Увайгүй улстөр

2015 оны 12 сарын 21

Монголд улс төрийн хямрал гүнзгийрч байна. Эдийн засгийн хямралаас улбаатай энэ улстөр юунд хүрч дуусахыг хэлэхэд бэрх болов. Хууль тэдний хувьд хүсвэл мөрддөг, хүсэхгүй бол гууль ч болгон хувиргаж болдог хэрэгсэл болж хувирлаа. Уршгаар нь төрийн ажил дампуурч гүйцлээ.

Авлигын хэрэгт яллагдагчаар татагдсан Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаад сар гаруйн хугацаа өнгөрчээ. Засгийн газрын тухай хуульд Засгийн газрын гишүүн нь гурван тохиолдлоор албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр зааж өгсөн юм. Нэгдүгээрт, эрүүл мэндийн шалтгаанаар, хоёрт нас нөгчсөн, гуравт албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол Ерөнхий сайд хүсэлтийг нь УИХ-д оруулж нөхөн томилгоог хийлгүүлэх ёстой ч өнөөдрийг хүртэл энэ ажил эцэслэгдсэнгүй.

Засгийн газрын тухай хуульд сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ тэд хоногийн дотор шийдвэрлэнэ гэсэн тухайлсан заалт байхгүй ч зарим гишүүний хэлж буйгаар чөлөөлөгдөх хүсэлт нь дараагийн хүнийг нөхөн томилох хангалттай үндэслэл болох аж. Албан байгууллагаар жишээ авбал чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан ажилтан, албан тушаалтныг сараар сунжруулан ажиллуулдаггүй, хүсэлтийг нь 30 хоногийн дотор багтаан шийдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл, эндээс гарах дүгнэлт нь Ерөнхий сайд яагаад арваннэгдүгээр сарын 6-нд гаргасан чөлөөлөгдөх өргөдлийг өнөөдрийг хүртэл шийдвэрлэхийн төлөө идэвх зүтгэл гаргасангүй вэ, УИХ мөн яагаад шахалт үзүүлэхгүй найр тавьж ирэв гэх асуулт ургана. Наазгай байдлыг нь ашиглаж, энэ хугацаанд МАХН-ынхан төрөөр тоглохыг үзүүлж өглөө. Хэдийгээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Би хоёр дахь хувилбар буюу Эрүүл мэнд шинжлэх ухааны их сургуулийн захирал Б.Лхагвасүрэнг Эрүүл мэнд, спортын сайдад нэр дэвшүүлсэн” гэж хэдэнтээ тайлбарласан ч хүлээж авсангүй. Авлигатай тэмцэх газраас тайлбар авна гэсэн ч тоосонгүй.

Харин ч МАХН-ынхан хэвлэлээр дамжуулан “Шадар сайдад нэр дэвшсэн Н.Энхбаяр даргын ялын хугацаа Өршөөлийн хуульд хамрагдаад дууссан” гэдэг тайлбар хийн, олон нийтийн тархи угааж байна. Туршлагатай хуульч гэгддэг МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж хүртэл эхний тайлбараасаа буцаж, олон нийтийг будилуулав. Тэрээр нэр бүхий сонинд өгсөн ярилцлагадаа “Н.Энхбаяр дарга Шадар сайдад нэр дэвших боломжгүй” гэдэг тайлбар хийсэн бол маргааш нь хэвлэлийнхнийг дуудаж багширтал суулгаж байгаад “Н.Энхбаяр дарга Шадар сайдад нэр дэвших бүрэн боломжтой, ялынх нь хугацаа дууссан” гэдэг тайлбар хийх нь тэр.

Уг нь бол Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч гээд төрийн хамгийн том албыг ээлжлэн хашсан хүний хувьд ялынх нь хугацаа дуусаагүй байхад Шадар сайд руу улайран зүтгэх нь үнэндээ ёс зүйгүй, хуулийг хэрхэн гууль болгож, Монгол төрөөр тоглож бохирлож байгааг л харуулж буй. Монголын улс төрд шударга ёс тогтоохын тулд МҮАН-тай нэгдэн Шударга ёс эвсэл болж 2012 оны УИХ-ын сонгуульд оролцсон атлаа албан тушаалд хүнээ нэр дэвшүүлэх болохоор УИХ дахь Шударга ёс эвслийн бүлгээрээ ч хэлэлцэлгүй, зөвхөн З.Баянсэлэнгэ гишүүнээр бичиг үйлдүүлсэн байдаг. Тэр нь Шадар сайдад МАХН-ын дарга Н.Энхбаярыг, Эрүүл мэнд, спортын сайдад Ц.Оюунбаатар гишүүнийг нэр дэвшүүлж буйг илэрхийлсэн албан бичиг юм. Энэ асуудлыг УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг хөндөөгүй бол бүлэг нь хуралджээ л гэж ойлгох байсан.

Дээр нь Шадар сайд Ц.Оюунбаатар гэж бас нэгэн “панзчин” бий болов. Хэн тэрнийг Эрүүл, мэнд, спортын сайдаар томилно гэх баталгааг өгсөн юм бэ? Ерөнхий сайд олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Эрүүл, мэнд, спортын сайдын үүргийг түр хавсрахыг чиглэл болгосноос өөрцгүй. Томилгоог УИХ хийх ёстой. Гэтэл юу болов, Шадар сайдаас чөлөөлөгдөх хүсэлт гаргангуутаа Эрүүл, мэнд, спортын сайдад нэрээ дэвшүүлээд л... Сайдын албан тушаал наймааны хэрэгсэл болж хувирч буй тухай яриа чих дэлсэж байсан ч үнэндээ ингэтлээ цагаандаа гарсан тухай сонсогдоогүй.

Одоо тэгтэл юу болов, бэлэгний алчуур мэт бие биедээ бэлэглэж байна. УИХ-аас томилгоог хийгээгүй байгаа ч МАХН-ынхны хүсэлтээр бол Шадар сайдаас Ц.Оюунбаатар гишүүнийг чөлөөлөнгүүтээ Эрүүл мэнд, спортын сайдаар томилох нь. Улстөрчдийн ухаангүй үйлдлээс болж, монгол төрийн нэр хүнд сэвтэж унасан ч арай энэндээ тултал доошоо ороогүй байлгүй дээ.

Нөгөөтэйгүүр, Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд Эрүүл мэнд, спортын сайдад Эрүүл мэнд, шинжлэх ухааны их сургуулийн захирал Б.Лхагвасүрэнг санал болгохоо өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. МАХН Эрүүл мэндийн яамыг өмчилж авсан мэт аяглахгүй бол асуудал энэ долоо хоногтоо шийдвэрлэх болов уу. Энэ салбар сайдгүй байгаас болоод элэгний С вирусийг эмчлэх эмээ оруулж ирсэн ч тарааж чадахгүй байгаа эх сурвалж мэдээлж байна. Энэ мэтээр албан тушаалын төлөө маргаанаас болоод улс орны амин чухал олон асуудал хэцүүдэж буй нь хэнд ч ойлгомжтой. Гол нь Монголын төлөө гэдэг үнэн л юм бол албан тушаал, сандал суудлын хэрүүл улсад ямар их хохирол авчирдаг вэ гэдгээ бодолцмоор сон доо.  

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна