118 зорчигчтой Индонезийн гатлага онгоц живжээ

2015 оны 12 сарын 20

 

118 зорчигчтой Индонезийн гатлага онгоц Сулавеси арлын орчимд тэнгист живжээ. Гатлага онгоц давалгаанд цохигдсоноос хөдөлгүүр нь ажиллагаагүй болж живсэн байна.

 

Индонезийн албаныхан зургаан усан онгоц, завийг дайчлан аврах ажиллагааг явуулж байна. Одоогийн байдлаар тэнгисээс хоёр хүүхдийн цогцсыг олж, 25 хүнийг аварч гаргасан байна. Тэд аврах хантаазтай усанд хөвж явсныг аврагчид олж гаргасан аж.

 

Гатлага онгоцны ахмадтай хамгийн сүүлд холбоо барихад хөлөг давалгаанд цохигдон живж байгааг дуулгажээ. Гатлага онгоц дөрвөн метр орчим өндөртэй тэнгисийн давалгаанд цохигдсоны дараа аюулын дохио илгээсэн аж

 

Гатлага онгоц Сулавеси арлын Колака боомтоос өчигдөр өглөө /XII.19/ хөдөлсөн аж. Гатлага онгоцон дээр 19 хүүхэд, хөлгийн багийн 12 хүн бусад зорчигчдын хамт явсан гэнэ.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна