Хорт хийнд хордож гурван иргэн амиа алджээ

2015 оны 12 сарын 20

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг “Гранд повер” ХХК-ийн нүүрсний хийн үйлдвэрт өнгөрсөн баасан гаригт 11 иргэн хорт хийнд хордож, гурав нь газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг болжээ. Хэргийн газарт Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 9 албан хаагч ажилласан байна. Хорт хийнд амиа алдсан иргэд нь 23-39 хүртэлх насныхан байжээ.

Харин хорт хийнд угаартаж, хордоод байсан найман иргэнийг эмнэлэгт хүргэснээс гурав нь өөрийн хүсэлтээр гарсан бол тав нь Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж буй аж. Болсон хэрэг явдалтай холбоотойгоор дүүргийн Цагдаагийн газар ажиллаж эхэлсэн байна.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна