Оюутолгой төсөлд хэн юу хэлэв?

2015 оны 12 сарын 20

Оюутолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд Монгол Улсын Засгийн газар “Рио тинто” компанитай 2009 онд хөрөнгө оруулалтын гэрээг байгуулан ажилласан юм.

Үүнээс хойш ажил зогсолтгүй үргэлжилж, хоёр жилийн өмнөөс бүтээгдэхүүнээ экспортод гаргах болсон. Гэхдээ ордыг ашиглах боломжит нөөцийн 80 орчим хувь нь гүний уурхайд бий. Тиймээс уг уурхайг ашиглалтад оруулах нь чухал байгаа. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт гүний уурхайг ашиглахад шаардагдах санхүүжилтийн гэрээг Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс дэлхийн 15 том банк санхүүгийн байгууллагатай байгуулаад байгаа. Ингэснээр 4.4 тэрбум ам.доллар орж ирэх боломжтой болсон. Үүнд холбогдох хүмүүс ямар байр суурь илэрхийлснийг онцолж байна.

“2018 оноос зэсийн үнэ өснө”

“Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал Да.Ганболд: Оюутолгой ордын нэг онцлог бол зэсийн үнэ уналаа гэхэд алтаар нөхөөд явах боломжтой. Алтны ихэнх хэсэг нь гүний уурхайд байна. Мэргэжлийн хүмүүсийн хэлж байгаагаар 200 км гаруй хонгилуудыг эхний ээлжид ухна. Энэ бол ганц нэг сар хийгээд дуусчих ажил биш. 3-4 жил болох байх.

2016, 2017, 2018 онуудад зэсийн ханш нэлээд тогтворжино. Хэдийгээр 2011 оноос хойш тасралтгүй унаж байгаа ч, тэг төгрөг руу орно гэж байхгүй шүү дээ. Зэсгүйгээр хүн төрөлхтөн амьдарч чадахгүй гэдгийг ч хүн бүр мэдэж байгаа байх. Харин үнэ, ханш яаж хэлбэлзэж, хэрхэн өөрчлөгдөх вэ гэдэг дээр судалгааны байгууллагууд тооцоо хийсээр байгаа. Хамгийн бодитой судалгаанаас харахад 2018, 2019 он гэхэд зэсийн үнэ баталгаатай өснө. Яагаад гэвэл дэлхий дээр зэс олборлодог компаниуд нүүрснийх шиг тийм ч олон биш.

Нэг зүйлийг ойлгох ёстой. 4.4 тэрбум ам.долларын зээлийн гэрээ зурагдсаны маргааш эсвэл ирэх хавраас шууд үр өгөөжөө өгөөд эхэлнэ гэж байхгүй. Хоёр хоногийн өмнө зурсан гэрээ бол дор хаяж 20-30 жилийн хугацаанд Монгол Улсын хөгжлийг тогтвортой байлгах, янз бүрийн хямралын шинжтэй үзэгдлүүд, эдийн засгийн зарим нэг савалгаа зэргээс хамгаалах чухал ач холбогдолтой. Хамгийн гол нь Оюутолгой гэх том ордын үр нөлөө нь удаан жилээр Монгол Улсын хөгжлийг тогтворжуулна. Үр өгөөжийн хувьд бидний өртөг, зардал нэлээд хэтэрсэн байгаа. Үүнээс болж нэлээн олон жилээр хойшилсон. Гэхдээ зардлаа хэмнээд, цаг алдалгүй гүний уурхайн ажилдаа ороод явбал магадгүй Оюутолгойн жишгийг дагаад гадаадын өөр томоохон хөрөнгө оруулалтууд орж ирснээр 30 гаруй жилийн дараа авах ногдол ашгийг нөхөх боломжтой болж байна.


“Оюутолгой цэвэр бизнесийн төсөл боллоо”

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Өнөөдрөөс Оюутолгой улс төрийн, Засгийн газрын асуудал биш. Цэвэр бизнесийн төсөл болж байна. Удирдах зөвлөл, бизнесийнхэн Оюу толгойн төсөл, гүний уурхайг цаашид авч явна. Хоёрдугаарт, дэлхийн хамгийн том 15 банк Монгол Улсад “Рио Тинто”, “Эрдэнэс Монгол” компаниар дамжуулж зээл өглөө. Монголын хувийн хэвшлийнхэнд хөрөнгө оруулах, гадаад түншүүдээ олох, хөрөнгө оруулалтаа олж, банкнаас зээл авах үүд хаалга нээгдлээ.


“Жилд 1 тэрбум долларыг бүтээн байгуулалтад зарцуулна”

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан: Оюутолгойн бүтээн байгуулалтын ажил дуусахад 6-7 тэрбум ам.долларын зардал гарна. Зээлийн санхүүжилт он гараад орж ирнэ. Оюутолгой компанид 6400 монгол ажилтан ажиллаж байна. Аливаа төсөл үр өгөөжөө хурдан хугацаанд өгч, мөнгөөр бороо ордоггүй. Эдийн засгийн хөгжил муутай манайх шиг буурай оронд үр дүн нь аажмаар мэдэгдэнэ. 2017-2018 онд зэсийн ханш тогтворжино. Зэс 2011 оны хоёрдугаар сард 10 мянган ам.долларт хүрч байсан бол энэ сарын 15-ны байдлаар 4685 ам.доллар болж буураад байна. Зэсийн ханш аажмаар унаж байна. Гэхдээ мэдээж 0 ам.доллар болно гэж байхгүй. Хүн төрөлхтөнд зэсийн хэрэгцээ асар их бий. Тиймээс 2018 он гэхэд зэсийн ханш эргээд өснө.

Дээр нь Оюутолгой бол Монголын компани, Монгол бизнес, Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадварын суурь юм. Өнөөдөр төслийн санхүүжилтийг авснаар санхүүжилтийн өртгийг багасгаж байна. Зардлаа багасгаснаар ирээдүйд олох ашгаа нэмэгдүүлж байна. эдийн засагт бодитой нөлөө үзүүлнэ. Жилд нэг тэрбум орчим ам долларыг шинэ бүтээн байгуулалтад зарцуулна.


“Монголын ногдол ашиг алсран одлоо”

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Монголын ард түмний хосгүй баялаг болсон Оюутолгойн ордын лицензийг барьцаалж, Рио тинто компани 6 тэрбум ам.долларын зээлийг дэлхийн томоохон 15 банк, санхүүгийн байгууллагаас авч, хувь нийлүүлэгчийн зүгээс оруулсан одоогийн зээлийн төлбөрөө авч дараад, улмаар 4.4 тэрбум ам.долларыг өөрийн дансандаа байршуулахаар заажээ. Энэ нь Оюутолгойн ордыг барьцаалж авсан зээлийг зөвхөн Оюутолгойн санхүүжилт, үйл ажиллагаанд зарцуулах бус өөрийн бусад гадаад улс дахь бизнес, үйл ажиллагаанд ашиглах болж байна. Хөрөнгө оруулалтын анхны гэрээний өртөг 4.6 тэрбум ам.доллар, үүнээс 1.5 тэрбум ам.долларыг далд уурхайн бүтээн байгуулалтанд оруулахаар төлөвлөснийг Монголчууд бид мартаагүй байна. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ батлагдсанаас хойших хөрөнгө оруулалтын санхүүжилтийг хөрөнгө оруулагчид зэс, алтны борлуулалтаараа бизнесийн үйл ажиллагааныхаа хүрээнд шийдвэрлээд явах ёстой юм.

Далд уурхайн зардлыг зохиомлоор 4 дахин өсгөн авч буй 6 тэрбум ам.долларын зээл, анхны хөрөнгө оруулалтын хэтрэлт 1 тэрбум гаруй ам.доллар, алдагдалтай тодотголтой 904 сая ам.долларын татварын хөнгөлөлт зэргийг Дубайн гэрээгээр Монгол Улсын Засгийн газар хүлээн зөвшөөрснөөр манай улсын хүртэх ногдол ашиг анх төлөвлөсөн 2021 оноос 16 жилээр хойшилж, 2037 оноос авахаар болж алсран одлоо.

Г.ДАРЬ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна