Ой тогтоолтын ДАШТ-ээс 26 медаль хүртлээ

2015 оны 12 сарын 19

БНХАУ-ын Чэнгду хотод 24 дэх удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээн 12 сарын 16-18-ны хооронд 3 өдрийн турш амжилттай явагдаж өндөрлөлөө.

Энэ удаагийн тэмцээнд 25 улсын 278 тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр бага, дунд болон насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөнөөс нийлбэр оноогоор АНУ-ын тамирчин Алекс Муллен тэргүүллээ. Мөн тэмцээний хэд хэдэн төрөл дээр дэлхийн дээд амжилтууд шинэчлэгдлээ. Тус тэмцээнд эх орноо төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 20 тамирчин (насанд хүрэгчдийн ангилалд 2, дунд насны ангилалд 13, бага насны ангилалд 5) дасгалжуулагч, шүүгчийн хамт оролцож 26 медаль хүртлээ. Манай тамирчид бүх насанд нийт 5 дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн ба тодруулбал насанд хүрэгчдийн ангилалд Их мастер С.Цогбадрах "Speed Numbers" төрөлд, дунд насны ангилалд З.Цэцэгзул "Binary Numbers" төрөлд, Их мастер Э.Пүрэвжав "Speed Numbers", "One Hour Card" төрөлд, бага насны ангилалд Ж.Дөлгөөн "Random Words" төрөлд тус тус дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоолоо.

Түүнчлэн Их Мастер Э.Пүрэвжав нийлбэр оноогоор тэргүүлж, өсвөрийн дэлхийн аварга болсон бол хоёрдугаар байрт өнгөрсөн жилийн өсвөрийн дэлхийн аварга Э.Энхмөнх, гуравдугаар байрт Азийн Мастер З.Цэцэгзул нар тус тус орлоо. Өсвөрийн тамирчид маань авах боломжит 30 медалийн 22-ыг нь хүртэж дэлхийд тэргүүлэгч гэдгээ дахин харууллаа.

Их мастер Э.Пүрэвжав, Э.Энхмөнх нар тэмцээний хамгийн том цол болох Олон Улсын Их мастерийн болзлыг хангаж нийт тамирчдаас шилдэг 10-т шалгарсан бол Б.Шижир-Эрдэнэ Их мастер цол, Т.Энхжин, Н.Түвшинтөгс, Б.Ариунсанаа, Б.Хангай, Э.Ялгуун, А.Номин нар Олон улсын мастер цол хүртлээ.

Тэмцээндээ олон өдрийн турш бэлдэцгээж, нөр их хөдөлмөрийн үр дүнд гайхалтай амжилт гаргасан нийт тамирчиддаа дахин халуун баяр хүргэе.

Тамирчдын гаргаж буй амжилт гэр бүл, багш дасгалжуулагчаас шууд хамааралтай. Ямар ч үед тусалж дэмжиж байдаг тамирчдынхаа гэр бүлийнхэнд болон энэ сайхан амжилтуудыг гаргах боломжийг бүрдүүлж цаг наргүй хөдөлмөрлөж тамирчдаа бэлдсэн дасгалжуулагч Б.Баасандорж танд баярлаж талархсанаа илэрхийлье.

Тус тэмцээнд оролцоход тамирчдад маань санхүүгийн дэмжлэг үзүүлж оюунлаг үйлсийг дэмжсэн хувь хүн, байгууллагад чин сэтгэлээсээ баярлалаа. Тухайлбал Азийн Мастер З.Цэцэгзулын зардлыг ивээн тэтгэсэн "Нирван Кинг" ХХК-ны захирал А.Рэнцэн-Од, ОУ-ын Их мастер Ө.Сэнгэсамдангийн зардлыг ивээн тэтгэсэн Бор-Өндөр сумын нутгийн зөвлөлийн дарга Г.Чинтөмөр, Их мастер С.Цогбадрахын зардлыг ивээн тэтгэсэн Голомт банкны хамт олондоо эрүүл энх, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

Энэ 2015 ондоо манай хамт олон амжилт бүтээлээр дүүрэн байж дотооддоо олон арван оюуны спортын тэмцээн зохион байгуулж оюунлаг үйлсэд олон зуун хүүхдийг хамрууллаа. Мөн олон улсын чанартай олон тэмцээнд оролцож Монгол хүний оюуны чадавхийг дэлхийд харуулж, гайхашруулж чадсандаа бид бүхэн баяртай байна.

Ингээд бид өнгөрсөн 5 жилийн хугацаанд оюуны спортын олон төрлөөр олон улсын 35 тэмцээнд оролцож, эх орноо дэлхийд амжилттай сурталчлан нийт 484 медаль хүртжээ.

Биднийг сэтгэл зүрхээрээ байнга дэмжиж баг хамт олонд маань урам хайрлаж байдаг монголчууддаа баярлалаа.

Монголын Оюун Ухааны Академийн
Захирал Х.Хатанбаатар 2015.12.19

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна