Сонгуулийн хуулийг хэлэлцэж эхэллээ

2015 оны 12 сарын 21

УИХ дахь нам, эвслийн бүлгүүдийн хуралдаан өнөөдөр 10.00 цагт зарлагдсан ч хараахан дөнгөж сая эхлээд байна. Тухайлбал, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Төрийн ордны “А” танхимд, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд “Б” танхимд эхэлсэн байна.

Бүлгүүд энэ өдөр Сонгуулийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болжээ. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнгөрсөн баасан гаригт хуралдаад дээрх хуулийг энэ долоо хоногт багтаан батлахаар төлөвлөж, хуралдааны хуваарь гаргасан юм.

УИХ-д Сонгуулийн нэр бүхий гурван хуулийн төсөл баригдсан бөгөөд тэдгээрийг нэгтгэнэ. Ингэхдээ томоохон шинэчлэл хийхгүй, нэмэлт өөрчлөлт хийх замаар Сонгуулийн хуулиа тордох чиг барьж байна.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанд энэ өдөр УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар тус мэдээлэл хийх аж. Мөн Сонгуулийн хуулиудыг хэлэлцэнэ. Түүнээс ямар заалтыг нь авах, ямар заалтыг нь хуульд тусгахгүй байх тухайгаа нэг бүрчлэн ярилцана.

Мөн байнгын хороодын дарга нарыг шинээр сонгох асуудал энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэгдэж батлагдах учиртай. Байнгын хороодын дарга нарыг жилийн хугацаатай томилдог. Зарим байнгын хороодын дарга нарын бүрэн эрхийн хугацаа дууссан тул энэ асуудлыг хэлэлцэх ажээ.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна