Ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрсөнгүй

2015 оны 12 сарын 21

 

Словенчууд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөнгүй. Ням гаригт тус улсад явуулсан бүх нийтийн санал асуулгын урьдчилсан дүн үүнийг нотолсон байна. Санал хураалтын урьдчилсан дүнгээр санал өгсөн словенчуудын 63 хувь нь ижил хүйстнүүдийн гэрлэлтийг эсэргүүцсэн бол 37 хувь нь зөвшөөрсөн санал өгчээ. Санал хураалтын эцсийн дүн гараагүй байгаа боловч эцсийн дүн өөрөөр гарах магадлал бага байгаа юм байна.

 

Словены парламент өнгөрсөн гуравдугаар сард ижил хүйстний гэрлэлтийг батлах тухай хуулийн төсөл өргөн барьсан боловч Католик сүмийн татаастай Консерватив намын бүлэг уг асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахыг уриалсан юм. Словен хэдийгээр пост-коммунист орнууд дундаас хамгийн либерал улс гэгддэг авч хоёр сая хүн амын дийлэнх нь Ромын католик шашинтай энэ улсад ижил хүйстнүүдийн эрхийн асуудал маргаантай хэвээр үлдэж байна.

 

Хуучин Югославын Бүгд найрамдах улс 2012 онд явуулсан санал асуулгаар мөн л ижил хүйстэн хосуудад эрх олгохоос татгалзаж байсан юм. Баруун Европын орнуудад ижил хүйстнүүд арай чөлөөтэй байх хандлага жил ирэх тусам нэмэгдэж байгаа бол зүүн Европт эсрэгээрээ гей, лесби, бисекс, трансжендер хүмүүст хандах хандлага хуучны хэвээр байгаа нь Европын холбооны дотоод дахь соёлын хагарлыг илтгэх болжээ.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна