Л.Нямбаяр “Шилдэг эрэгтэй тамирчин” боллоо

2015 оны 12 сарын 19

Монголын Уулчдын Үндэсний холбооноос санаачлан зохион байгуулсан “Шилдэг авиралт” шалгаруулах хүндэтгэлийн хурал 12 дугаар сарын 18-нд боллоо. Энэхүү арга хэмжээг “Монгол Даатгал”, “PETZL” ивээн тэтгэлээ. Хурлын үеэр оны холбоо, клуб, эрэгтэй, эмэгтэй тамирчин, дасгалжуулагч, уулчин, авиралт, ивээн тэтгэгч гэсэн долоон төрлөөр шилдгүүдээ тодруулсан юм.

“Шилдэг холбоо, клуб”-ыг тодруулахдаа: Өндөр уулын авиралт, спорт авиралт, хот, улс, олон улс, тив дэлхийн чанартай уралдаан тэмцээнд авиралтад оролцсон дүн, оролцсон тамирчдын тоо, үзүүлсэн амжилтуудыг харгалзан үзэж “Сутайн бор” клуб шалгарсан юм.

“Шилдэг дасгалжуулагч”-ийг тодруулахдаа мөн л дээрх үзүүлэлтийг харгалзан үзэж Монголын Үндэсний спорт авиралтын холбооны дасгалжуулагч, спортын мастер Д.Батжаргалыг шалгаруулсан юм. Тэрбээр "Шилдэг дасгалжуулагчаар хоёр дахь удаагаа шалгарсандаа баяртай байна. Манай тамирчид хот улсын аваргын нийт тэмцээнд, 26 алт, 8 мөнгө, 16 хүрэл медаль авсан амжилттайгаар энэ оныг үдэж байна. Миний авсан шагнал бол манай багийн амжилтыг үнэлсэн явдал гэж би ойлгож байна. Мөн Сутайн бор клуб оны шилдэг боллоо. Энэ клубт миний шавь нар олон байдаг учраас сэтгэл өндөр байна. Ирэх 2016 онд амжилт бүтээлээр дүүрэн байхыг нийт тамирчдадаа хүсэн ерөөе." гэсэн юм.

“Шилдэг авиралт” номинацид мөн адил дээрх үзүүлэлтийг харгалзан үзэж Алтай таван богд Шар хамар авиралтаар Уулын хөтөчдийн холбоо шалгарсан байна.

“Шилдэг уулчин” төрөлд мөн л дээрх шалгуураар Уулын хөтөчдийн холбооны тамирчин Г.Жангар шалгарлаа.

“Шилдэг эрэгтэй тамирчин” төрөлд Уулын хөтөчдийн холбооны тамирчин Л.Нямбаяр шалгарсан юм. Энэхүү номинацид нэр дэвшсэн тамирчдыг спорт авиралт, хот, улсын чанартай тэмцээнүүдэд оролцож гаргасан амжилтын нийлбэр дүнгээр тодруулсан байна.

-Уулын хөтөчдийн холбооны тамирчин Л.Нямбаяр хэлэхдээ "Энэ жил олон тэмцээн уралдаанд оролцсон. Улсын аваргаас гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл авсан. Миний хөдөлмөрийг үнэлж оны шилдэг болгосонд баяртай байна. Би өмнө нь гурван удаа шилдэг тамирчин болж байсан. Одоо дөрөв дэх удаагаа шилдэг болж байна. Тодруулбал Монголын Үндэсний Уулчдын холбооны шагналыг хоёр жил авсан бол Монголын Үндэсний спорт авиралтын шагналыг хоёр удаа авсан. Ирэх онд Солонгос улсад дэлхийн цомын тэмцээн болно. Үүнээс гадна тив дэлхийн тэмцээнд явах зорилготой бэлтгэл базааж эхлээд байна." гэсэн юм.        

“Шилдэг эмэгтэй тамирчин” төрөлд мөн л дээрх шалгуураар шүүж Эрдэнэт уулын холбооны тамирчин Т.Сарангэрэл шалгарлаа. Тэрбээр "Маш их баяртай байна. Шилдэг болно гэж бодсонгүй. Маш олон жилийг энэ спортод зориулсан. Хамгийн анх 11 настай байхдаа энэ спортод хөл тавьж байлаа. Үүнээс хойш 18 жил өнгөрчээ." гэлээ. 

“Шилдэг ивээн тэтгэгч” төрөлд Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан шалгарлаа. Түүнийг Монголын уулчдын Үндэсний холбоо болон тус холбооноос нийт уулчдыг хамарсан үйл ажиллагаа, уралдаан тэмцээн, бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийсэн, ивээн тэтгэсэн үйлсийг үнэлж ийнхүү тодруулжээ.

-Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан хэлэхдээ "Ховд аймаг олон өндөр уултай. Тиймээс уулын спортыг хөгжүүлэх боломжтой аймаг юм. Манай аймгийн олон сайхан уулчид тив дэлхийд монголынхоо нэрийг цуурайтуулсан байдаг юм. 2015 онд Монголын Уулчдын Үндэсний холбоотой хамтраад Монгол Улсад уулын спорт үүссэний 60 жилийн ойн баярыг тохиолдуулсан Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Ховд аймгийн нутагт зохион байгуулсан. Энэ тэмцээнийг зохион байгуулахад манай аймгийн багш дасгалжуулагчид хамтарч ажиллахаас гадна, аймаг нийтээрээ дэмжиж ажилсан юм. Энэ оролцоог үнэлж шагнаж байгаад талархаж байна. Ховд аймгийнхаа нийт уулчид болоод нийт тамирчдад амжилт бүтээлийг дээдийг хүсье." гэсэн юм.

Энэ үеэр Монголын Уулчдын Үндэсний холбооны Дэд Ерөнхийлөгч Б.Золжаргал зарим зүйлийг тодрууллаа.

-Өнөөдрийн арга хэмжээний талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Шилдгүүдийг тодруулахдаа олон улсын хэмжээнд үнэлсэн. 2014 оноос хойш хоёр дахь жилдээ үргэлжилж байгаа арга хэмжээ юм. Гэхдээ өмнөх жил цаст уулын барс хэлбэртэй шагнал өгч байсан бол энэ жил алтан алх болгож өөрчилсөн. Ирэх жилүүдэд алтан алх маань уламжлал болоод явна.

-Шалгаруулалтыг ямар хэлбэрээр явуулсан бэ?

-Шилдэг номинацид нэр дэвших эрх хүн бүрт нээлттэй байсан. 12 дугаар сарын 2-16 хүртэл материал хүлээж авсан. Хугацаа дууссан даруйд комисс томилогдож, материал болгон дээр ажилсан. Урьд нь хоорондоо ярилцаад шийддэг байсан системийг энэ удаад өөрчилж номинац тус бүр дээр оноо өгөх хэлбэрээр шалгаруулсан. Энэ жилийн шүүлт маш шударга явагдсан гэж үзэж болно. Жишээ нь 2800-5000 метр өндөр ууланд авчирсан бол нэг оноо өгөх, 5000-7500 метр өндөр ууланд авирсан бол хоёр оноо өгөх гэх мэтээр автоматаар оноо өгөгдөж шалгаруулсан.

Т.НОМИН

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна