Ирц бүрдүүлэхийн зовлон

2015 оны 12 сарын 20

Сөрөг хүчнийхэн Сонгуулийн хуулийг УИХ-аар хэлэлцэхийг шаардаж хоёр долоо хоногийн турш “ажил хаялт” зарласан.

Үүнээс болж, байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаан зарлагдахад хурал даргалагч нарын хувьд ирц бүрдүүлэх нь амаргүй ажил болж хувирсан билээ. Уг нь эрх баригч хүчин 35 суудалтай, Засгийн газарт хамтарч байгаа УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг 10 суудалтай тул МАН-ынхнаар дутах юмгүй боловч өнгөрсөн баасан гаригт Төсвийн байнгын хорооны ирцийг бүрдүүлэхэд ар талд ийм нэгэн “хошин шог” болжээ.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан эхлэхэд УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа М.Сономпил гишүүний эзгүйд картыг нь хийсэн байна, өөрийг нь биечлэн ирсэн цагт хуралдаан эхлэх ёстой гэдэг шаардлага тавьж, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан картыг нь сугалснаар ирц 50 хувьд хүрэхгүй болж, хуралдаан хэсэг хугацаанд саатсан юм.

М.Сономпил гишүүн энэ үед Цэргийн төв госпиталд байсан аж. Эмчид үзүүлчихээд очих учраас карт хийгээд ирцэнд оруулаад явж байгаарай гэж захисан юмдаг уу даа.

Гэтэл сөрөг хүчний гишүүн Д.Хаянхярваа молигодох нь гэж бодсон уу, биеэрээ ирэхийг шаардсан тул Сангийн сайд Б.Болор машинаа явуулж, М.Сонопил гишүүнийг авчруулжээ.

Гэтэл хуралдаанд орох болтол хувцас нь “гологдож” хүрэм хайхаас аргагүй болсон аж

Бүлгүүдийн ажлын албадынхан ч таарах хүрэм хайн Төрийн ордноор нэг эрэл сурал болжээ. Нуруу өндөртэйг хэлэх үү, хэр баргийн хүний хүрэм таарахгүй болж, Г.Батхүү гишүүнд илүүчлэх костюм байна уу гэцгээн хайж явсаар М.Сономпил гишүүнийг Төсвийн байнгын хорооны хуралдаанд оруулж, ирцээ бүрдүүлжээ.

Гурван долоо хоногийн өмнө УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх болоход МАН-ын бүлгийн гишүүд мөн л “шантааж” хийснээс ирц бүрдэхгүй байнгын хорооны дарга Д.Ганбат аргаа барсан удаатай. Нэг л гишүүн ирцээ бүртгүүлчихвэл 50 хувьд хүрэх боломжтой байсан ч Б.Чойжилсүрэн нарын гишүүд хуралдаан болох танхимд орж ирсэн атлаа картаа хийхгүй, “Бидэнгүйгээр яаж ирцээ бүрдүүлэхийг чинь харна аа” гэсэн шиг янз үзэн суусан. Эцэст нь байнгын хорооны дарга хуралдаан зохион байгуулагч нартаа үүрэг өгөн хөл нь гэмтсэн Л.Эрдэнэчимэг гишүүнийг ирэхийг шаардаж, суга таягтай ирүүлж, хуралдаж байсан удаатай.
Харин ирэх долоо хоногоос энэ зовлон арилж мэдэхээр байгаа. Учир нь УИХ дахь МАН-ын бүлгээс тавьсан шаардлагын дагуу УИХ-аар Сонгуулийн хуулиудыг хэлэлцэн, баасан гаригт батлахаар төлөвлөөд байгаа юм.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна