Говь-Алтай аймгийн зургаан суманд өвөлжилт хүндэрчээ

Хуучирсан мэдээ: 2015.12.19-нд нийтлэгдсэн

Говь-Алтай аймгийн зургаан суманд өвөлжилт хүндэрчээ

Хөдөө орон нутагт өвөлжилт хүндрэх магадлалтай байгааг Онцгой байдлын Ерөнхий газраас сануулж байгаа. Увс аймгийн нийт нутгаар цасны зузаан 30 см тогтсоныг тус аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд хэлсэн. Тэгвэл Говь-Алтай аймгийн тухайд өвөлжилт ямар байгааг тус аймгийн Засаг дарга О.Амгаланбаатараас тодруулаа.

-Говь-Алтай аймагт өвөлжилт ямар байна вэ?

-“Өнгөрсөн зун тус аймгийн 80 гаруй хувьд нь зуншлага сайн, 10 хувьд нь гандуу, 10 хувьд нь гантай байсан. Манай аймаг нийтдээ 18 сумтай. Өнөөдрийн байдлаар зургаан суманд өвөлжилт хүндрээд байна. Тодруулбал Дэлгэр, Эрдэнэ, Цогт, Есөнбулаг, Халиун, Шарга суманд өвөлжилт хүндэрч, цасны зузаан 10-40 см байна. Бэлчээрийн даацын хувьд 45 хувь нь хүрэлцээтэй, 55 хувь нь хүрэлцээгүй байгаа юм. Өвс, тэжээлийн хувьд аймгийн хэмжээнд 6688 тн өвс, 468 тн тэжээл, харин аюулгүйн нөөцөд 160 тн өвс, 30 тн тэжээл, сумын аюулгүйн нөөцөд 730 тн өвс, 182 тн тэжээл бэлтгэсэн” гэлээ.

Дашрамд дуулгахад тус аймгийн хэмжээнд 332967 толгой малыг зах зээлд борлуулах тооцоо судалгаа гарсан. “Малчид мал борлуулах хүсэлтэй байгаа ч одоогоор нэгдсэн борлуулалт хийгдээгүй” гэдгийг тэрбээр хэлсэн. Учир нь сүүлийн саруудад Говь-Алтай аймагт махны үнэ нэлээд буурч, өнөөдрийн байдлаар хонины мах 1 кг нь 2800, үхрийн мах 3500, ямааны мах 1800 төгрөгийн үнэтэй болсон байна.

Т.ДАВААНЯМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж