Йеменд гал зогсоох гэрээ зөрчигдлөө

2015 оны 12 сарын 20

 

Йемений засгийн газрын цэргүүд болон шийтийн хоутис босогчдын хооронд гал зогсоох гэрээ байгуулагдаж, энхийн яриа хэлэлцээ эхэлсэн боловч хил дээр мөргөлдөөн гарчээ. Саудын Арабын хилийн ойролцоох Йемений Харад хотод мөргөлдөөн гарснаас 68 хүн амь үрэгдсэн байна. Мөргөлдөөний улмаас Йемений засгийн газрын 28 цэрэг, хоутис босогчдын 40 дайчин амь үрэгдсэн аж. Түүнчлэн хоёр талаас нийт 90 хүн гэмтэж шархатжээ.

 

Йемений засгийн газрын цэргүүд хоёр өдрийн өмнө Харад хотыг хоутис босогчдоос чөлөөлсөн байв. Шийтийн хоутис босогчдын зүгээс Саудын Арабын тэргүүлсэн цэргийн эвсэл болон Йемений засгийн газрын цэргүүд гал зогсоох гэрээг хэрэгжүүлэхгүй байгаад буруутгажээ. Саудын Арабын тэргүүлсэн олон улсын цэргийн эвсэл өнгөрсөн гуравдугаар сараас хойш Йемений засгийн газрыг дэмжин шийтийн босогчдын эсрэг цэргийн ажиллагаа явуулж байгаа юм. Шийтийн босогчид Йемений ерөнхийлөгчийг хөөж явуулснаар нийслэл Санаа болон Аден зэрэг хотуудад хяналтаа тогтоогоод байв.

 

НҮБ-ын зуучлалаар Йемений сөргөлдөгч талууд Швейцарт өнгөрсөн мягмар гаригт /XII.15/ энхийн яриа хэлэлцээг эхлүүлсэн аж. Йемений суннит засгийн газар болон шийтийн босогчдын хоорондох зөрчил мөргөлдөөнд 5700 орчим хүн амь үрэгдээд буйн тал хувь нь энгийн иргэд юм.

 

НҮБ-аас мэдээлснээр Йемений 21 сая хүн амын тавны дөрөвт нь хүмүүнлэгийн тусламж шаардлагатай болжээ.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна