JCI Монгол байгууллага бүл нэмлээ

Хуучирсан мэдээ: 2015.12.19-нд нийтлэгдсэн

JCI Монгол байгууллага бүл нэмлээ

JCI (Junior Chamber International) Монгол байгууллагын 2016 оны Үндэсний Ерөнхийлөгчийн зүүсгэл хүлээн авах ёслолын ажиллагаа өчигдөр “Соrporate Convention Center”-н шинэ урлагийн театрт боллоо. Энэхүү арга хэмжээнд JCI Moнгол байгууллагын бүх үе үеийн ерөнхийлөгчид, сенаторууд, хүндэт зочид мөн JCI Тайвань байгууллагын төлөөлөгчид, JCI Монгол байгууллагын гишүүд гээд 230 гаран зочид оролцлоо.

“Эерэг өөрчлөлтийг бүтээх хөгжлийн боломжийг залуучуудад олгох” зорилготой JCI байгууллагад нэг хүн нэг л жил тухайн албан тушаалыг хашдаг аж. Тиймээс энэ өдөр 2015 онд JCI Монгол байгууллагыг удирдан ажилласан Үндэсний ерөнхийлөгч Г.Баярхүү JCI Монгол байгууллагын 2016 оны Үндэсний ерөнхийлөгч Б.Наранжаргалд манлайлалыг шилжүүллээ. Мөн энэ үеэр JCI Монгол байгууллага бүл нэмж 13 дахь салбар болох Б.Баярцэцэг ерөнхийлөгчтэй JCI Импакт салбар байгууллага 2015 оны Үндэсний ерөнхийлөгч Г.Баярхүүгээс батламжаа гардан авлаа.

Дашрамд дуулгахад, JCI Монгол байгууллага 2017 онд JCI ASPAC буюу Ази номхон далайн орнуудын чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах эрхийг 2015 оны 6-р сард Малайз улсын Кота Конабалу хотноо зохион байгуулагдсан “JCI ASPAC 2015” чуулга уулзалт дээр гардан авчээ. Энэхүү томоохон чуулга уулзалтаар Улаанбатаар хотноо 3500-4000 орчим олон улсын бизнес эрхлэгч, идэвхитэй залуус Монгол улсыг зорин ирэх ба энэхүү үйл ажиллагааг Улаанбаатар хот дэмжин ажиллах болжээ. JCI байгууллага нь дэлхийн хэмжээнд 120 гаруй орны 5000 гаран салбар байгууллагатай, 18-40 насны 200 мянга гаруй идэвхтэй гишүүд, 1 сая гаруй дэмжигч гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн сайн дурын үндсэн дээр нэгдэн идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж