Байгал нуур бохирдож эхэлжээ

2015 оны 12 сарын 19

ОХУ-ын Байгаль нуур 30 мянга гаруй шоо дөрвөлжин километр талбайтай, дэлхийн хамгийн том цэнгэг нууранд тооцогддог. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд Байгаль нууранд үйлдвэрийн хаягдал ус цутгаж, үүнээс үүдэлтэйгээр хортой замаг ургах нь ихэсчээ. Германы судлаачид нуурын гүнээс авсан усны дээжинд хийсэн шинжилгээгээр далайн хөвөн гэх ус цэвэрлэдэг амьтны тоо толгой эрс цөөрснийг тогтоожээ.

Далайн хөвөн өдөрт дунджаар 20 литр ус цэвэршүүлэх хүчин чадалтай, иймээс нуурын усыг цэнгэг байлгахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн юм. Мөн Иркутскийн нуур судлалын хүрээлэнгээс явуулсан судалгаагаар, Байгаль нуурын ихэнх хэсэгт Спирогира гэх ногоон замаг тархсныг илрүүлсэн байна. Тус нуур дэлхийн цэнгэг усны нийт нөөцийн тавны нэгийг агуулдаг байна. Экологийн дахин давтагдашгүй тогтоц бүхий Байгаль нуурыг Шинжлэх ухааны судалгаанд чухал ач холбогдолтой гэж үзэн, Дэлхийн өвд бүртгэсэн байдаг. Иймээс Байгаль нуурын цэнгэг байдлыг хамгаалж, биологийн төрөл зүйлүүд устан үгүй болохоос сэргийлэх яаралтай арга хэмжээ шаардлагатай байгааг эрдэмтэд анхааруулж байна.

У.УНДРАЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна