“Гангар хун-2015” цомын эзэд тодорлоо

2015 оны 12 сарын 19

Сүхбаатарчууд өчигдөр/12.17/ “Гангар хун-2015” цомын эздээ тодрууллаа. Тухайн ондоо үр бүтээлтэй ажиллаж, орон нутгийнхөө хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан нутгийн төлөө зүтгэлтнүүд мөн олон улсын болон улсын чанартай уралдаан тэмцээнүүдэд амжилтай оролцсон урлаг, спортынхноос шилдгийн шилдгийг тодруулдаг энэхүү наадмыг Улаанбаатар хот дахь Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлөөс гурав дахь жилдээ зохион байгууллаа. Ингээд нутгийн бахархалт шувуугаар нэрлэгдсэн цомын эздийг танилцуулъя.

ОНЫ ШИЛДЭГ ТӨРИЙН ТҮШЭЭ-Мөнхчулууны ЗОРИГТ

Баяндэлгэр сумын сургуулийн барилга, Баруун-Урт хотын 4-р сургуулийн шинэ барилга, Усан бассейны барилга зэрэг соёл, боловсролын салбар дахь олон барилга байгууламжийн ажлыг ажил хэрэг болгоход санаачлага зүтгэлтэй ажиллаж, Сүхбаатарчуудын олон жил хүсэн хүлээсэн Баруун-Урт – Өндөрхаан чиглэлийн засмал замын ажлыг дуусгахад хөрөнгө оруулалтын ажлыг шийдэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, Сүхбаатарчуудын дундаас төрөн гарсан төрийн сайдуудын тоог нэгээр нэмж, Монгол улсын засгийн газрын гишүүн болсон. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд, Нутгийн зөвлөлийн дарга.

НУТГИЙН ЭЛЧ -Жамбын ГОМБОЖАВ

Сүхбаатар аймагтаа төдийгүй Монгол улсдаа ховордсон байгалийн гайхамшигт тогтоц Дарьгангын баян бүрдүүдийг хамгаалахын төлөө Сүхбаатарчуудын өрнүүлсэн “Ганга нуураа аваръя” хөдөлгөөнийг санаачлагчдын нэг. Сүүлийн жилүүдэд аймгийн төв Баруун-Урт хотод амжилттай хэрэгжиж байгаа “Ногоон хот” хөтөлбөрийн хүрээнд олон мянган мод суулгацыг төрөлх нутагтаа бэлэглэн тарьж ургуулсан. АИХ-ын дарга, УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн асан, Монгол улсын гавьяат эдийн засагч.


 

НУТГИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭЛТЭН-Доржпүрэвийн ХОСБАЯР

Сүхбаатар аймагт амжилттай хэрэгжсэн худалдааны гудамж зэрэг зам тохижилт, “Дөрвөлж толгой”-н цэцэрлэгт хүрээлэн зэрэг ногоон байгууламжийн ажлууд, “Баруун-Урт” хотын “Дөрвөлж” хотхон, хөдөө сумдад баригдсан “24 айлын орон сууц” зэрэг шинэ төслүүдийг санаачилж хэрэгжүүлсэн. Тэрбээр мөн аймгийн төвд кино театр, волейболын спортын ордон, хоккейн талбай зэрэг соёл спортын барилга байгууламжуудыг санаачлагчдын нэг бөгөөд түүнийг аймгийн волейболын холбооны тэргүүнээр ажиллаж байх хугацаанд Сүхбаатар аймгийн волейболын шигшээ баг улсын аваргын тэмцээний тэргүүн байр эзэлж, өсвөрийн волейболчид маань улсын аваргын медалийн төлөө өрсөлдсөн юм. Түүнчлэн “Сүхбаатар аймгийн соёлын өдрүүд”, “Сүхбаатар аймгийн хөрөнгө оруулалтын чуулган” зэрэг нийслэл хотод аймаг орон нутгаа сурталчилсан олон арга хэмжээнүүдийн ажлын хэсгийн даргаар ажиллаж байсан. Сүхбаатар аймгийн засаг даргын орлогч, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч.

 

СОЁЛ, УРЛАГЫН САЛБАРЫН ОНЦЛОХ ХҮН-Оюунчимэгийн ХҮРЭЛБААТАР

Ким Базарсадаевын нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдааны Гран при, ардын жүжигчин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит Олон улсын уралдааны Гран при, УГЗ Б.Шаравын нэрэмжит уралдааны дэд байрын шагналтай.

-2012 онд ОХУ-д болсон Ф.Шаляпины мэндэлсний 140 жилийн ойд зориулсан дэлхийн шилдэг театруудын басс хоолойт дуучдын тоглолтод уригдан оролцож байв.

-ОХУ-д болсон М.И.Глинкийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны тэргүүн дэд байрын шагнал хүртсэн.

Дуурийн олимп гэгддэг, дөврөн жилд нэг удаа болдог П.И.Чайковскийн нэрэмжит уралдаанд хагас шигшээд шалгарсан. 

-“Байкаль компетишн” олон улсын дуурын дуучдын уралдааны дэд тэргүүн байр эзэлсэн амжилтуудаар 2015 оныг үдэж байна.Дуурь бүжгийн Эрдмийн театрын гоцлол дуучин О.Хүрэлбаатар олон улсын тэмцээнд оролцож байгаа тул түүний цомыг Уулбаян сумын Нутгийн зөвлөлийн дарга төлөөлөн гардаж авлаа.

СПОРТЫН САЛБАРЫН ОНЫ ОНЦЛОХ ХАМТ ОЛОН

“Сүхбаатар Аймгийн Оюутан Залуучуудын Хөгжлийн Төв” ТББ-ын дэргэдэх сагсан бөмбөгийн “СҮХБААТАР” ШИГШЭЭ БАГ

Анх 2012 онд албан ёсоор байгуулагдсан бөгөөд өнөөдрийг хүртэл орон нутаг, улсын чанартай уралдаан тэмцээнд тасралтгүй амжилттай оролцсоор ирсэн билээ.

2015 онд Сүхбаатар шигшээ баг нь амжилт арвинтай байж, дараах амжилтуудыг үзүүлээд байна.

2015 оны “Спрайт Д” лигийн финалд шалгарсан.
2015 оны 8 дугаар сард зохион байгуулагдсан 21 аймгийн “Б” зэрэглэлийн улсын аварга шалгаруулах тэмцээний - ДЭД АВАРГА
2015 оны 10 дугаар сард зохион байгуулагдсан 21 аймгийн “А” зэрэглэлийн улсын аварга шалгаруулах тэмцээний - ГУТГААР БАЙР
2015 оны 11 дүгээр сард зохион байгуулагдсан “Дархан цом 2015” тэмцээний - АВАРГА БАГ – аар тус тус тодорсон юм

Шангрила тауэрын "Боллрүүм" танхимд болсон энэхүү ёслолын арга хэмжээг "Жи Энд Юу Голд" ХХК-ийн захирал Г.Чинболд, "IDC tours" ХХК-ийн захирал Т.Баярхүү нар ивээн тэтгэжээ. Цэнгүүнд МУГЖ Г.Аринубаатар болон Свийтмошн", "Киви", "Жонон", "Гайз-666" зэрэг хамтлаг хүрэлцэн ирж ая дуугаа өргөн барьсан юм. Мөн нутгийн уугуул иргэд болох Ч.Сүмбээ, Г.Чимэгээ нар азтанаар тодорч,  Сөүл хотоор 3 өдөр, 3 шөнө аялах эрхийн бичгээр шагнуулжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна