч бодсон бүх хэсэг дээр ижил хувь авна гэж байх уу. Логикийн хувьд алдаатай бас нэг зүйл бол нам нь нэгээр гарч ирж байхад нэр дэвшигч нь 6-7-д орсон. Үнэхээр тэр нам тасархай нэгээр гарч байгаа бол тухайн намын нэр дэвшигч ялдаггүй юм гэхэд 2-3-аар гарна ш дээ. Намын нэр хүндээ дагаад нэр дэвшигчийн рейтинг ч өсдөг. Ийм байдал хамаагүй зөрсөн. Иймээс л гараар давхар тоолоод баталгаажуулъя гээд байгаа юм. Сая Киргизстан улс автомат машин ашигласан байна лээ. Өмнө нь дандаа сонгуулийн дараа маргаан гардаг байсан энэ улс 100 хувь машинаар тоолоод, үүнийгээ 100 хувь гараар тоолж баталгаажуулсан. Тэгээд сонгуулийн үр дүнгээ бүгд хүлээн зөвшөөрсөн. Үүн шиг манайх нэг удаа дүнгээ тулгачихад юу нь болохгүй байгаа юм бэ.

 

-Сонгуулийн хууль дээр ойлголцохгүй байгаа дөрвөн зүйл байгаа гэсэн. Бусад нь юу вэ?

 

-Нөгөө гурав нь тогтолцоо, орон нутгийн сонгуулийг хамт явуулах, тойрог, хэсгийн хороодыг хэрхэн байгуулах тухай байгаа. Тогтолцооны хувьд Ардын нам аль болох хүн сонгодог хэлбэр рүүгээ явъя гэсэн. Яагаад гэвэл, ард иргэд 2012 оны сонгуулийн дараа намын жагсаалтаар сонгогдсон хүмүүсийг үгүйсгэх, үл хүлээн зөвшөөрөх хандлага гарах болсон. Тиймээс хүнээ сонгодог тогтолцоо руу оръё, 48:28-аараа явлаа ч 28-даа хүн сонгодог байдлаар явъя гэж байгаа юм. АН бол одоогийнхоороо, “Шударга ёс” эвсэл 38:38 болгоё гэсэн. Хоёрт, АН-ынхан орон нутаг, УИХ-ын сонгуулийг хамт хийе гээд байгаа. Онол агуулгын хувьд ингэж болохгүй юм. Нэг нь иргэдийн, нөгөө нь улс төрийн сонгууль. Нөгөөтэйгүүр, сонгуулийн дүн гарахгүй удвал нийгмийн эмх замбараагүй байдал руу явчихдаг. Ялагдсан хүмүүс аль ч нам байсан ялгаагүй ууртай үлддэг. УИХ-д нэг сонгуулиар 300 гаруй хүн нэр дэвшиж 76 нь л гишүүн болдог. Орон нутгийн сонгуульд бол хэдэн мянган хүн оролцож байгаа. Энэ сонгуулиудыг нэг дор явуулснаар ялагдсан хүмүүсийн тараах буруу, зөрүү ойлголт нийгмийг эмх замбараагүй байдал руу оруулчих вий гэсэн эмзэглэл байна. Цаана нь Монгол Улсын аюулгүй байдлын асуудал хөндөгдөнө. Түүнээс УИХ, орон нутгийн сонгууль хамт явбал явна л биз.

 

-Тойрог, хэсгийн хороодын тухайд...?

 

-Одоо бол тойрог, хэсгийн хороодыг дан төрийн албан хаагчдаас бүрдүүлж байгаа. АН-аас бусад улс төрийн хүчин 70 хувьд нь намуудын төлөөллийг оруулъя гэсэн. Энэ дөрвөн асуудлаар л ойлголцчихвол Сонгуулийн хууль батлагдах боломжтой. Бусад бүх асуудлаар намууд байр суурь ойролцоо байгаа. Мөнгөний хүчин зүйлийг багасгая, сонгуулийг бага зардлаар явуулъя ч гэдэг юм уу.

 

-Сонгуулийн хуулийг батлах ёстой хугацаа тулчихлаа. Үлдсэн хугацаанд өөрчилж чадахгүй бол яах вэ?

 

-Хуучин хуулиараа л явна.

 

-Улс төрийн алхам юу байх вэ. МҮАН-ын генсек МАН-тай хамтарч хийсэн хэвлэлийн бага хурал дээрээ энэ хуулийг өөрчилж чадахгүй бол улс төрийн 21 нам нийлж УИХ-ын дарга З.Энхболдыг огцруулах асуудлыг хөндөнө гэж мэдэгдсэн шүү дээ.

 

-Улс төрийн ямар алхам хийхээ тухайн үед намууд өөр өөрсдийнхөөрөө тодорхойлох биз. Би хувьдаа тийм байдал руу орохгүйгээр хуулиа гаргаасай гэж бодож байна. Яагаад гэвэл, одоогийн хууль болохгүй байгааг АН ч өөрөө хүлээн зөвшөөрсөн. Өөрийнх нь нэр бүхий гишүүд Сонгуулийн хуулийг өөрчлөх төсөл санаачилчихсан яваа. Ийм санаачилга улс төрийн бүх хүчнээс гарсан байхад үл ойшоох нь эргээд дараагийн парламентад итгэх итгэлийг сулруулна. Дахиад үргэлжилсэн маргаан, үл ойлголцол үүснэ. Нэг зүйл тодруулж хэлэхэд, Сонгуулийн хуулийг батлах хуулийн сүүлчийн хугацааг хүмүүс нэгдүгээр сарын 1 гээд байгаа. Би хувьдаа өнөөдрийн мөрдөж буй хуулиа харсан ч үүнээс цаашаа боломж байгаа гэж боддог. Одоогийн хуульд сонгуулийг зургадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр явуулна гэчихсэн. Тэгэхээр зургадугаар сарын 15-наас урагш 180 хоног тоолбол нэгдүгээр сарын 10 хүртэл хууль өөрчлөх боломж бий.

 

МАН нэр дэвшигчдээсээ дэнчингийн мөнгө авахыг үгүйсгэхгүй

 

-Сэдвээ өөрчилье. Сая МАН-ын Бага хурал боллоо. Энэ хурал ээлжит нэг хурал байв уу, эсвэл томоохон шийдвэр гаргах хурал уу. Гадна талаас харахад том шийдвэр гарсангүй. Ямар үр дүнтэй хурал болов оо?

 

-МАН-ын Бага хурлын III хуралдаан ач холбогдол өндөртэй болсон. Улс төрийн ууган хүчний хувьд 2016 оны шат шатны сонгуульд орох бэлтгэлээ хангасан, намын дотоод эв нэгдлээ баталгаажуулж, боловсон хүчний бодлогоо тун ойлгомжтой болгосон. МАН-аас сонгуульд нэр дэвшүүлэх журам, намын санхүүжилтийн журмаа шинэчилсэн. Нэлээд ажил хэрэгч хурал болсон. Гэвч манай ард иргэдийн зарим хэсэгт, тэр тусмаа хэвлэлийнхэнд бол сенсаацтай хурал болоогүй. Яагаад гэвэл, төрийн ажил сенсаац хөөж болдоггүй. Үүн шиг улс төрийн нам ч сенсаац хөөх ёсгүй. Илүү тооцоо судалгаатай, илүү ойлголцож ажиллах учиртай. Ер нь бол төрийн ажил амаргүй, зарим хүний ойлголтоор “залхуутай”. Гэхдээ зайлшгүй хийх ёстой, залгамж чанараа барих ёстой ажил байдаг. Сүүлийн үед манайд энэ тал орхигдчихоод байгаа. Нэгийгээ огцруулна, солино, фракцлана л гэдэг болж. Аливаа хурлаас нийгмийг доргиосон огцом шийдвэр хүлээдэг болчихож. Тэр талаас нь харвал МАН-ын Бага хурал “сонирхолгүй” болсон. Яг утга агуулгаас нь харвал маш амжилттай хурал боллоо. Яагаад гэвэл, улс төрийн намын хувьд үндсэн гол баримт бичгүүд болох журмуудаа шинэчилсэн. Удирдах зөвлөлөө 10 хүнээр өргөтгөж, намын дэргэдэх байгууллагууд болон өмнө нь МАН-ыг удирдаж байсан хүмүүсээ орууллаа.

 

-Энэ хурлаас хүлээж байсан зүйл бол МАН, МАХН-ын нэгдлийн асуудал байсан. Гэвч энэ талаар тоймтой шийдвэр гарсангүй. Ирэх сонгуулиас өмнө МАН, МАХН нэгдэхгүй юмаа гэхэд эвсч орохгүй бол хэцүү биш үү?

 

-МАХН бол Улсын дээд шүүхэд 19-д бүртгүүлсэн улс төрийн шинэ хүчин л дээ. Энэ намтай харилцах харилцааны асуудал бол хоёр намын хамгийн чухал асуудал болоод байгаа. Сүүлийн үед явагдсан хэд хэдэн сонгуулийн дүнг харахад МАХН бодитоор Ардын намын саналыг хувааж байгаа нь үнэн. МАХН-ын нийт гишүүдийн тодорхой хувийг Ардын намын угшилтай хүмүүс эзэлж байгаа нь ч үнэн. Ийм учраас хоёр нам хамтарч ажиллах ёстой гэсэн байр суурийг сонгогчдын зүгээс ч, намын гишүүдийн зүгээс ч илэрхийлж байгааг хүндэтгэлтэй авч үзэх ёстой. Ер нь МАН өөрөө ууган, хариуцлагатай улс төрийн хүчний хувьд аливаа улс төрийн нам болон иргэний нийгмийн байгууллагуудтай бүх талаар хамтарч ажиллах ёстой. Зөвхөн МАХН биш бусад намтай ч сонгуульд нэгдэж орох эсэхийг судлах ёстой. Ижил үнэт зүйлтэй, ойролцоо чиг баримжаатай намууд эвсэж, нэгдэж орох нь нээлттэй. Энэ утгаараа МАХН-ын асуудал нээлттэй байгаа.

 

-Та хувьдаа ямар байр суурьтай байдаг вэ. Хувь хүний хувьд?

 

-МАХН-тай сонгуульд эвсэж орно гэдэг бол дараа дараагийн төрийн үйл ажиллагаанд сөрөг үр дагавар гарах вий гэж эмзэглэж байгаа. Ийм учраас эвсэж биш, нэгдэж орох чиглэлд улс төрийн хоёр намын удирдлага, шат шатны байгууллага анхаарч ажиллаасай л гэж боддог. 1990 оноос хойш сонгуулийн өмнөх эвслийг олон нам хамтарч байгуулж үзсэн. Үр дүнтэй эвсэл ховорхон байсан. Эвсэж орчихоод нэгийгээ шантаажилдаг, эсвэл эвслээ задалдаг. Эвсэж орчихоод үйл явцын дунд янз бүрийн гэнэтийн санаа оноо үүсдэг. Энэ нь тухайн намын л асуудал юм шиг боловч засгийн эрх авсан эвслийн тухайд төрийн зовлон болж хувирдаг. Ийм учраас төрд хар сүүдэр нь тусдаг. Тиймээс сонгуулийн өмнө эвсэж орох биш, үнэхээр үнэт зүйл нь ижил бол, үзэл баримтлал нь ойролцоо бол нэгдэж орох нь зөв.

 

-МАН боловсон хүчний бодлогодоо өөрчлөлт орууллаа гэлээ. Бас санхүүжилтийн журмаа шинэчилсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Ирэх сонгуульд нэр дэвшихээр горилогчдоосоо МАН 300 сая төгрөгийн дэнчин авч байгаа гэсэн мэдээлэл явж байна лээ. Үнэхээр ингэж журамласан юм уу?

 

-Улс төрийн нам бол төрийн боловсон хүчнийг бэлддэг бааз суурь. Ийм учраас МАН боловсон хүчнийг сонгох журамдаа томоохон өөрчлөлт хийсэн. Найз нөхдийн, фракцын, улс төр, эдийн засгийн бүлэглэлээс боловсон хүчний бодлогоо хол байлгах, эсрэгээрээ олон түмэнд, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, төрийн ажилд зүтгэе гэсэн ёс суртахуунтай хүмүүсээ гаргаж ирэх асуудлыг журамдаа нарийвчилж тусгасан. Ардын намыг шүүмжилдэг нэг зүйл бол боловсон хүчин. Төрийн мөнгө идсэн, уусан гэсэн шүүмж явдаг. Том нам учраас, олон мянган гишүүнтэй болохоор янз бүрийн юм гардаг байх. МАН айл гэж бодвол ганц, хоёр сахилгагүй хүүхэд байна л даа. Тэр сахилгагүй ганц, хоёр хүүхдээс болоод нийт намын нэр хүнд унадаг, төр түшилцэж яваа нам учраас дагаад төрийн нэр хүнд унадаг тохиолдол гарсан. Тийм учраас бид алдаагаа ухамсарлаж, боловсон хүчний бодлогодоо хатуу шалгуур босго тавьж өгсөн. Санхүүжилтийн тухайд бол одоохондоо тийм юм байхгүй. Улс төрийн намын хуульд байгаагаар бол санхүүжилтээ хэрхэн бүрдүүлэх нь тодорхой заалттай. Явж ирсэн жишгийг харвал, АН гэхэд сонгуулиар нэр дэвшигчдэдээ босго тавьж тодорхой хөрөнгө босгож байсан. 2008 онд МАН ч бас мөнгөн босго тавьж байсан удаатай. Яг өнөөдрийн байдлаар МАН нэр дэвшигчиддээ тодорхой мөнгөн босго тавиагүй. Сая баталсан санхүүжилтийн журамд ч энэ асуудал ороогүй. Магадгүй сонгуулийн сурталчилгаа хийхэд хөрөнгө мөнгө хэрэгтэй болох нь ойлгомжтой. Тэр үед мөнгөн босго тавих шийдвэр гарахыг үгүйсгэхгүй.

-Бага хурал дээр намын даргын улс төрийн илтгэлийг хэлэлцсэн байх аа?

 

-Тэгсэн, өнөөгийн улс төрийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн намын даргын илтгэлийг авч хэлэлцсэн.

 

-Өнөөгийн улс төрийн байдлыг юу гэж дүгнэв. Ч.Сайханбилэгийн Засгийн газарт ямар дүгнэлт өгч байгаа вэ. Г.Уянга гишүүний Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан хүн танай нам дотор цөөнгүй байгаа биз дээ. Гэхдээ үлдэж байгаа зургаан сарын хугацаанд Засгийн газрыг өөрчлөх хэрэг байгаа юу?

 

-Хэрвээ хариуцлагагүй ажиллаад, улс орны язгуур эрх ашигт хохирол учруулахуйц шийдвэр гаргавал Засгийн газартай хэдийд ч хариуцлага тооцох асуудал байх ёстой. Сонгууль болох гэж байгаа юм, будлиантай ч гэсэн үлдсэн зургаахан сард ажиллаг гэж болохгүй л дээ. Алдаа гаргасан бол түүнийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой. Тэр утгаараа Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх цаг болсон. Гэхдээ Ч.Сайханбилэгийн Засгийн газар бүрэн дүүрэн ажиллаж чадаж байна уу, үгүй юү. Хамтарч яваа нөхөд нь хажуунаас нь хутгалаад, явж байгаа машиныхаа зарим араа шүдийг зогсоогоод байна уу. Жолоон дээр нь сууж байгаа намын дарга нь ажлыг нь хийлгэхгүй гацаагаад байна уу гэдгийг авч үзэх ёстой. Өнөөдөр бол Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг машинтай зүйрлэвэл мотор нь 30 хувьтай л ажиллаж байна. Засгийн газарт нь хамтарч байгаа нөхөд нь 30 хувийг гацааж, бүлэг дотроосоо болон намынх нь удирдлага 40 хувийг гацааж байна. Тийм учраас энэ машин өнөөдөр моторынхоо 30 хувиар л ажиллаж байна даа. Энэ нь өөрөө намын доторх хэрүүл, эвслийн доторх маргаан юм шиг боловч том утгаар нь үзвэл Монгол Улсад л хохиролтой.

 

-Бүрэн хүчин чадлаараа ажиллах гээд Н.Энхбаяр даргыг Шадар сайд болгох гэж байгаа юм биш үү?

 

-Аливаа улс төрийн хүчин хэнийгээ сайд болгох, хэнийгээ нэр дэвшүүлэх нь бүрэн эрхийнх нь асуудал. Гэхдээ Монгол Улсын өнөөгийн хуулийн хүрээнд асуудал шийдэгдэх ёстой. Хүчин төгөлдөр хуулийн хүрээнд Н.Энхбаярыг Шадар сайдаар томилж болох уу л гэдэг нь асуудал юм даа. Өөрөөр хэлбэл, нэр дэвшүүлэх эрх нь намын асуудал боловч томилуулах эрх нь Ерөнхий сайдын Үндсэн хуулиар олгогдсон эрх мэдэл. Хэрэв томиуулъя гэвэл хуулийн дагуу томилуулахаас хууль зөрчиж томилуулж болохгүй.

 

-Буцаад намтай холбоотой асуудал руу оръё. Та МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн. Сая Бага хурлаар баталсан журмын өөрчлөлтөөр УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээ яаж тодруулахаар болсон бэ. Жишээ нь, намын жагсаалтад бичигдсэн хүн хоёр дахиа бичигдэх үү?

 

-Монгол Улсын хуульд болон намын холбогдох дүрэм, журамд дахин жагсаалтаар нэр дэвшиж болохгүй гэсэн зүйл байхгүй. Энэ бол тодорхой намын бодлогын хүрээнд явна. Мөн өмнө нь жагсаалтад орсон хүмүүсийн ёс зүйгээр зохицуулагдах асуудал.

 

-Та жишээ нь жагсаалтад дахин орох уу. Эсвэл тойрогт, Өвөрхангайд нэр дэвших үү?

 

-Хуулиараа тавдугаар сарын сүүлчээр нэр дэвшигчид тодрох ёстой. Тэр үед намууд холбогдох шийдвэр гаргах хурлуудаа хийж нэр дэвшигчдээ тодруулна. Тэр хүртэл хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгээ намууд дотроо судална. Манай нам бол анхан шат, дунд шатны байгууллагуудаар хэлэлцүүлэг зохион байгуулахаар журмаа баталсан. Нэгдүгээр сараас эхлээд намын гишүүд дунд хэлэлцүүлэг зохион байгуулна. УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймагт нэр дэвшиж болох МАН-ын боловсон хүчин хангалттай бий. Би хувьдаа Өвөрхангай аймагт нэр дэвших бодолтой байгаа. Сайд байсан С.Чинзориг, Н.Төмөрхүү, аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан гээд нэр дэвшиж болохуйц бэлтгэгдсэн боловсон хүчин бий. Гэхдээ сонгуульд нэр дэвшинэ гэдэг хувь хүний шийдэл гэхээс илүүтэй улс төрийн намын хамтын шийдвэр байдаг. Нэг талдаа хувь хүн өөрөө сонгуульд нэр дэвшье гэж болох ч, МАН шиг том бүтэцтэй намд дэвшинэ гэснээрээ дэвшиж болдоггүй. Шат шатны намын байгууллага юу гэж үзэх вэ, боловсон хүчнээ хэнийг дэвшүүлж, хэнийг авч үлдэж Засгийн газарт оруулах, хэнийг орон нутагт ажиллуулах вэ гэдэг бол намын боловсон хүчний бодлогын цөм асуудал. Энэ утгаараа өнөөдөр хэн нэгэн хувь хүн байр сууриа хатуу илэрхийлэх боломжгүй.

 

-Нэгэнт Өвөрхангай гэж ярьсных танаас асуух зүйл байна. Саяхан Хархоринг хот болгох яриа гарч, Ерөнхийлөгчийн Тамгын газраас хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ талаар танд мэдээлэл байна уу?

 

-Энэ онд олон чухал ой давхцлаа. Нэг нь Хархорин хот буюу Их Монгол Улсын нийслэлийн 795 жилийн ой тохиож байгаа юм. Анх 1920 онд эзэн Чингис хааны зарлигаар Их Монгол Улсын нийслэл хотоор зарлаж, тухайн үедээ Хархоринг дэлхийн нийслэл гэж нэрлэсэн түүхтэй. Чингис хааны энэ зарлиг 1346 онд чулуун дээр сийлж үлдсэн нь ч бий. Таван жилийн дараа 800 жилийн ой нь тохионо. Энэ ойг тэмдэглэх комисс байгуулагдсан. Комиссоос саяхан Төрийн ордонд Ерөнхийлөгчийн ивээл дор эрдэм шинжилгээний бага хурал хийсэн юм. Түүгээр хоёр үндсэн сэдвийг хөндсөн. Эхнийх нь Хархорин хотод хийгдсэн түүх археологийн судалгааны мэдээлэл, нөгөө нь Хархорин руу нийслэлийг шилжүүлэх, тэнд хот босгох асуудлаар мэргэжлийн байгууллагууд хийсэн судалгаагаа танилцуулсан.

 

-Хархорин руу нийслэлийг нүүлгэх яриа бол эртнээс гарсан биз дээ. Энэ удаад юу хөндөгдөв?

 

-2005 онд Хархорины 790 жилийн ойгоор УИХ-аас ажлын хэсэг байгуулагдаж, тэнд жишиг хот байгуулах талаар ярьж байсан юм. Хархоринд хот босгох ТЭЗҮ-ийг ч боловсруулж эхэлсэн. Тэр ажлын хэсгийн хүрээнд Газар зүйн хүрээлэн, Үндэсний хөгжлийн хүрээлэн, Түүх археологийн хүрээлэн зэрэг олон байгууллага чиглэл чиглэлээрээ Хархоринд судалгаа хийсэн. Тэнд хэдэн мянган хүнтэй хот байгуулж болох юм, хөрс нь, ус нь ямар байгаа вэ. Агаар нь яах вэ, дэд бүтэц нь яах вэ гээд төрөл бүрийн судалгаа хийсэн. Ер нь бол XXI зууны Монгол Улсын нэг нийслэл байх боломж Хархоринд бий. Өнөөдрийн тухайд төрөөс шийдвэр гаргаад төрийн захиргааны зарим чиг үүргийн байгууллагыг шилжүүлж экологийн, төрийн захиргааны төв болгох боломж байгаа гэж бид үзсэн. Монгол угсаатан, монгол аймгууд Хархоринд нийтдээ 9 удаа нийслэлээ байгуулж, засаг захиргааны төв тэнд 300 гаруй жил төвлөрч байсан түүхтэй. Тэр утгаараа түүхэн талаасаа ч, газар зүйн байршил талаасаа ч, нийгэм эдийн засгийн хандлага талаас нь судалсан ч хот болох боломжтой. Ер нь бол Монгол Улсад өнөөдөр нэг төвт хүн амын төвлөрөл явж ирлээ. Бүгд л хот руу нүүж байна. Өдөр бүр Улаанбаатар хотод шилжин ирж байгаа хүний тоо дунджаар 85-аар нэмэгддэг гэсэн тооцоо бий. Өөрөөр хэлбэл, өдөрт 20-иод айл Улаанбаатарт бууж байна гэсэн үг. Ийм механик өсөлтийн үед түгжрэл, агаарын бохирдол байсаар л байх болно. Тиймээс ямар нэгэн шийдэл гаргах цаг нь болсон. Тухайлбал, бусад орны жишгээр зоригтой шийдвэр гаргаж хүн амын төвлөрлөө хоёр, эсвэл гурван төвт хэлбэр рүү шилжүүлэх хэрэгтэй байгаа юм. XX зууны сүүлийн хагасаас хойш 44 орон нийслэлээ өөр газар руу шилжүүлсэн, эсвэл хоёр, гурван төвтэй хөгжлийн загвар руу орсон байдаг. Хамгийн сүүлд Казахстан нийслэлээ шилжүүллээ. Тэгэхээр 300-400 мянган хүн амтай төрийн захиргааны, экологийн, түүх соёлын төвийг Хархорин хотод байгуулах боломжтой гэж харж байгаа.

 

Ч.ГАНГЭРЭЛ

ЭХ СУРВАЛЖ: АРДЫН ЭРХ