Х.Баасансүрэн: Зүрхийг тань дайлья

2015 оны 12 сарын 21

-Хайрладаг зүрх олон байх тусам нийгэм аз жаргалтай болно-

“Зүрхийг тань дайлья” ухаарахуйн лекцийг “Соёлоор гийгүүлэхүй” ТББ-аас 12 дугаар сарын 26-нд Улаанбаатар хотод UB PALACE-ийн концертын их танхимд зохион байгуулах гэж буйтай холбогдуулан Х.Баасансүрэн ламтай ярилцлаа. 

-Чухам ямар шалтгааны улмаас “Зүрхийг тань дайлъя” лекцийг уншихаар болов?

-Энэхүү лекцээрээ нийгэмд ухаарал түгээж, зөв зүйтэй амьдрах, уур бухимдлаа яаж хянах, хэрхэн аз жаргалтай байх, яаж асуудлаа шийдэх, шуналаасаа яаж хагацаж салах вэ гэсэн сэдвийг хөндөж, эдгээр асуудлыг шийдэх гарцыг түгээх зорилготой лекц болох юм. Яагаад 12 сарын 26-ны өдрийг сонгосон бэ гэвэл манай Монгол Улс 230 гаруй жил Манжийн дарлалд байсны дараа 1911 оны 12 сарын 29-ний өдөр тусгаар тогтнож автономит засгийг байгуулсан ба өнөө жил тусгаар тогтнолын 104 жилийн ой тохиож байгаа. Энэхүү ойн арга хэмжээг тохиолдуулж энэ лекцийг зохион байгуулж байгаагаараа бас онцлог юм. 2000 оны шашны дээд сургуулийг төгссөн лам нараас бүрдсэн нийгэмд соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулдаг “Соёлоор гийгүүлэхүй” ТББ 2008 оноос хойш тасралтгүй энэ өдрийг тохиолдуулан үйл ажиллагаа зохион байгуулж байна. Тус ТББ нь анх Богд хааны ордон музейд Богд хаант улсын түүхийг харуулсан 106 хуудас бүхий зурагт номыг гаргаж, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж мөн “Дээдийн номын соёл” нэртэй үзэсгэлэн гаргаж байсан ба энэ арга хэмжээг мөн зохион байгуулж  байгаа юм. Би бас боддог 12 сарын 29 бол ерөнхийдөө нийтийн тооллыг хэрэглэдэг боловч үндэсний баяр юм. Яагаад гэвэл 1911 онд эрх чөлөөний баяр болж наймдугаар Богд энэ үйлсийг гардан хийгээгүй бол 1921 оны хувьсгал болохгүй байх байсан тэгэхээр энэ өдөр бол яах аргагүй 7 сарын 11 шиг үндэсний хэмжээний баярын өдөр. Тиймээс нийт Монголчууддаа эрх чөлөөний баярын 104 жилийн ойн мэндийг хүргэмээр байна.

“Зүрхийг тань дайлъя” лекц бол ашгийн төлөө бус нийгмийн сайн сайхны төлөө арга хэмжээ юм. Улаанбаатар хотын болон Өвөрхангай аймгийн Хархорин сумын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулах бөгөөд лекцийг орон даяар дохионы хэлээр телевизээр дамжуулна. Мөн энэ арга хэмжээнээс орсон орлогыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулах юм. Билетийн үнэ таван мянган төгрөг.

-Нийгэм бухимдалтай байна, сөрөг мэдээлэл их байна гэж байгаа боловч хүмүүс гэгээрч, бясалгаж, ухааръя гэсэн хандлагатай болсон байна?

-Өнөөгийн нийгэмд хүмүүс дандаа болохгүй бүтэхгүй сөрөг зүйлсийг их ярьдаг, тэр хэрээрээ бухимдал их байна. Гэтэл эерэг зөв зүйлсийг хардаг хандлага нийгэмд хэрэгтэй, яагаад гэвэл бид болохгүй бүтэхгүй зүйл яриад байвал өөрсдөө л зовно. Нийгэмд сайн сайхан зүйл их байгаа тэр бүхнийг олж харж чадахгүйгээс өөрсдийгөө ч бухимдуулаад эргэн тойрныхоо хүмүүст ч муу энерги их цацдаг. Тухайн лекцэн дээр лам хувраг хүн гэдэг маань нийтийн сайн сайхны төлөө эх болсон зургаан зүйл амьтны сайн сайхны төлөө гэсэн зорилготой хүн байх ёстой гэж боддог тийм болохоор энэ утгаараа лам нар маань дуу хоолойгоо олонд хүргэж зөв зүйтэй зүйлд манлайлж байх ёстой гэж боддог. Лам хүн бол сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг сэтгэл зүйч гэж боддог. Тийм учраас сайн сэтгэл зүйч байх хэрэгтэй. Хүн зовлон зүдгүүр тохиолдоход хамгийн түрүүнд лам хүн дээр ирдэг, над дээр ирдэг хүмүүс зөндөө зүйлсийг ярьдаг. Тэр бүхнийг сонсоод бусдад тус дэм болох юмсан гэж дотроо боддог. Тийм болохоор энэ зохион байгуулж байгаа үйл ажиллагаа маань давхар лам хүний үүрэг хариуцлагыг гаргасан байх юм болов уу гэж бодож байна. Байгууллагууд хүсэлт тавьсаны үндсэн дээр олон байгууллагуудаар цувралаар лекц хийж байгаа. Сүүлийн үед хүмүүс гэгээрье, ухаарья, сэхээрье өөрийгөө өөрчилье гэсэн сэтгэхүйтэй болсон байна. Номын санд ороод харахад далд ухааны эсвэл аз жаргалтай болох тухай номууд их байдаг болж энэ нь уншигч байна гэсэн үг үүнийг би нийтээрээ сайн сайхан байхыг хүсч байна гэж ойлгож байгаа.

-Лам нарын тухай их буруу ойлголт байдаг. Аваад л байдаг өгч мэддэггүй гэдэг. Гэтэл таны хувьд тэс ондоо өнгө төрх харагдаад байна л даа?

-Лам нар сайн үйлсийг хийж чадахгүй байна, голдуу аваад байна гэж гэсэн нийтийн хандлага  байна. Миний бодлоор лам нар зөндөө зүйлсийг хийж байгаа тэр бүхнийгээ сурталчилдаггүй, таниулдаггүй нийгэмд зарладаггүй тэр нь дутуу дулимаг байдгаас хүмүүст ийм хандлага байгаа юм шиг санагддаг. Бусдад тусалсанаа зарлаад явах нь хово байдаг. Иймээс энэ лекцийг өргөн хэмжээнд зохион байгуулж байна. Лекц маань “Зүрхийг тань дайлая” гэсэн нэртэй байгаа. Өнөөгийн нийгэмд бид дандаа мэдлэгийг ярьж байна. Тархи байх тухай ярьж байна. Чи хамгийн мундаг нь бай, хамгийн сайн нь бай бусад бүх хүмүүс чиний дор байх ёстой гэдэг сэтгэхүй нэлинхүйдээ байна. Буддын шашины үзэл сургаалиар бол аль болохоор энэрэх, нигүүлсэх, хайрлах нь хамгийн чухал тэгэхээр тархи биш зүрх байх, бие биендээ хуваалцдаг, тусалдаг, бие биенээ хайрладаг хандлагатай байх нь хамгийн зөв. Нэг ёсондоо зөв хүн байх ухааныг ярих учраас зүрхийг тань дайлж байгаа юм. Яагаад гэвэл тархи хүнийг салгадаг хуваадаг, тайлбарладаг  зүйл. Харин зүрх бол хайрладаг, энэрдэг, уучилдаг. Ийм учраас хайрладаг зүрх олон байх тусам нийгэмд аз жаргалтай байх боломжтой. Ер нь хорвоо дээр зовлон их байгаа нь авах гээд байгаа хүн олон, өгөх хүн цөөн байдагт л оршоод байна. Тийм учир бид өгье. Бид Монгол Улсын иргэн, нэг дэлхийн иргэн, нэг сал завин дээр амьдарч яваа. Тийм болохоор дэлхий сүйрвэл бид сүйрэхээс аргагүй болно. Сал завин дээр маань нэг зорчигч зовж байхад гараа сунган тусалж байх хэрэгтэй. Чиний хүүхдийн амьдрах орчин сайхан байх хэрэгтэй. Чи өөрөө болоод байдаг эргэн тойрон чинь болохгүй байвал хүүхдэд чинь нөлөөлнө. Ирээдүйнхээ төлөө хүүхдийнхээ төлөө монголынхоо төлөө хийж байгаа гэж бодон аль болохоор хуваалцаж байя, хайрлаж байя гэсэн утга агуулгаар энэхүү лекцийг зохион байгуулж байгаа.

-Хайрлаарай дууг та зүрх сэтгэлээсээ үг, аялгуу бүрийг нь мэдэрч дуулсан. Гэтэл энэ дууг дохионы хэлээр хэлгүй хүмүүс яг тань шиг мэдэрч дуулсан...Гайхалтай бас сонин мэдрэмж төрсөн?

-Энэ жилийн зургаан сард Өвөрхангай аймгийн Хархорин сумын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн концерт дээр Хайрлаарай дууг хэлгүй хүмүүс дохиогоор дуулсан. Хэлгүй хүмүүс дуулна гэхээр хүмүүс гайхдаг гэхдээ дуулж болдог юм билээ. Тэд доторх хэмнэлээ мэдрээд дохиогоор дуулдаг. Тэд ялгаагүй л бидний нэг хэсэг Монгол Улсын иргэн. Та өөрөө хэлгүй ч юм уу, хараагүй байвал ямар байх вэ танай гэр бүлд тийм хүн байвал ямар байх вэ тэгэхээр тэр хүмүүсийг аль болохоор хамруулж нийгэмшүүлж ойлгож байх хэрэгтэй юм болов уу.

“Зүрхийг тань дайлъя”лекцийн төгсгөлд Хайрлаараа дуугаа дуулах гэж байгаа. Дууны утга агуулгыг хүмүүс надаас дандаа асуудаг, лам хүн байж дуу дуулдаг гэж зарим хүмүүс шүүмжилдэг. Би бол дууг зугаа цэнгэл маягаар дуулдаггүй ухаарал түгээх зорилгоор дуулдаг. Энэ дууны утга агуулга нь мэгзэмийн утга агуулгатай нийцэг мигмид зэви дэрчин жанрайсаг гэдэгтэй дүйцдэг бүх л зүйлийг багтааж хайрлаарай гэдэгтэй нийцдэг. Тийм болохоор аялгуугаар ухаарал түгээх гэж оролдож байгаа юм. Маань хөгжөөх ч гэсэн нэг төрлийн дуу шүү дээ. Хайрлаарай дууны утга агуулга нь аав ээжийгээ хайрлаарай нэгэнт байхгүй болчиж магадгүй шүү, ах дүүгээ хайрлаарай, гунигтай сэтгэл байвал аргадаад өгчих л дөө, нулимстай нүд байвал арчаад өгчих л дөө энэнд юу орох юм бэ гэсэн утгыг агуулсан дуу байгаа. Энэ дууг Хархорины хоригдлууд оройн тоо болгон дээрээ дуулж байгаа болж өгвөл нийт хорих ангиуд энэ санаачлагыг дэмжээд орой болгон дуулуулдаг байгаасай гэж хүсч байна. Тэр хүмүүс ч гэсэн амьдралд алдаж оноод ухаарах гээд амьдарч байгаа бидний нэг л хэсэг шүү дээ.  

Энэ дууны утга агуулга их чухал болохоор лекцэн дээрээ энэ дууг дуулж байгаа. Ер нь хүн хорвоод яах гэж ирсэн, юуны төлөө ирсэн юм бэ хэр их зүйл өгөх гэж ирсэнээрээ даалгавартай ирсэн байдаг гэж би боддог. Тийм болохоор өөрийнхөө даалгаврыг хангалттай хийж байгаад буцах юмсан. Чин сэтгэлээсээ намайг сонсох хүн байвал ярьж өгч, туслахаар хүн байвал туслах юмсан гэж боддог тийм болохоор хүмүүсийн урилгыг хүлээн аваад энд тэнд очоод лекц уншдаг. Монголчууд маань маш сайхан уужуу сэтгэлтэй ард түмэн шүү дээ. Монголчууд муу бодол тээж  хонодоггүй, хүнд туслах чин сэтгэлтэй ард түмэн гэж би боддог. Тийм болохоор нийт монголчууддаа энэ лекценд хамрагдаж, аль болохоор бие биенээ ойлгож туслаж, хайрлацгаая гэж уриалж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна