“Алтан гадас”-ынхан шинэ жилээ тэмдэглэв

2015 оны 12 сарын 20

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Ерөнхий сайдын албанаас буусан цагаас хүч нь сулраад буй Ардчилсан намын “Алтан гадас” фракцийнхан өчигдөр шинэ жилээ тэмдэглэжээ.

Намынх нь удирдлагууд өчигдөр “Пума империал” зочид буудалд намынхнаа цуглуулан ажлаа дүгнэн завгүй өнгөрөөсөн бол ноосоо тушаачихсан Н.Алтанхуяг гишүүн фракцийнхантай энэ үдшийг үджээ.

Ардчилсан намын дарга З.Энхболд намаа бодлогын нам болж өөрчлөхийн тулд фракцигүй нам болох зорилго тавиад байгаа. Тиймдээ ч Бодлогын зөвлөл байгуулах шийдвэр гаргаж, тус зөвлөлийг удирдах үүргийг С.Ламбаад түр хариуцуулсан.

Тиймээс Ардчилсан намын фракциуд шинэ жилээ тэмдэглэвэл энэ оных нь отгон нь байх магадлалтай.

Бодлогын зөвлөлөөс 12 салбар зөвлөлийг байгуулж, түүнд гишүүд нь мэргэжил, боловсролоороо нэгдэж, ажиллах юм.

Ийм өөрчлөлтийг Ардчилсан намд хийх болсныг гишүүд нь янз бүрээр хүлээн авах болсон. Нэг хэсэг нь зөв хэмээн хүлээн авч байхад нөгөө хэсэг нь “Алтан гадас” зэрэг фракцийн хүчийг сулруулах зорилгоор хийгдэж байгаа дахин хуваарилалт ч гэж үзэх нь бий. Учир нь Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо 228 гишүүнтэй бөгөөд түүний дийлэнх хувийг “Алтан гадас” бүрдүүлдэг аж.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна