Гааль, татвар хоёрыг нэгтгэх зохицуулалтыг хийв

Хуучирсан мэдээ: 2015.12.18-нд нийтлэгдсэн

Гааль, татвар хоёрыг нэгтгэх зохицуулалтыг хийв

УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж, хэлэлцсэн асуудлаа оруулж ирснээр чуулганы нэгдсэн хуралдаанаар Гааль татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 89.1 хувийн саналаар дэмжин баталлаа.

УИХ-аас 2016 оны нэгдсэн төсвийн хуулийг батлахдаа Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрыг нэгтгэх шийдвэр гаргасан юм. Үүнтэй холбоотойгоор хоёр газрын үйл ажиллагааг нэгтгэх зохицуулалт дээрх төсөлд тусчээ.

Татвар болоод Гаалийн ерөнхий газар нь 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нэгтгэгдэнэ. Тиймээс УИХ дээрх хуулийг баталснаар хоёр агентлаг нэг болж ажиллахад саадгүй болж буй аж. Мөн Сангийн сайдын тайлбараар бол хоёр агентлаг нэгдэхэд 100 орчим хүн ажлаасаа чөлөөлөгдөх юм.

Энэ асуудлыг шийдсэнээр УИХ чуулганы Баасан гаригийн нэгдсэн хуралдаан өндөрлөсөн.

Онцлоход, УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан товлосон хугацаанаасаа нэг цаг орчмоор хоцорч эхлэн Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн төслийн хэрэгжилтийн талаар Ерөнхий сайдын мэдээлэл сонслоо.

Мөн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр баталсан бол  Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж