Т.Нарантунгалаг: Телевизийн салбарт “ЯАГААД” хэмээх шинэ контент мэндэллээ

2015 оны 12 сарын 21

Монголын медиа салбарт нэгэн шинэ контент мэндэллээ. Энэ бол “Яагаад?” нэртэй нийгэм соёлын цуврал нэвтрүүлэг юм. Энэхүү цувралын онцлог нь АНУ-ын хөгжлийн шийдэл болсон сайн санаануудыг нийгмийн салбар бүрээр харьцуулан харуулж “Монгол маань яагаад ийм байж болохгүй гэж” гэсэн санааг агуулснаараа онцлог юм. Ингээд тус нэвтрүүлгийн ерөнхий продюсер, хамтран санаачлагч Т.Нарантунгалагтай контентийн талаар ярилцсанаа хүргэж байна.

-Тив дамнан “Яагаад” төслийг хэрэгжүүлж байгаа гэж сонслоо. Энэ ямар учиртай төсөл вэ, яагаад үүнийг хийхээр болсон тухай яриагаа эхлэх үү?

-Тиймээ. Энэ төсөл маань алс холын Америк орноос тив дамнан хэрэгжиж байгаа томоохон төсөл юм. Төслийн нэрний хувьд ч их энгийн, бидний өмнө тулгамдаж буй асуудлуудын хариултыг хамтдаа олох зорилго агуулсан юм. Ер нь гадаадад амьдарч байгаа Монголчууд маань ч гэлтгүй бид ч гадны улс оронд зорчихдоо тухайн орны хөгжлийн шийдэл, түүнд хэрхэн хүрсэн арга зам, төрийн зүгээс ард иргэддээ хандсан нийгмийн халамж үйлчилгээний стандарт, шийдлүүдийг мэдрэх бүрдээ Монголд маань яагаад ийм байж болдоггүй юм бэ гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг шүү дээ. Тэгэхээр эдгээр асуултуудын хариултыг энэхүү төсөлт нэврүүлгийг үзсэн хүн бүр олж харж, тодорхой шийдлийг хамтдаа олъё л гэсэн санаа юм. Нөгөөтэйгүүр Монголчууд бид нүүдлийн соёл иргэншилтэй ард түмэн. Сүүлийн 100 орчим жил суурин иргэншилтэй болж ирж байна л даа. Харин америк тив, европ тивд амьдарч буй улс орнууд олон зуун жилийн суурин соёл иргэншлээс өнөөдрийг хөгжлийг бий болгон, сайн муу олон замыг туулан өнөөгийн хөгжлөө цогцлоосон. Тиймээс бид энэ нэвтрүүлгээрээ бусдын олон зуун жилийн алдааг давтаж цаг алдахгүйгээр яг одоо хамгийн сонгодог гэсэн жишээг нь Монголынхоо хөрсөн дээр буулгаад, нутагшуулаад цагийг алдахгүйгээр хөгжлөө хамтдаа бүтээе гэсэн эрмэлзэлээр энэхүү төсөл маань хийгдэж байгаа юм. Мэдээж хэрэг тухайн орондоо хуульчлагдаад батлагдаж, сайн үр дүнг үзүүлж байгаа. Тэгэхээр энэхүү нэвтрүүлгээрээ Америкийг магтах зорилго агуулаагүй бидэнд байгаа боломжоо ашиглан хийх нь бидний зорилго байлаа. Нэвтрүүлгийн АНУ дахь санаачлагч Г. Галбадрах ах маань тус улсад олон жил ажиллаж амьдарсан хүн. Энэ бүхнээс үүдэн “Яагаад” төслийг хэрэгжүүлэх санал төрсөн юм.

-Өөрийгөө танилцуулаач?

-Би Телевизийн салбарт маркетингийн чиглэлээр 8 жил гаруй ажиллаж байгаа энэ салбарт мэргэшсэн маркетер хүн. NTV, Ийгл телевизүүдэд ажиллаж байсан. Сүүлийн нэг жил яг энэ төсөл дээрээ гардан ажиллаж байна.

-Яагаад төслийн санаачлагч Г.Галбадрахын өмнө нь хэрэгжүүлж байсан “Монгол хүн Монголын баялаг” телевизийн төсөл маш амжилттай хэрэгжсэн. Энэ төслөөр дамжуулан АНУ-д амжилттай ажиллаж амьдарч буй Монголчууд дэлхийн нэр хүндтэй google, yahoo зэрэг компаниудад хэрхэн амжилттай ажиллаж байдгийг сурталчлан таниулах, нөгөө талаар үзэгчдэд урам зориг өгсөн нэвтрүүлэг болсон шүү?

-Тэгэлгүй яахав. “Монгол хүн Монголын баялаг” нэвтрүүлэг бол яах аргагүй амжилттай хэрэгжсэн төсөл. Харь нутагт ажиллаж буй Монголчууд маань дэлхийн брэнд болсон компаниудад хэрхэн амжилттай ажиллаж болдгийг харуулсан тод жишээ. Энэ төслийг Г. Галбадрах ах маань маш амжилттай хэрэгжүүлсэн. Тиймээс “Яагаад” төсөл бол түүний хэрэгжүүлэх хоёр дахь томоохон төсөл юм.

-Хүний нутагт ажиллаж, амьдарч байгаа Монголчуудад маань нээрээ л яагаад бид ингэж амьдарч болдоггүй юм бол гэж бодогддог байх л даа. АНУ-д амьдардаг хүмүүсийн хувьд илүү ойр, илүү нээлттэй байх шиг санагддаг?

-Үнэхээр тийм шүү. Нэвтрүүлгийн зураг авалтыг хийгээд явж байхад нэг зүйл их анзаарагдсан. Гадаадад олон жил болсон Монголчууд маань нутаг орноо маш ихээр санаж үгүйлдэг нь үргэлж анзаарагддаг. Нэвтрүүлэг бэлтгэх явцад Америк дахь монголчууд маань бидэнд чин сэтгэлээсээ хандан дэмжлэг туслалцаа үзүүлж байсанд талархалаа илэрхийлье. Энэ төслийг хэрэгжүүлэхэд АНУ-ын маш олон хотоор бид явж, хөгжил, үйлчилгээтэй нь танилцсан, тэндээс жишиж болохуйц санаануудыг өвөрлөн ирсэн. Учир нь тухайн хот, мужуудын онцлог, болон улиралдаа тааруулан нийгмийн халамж үйлчилгээ өөр өөр байдгийг харуулж байгаа .Тэгэхээр АНУ-н хотуудын хооронд газраар олон мянган километрыг туулан хийж байгаа маань чамлахааргүй ажил шүү. Мэдээж хэрэг хот бүрт биднийг тэнд амьдарч буй Монголчууд маань халуун дотноор хүлээн авч дэмжиж ажилласан. Энэ төсөл маань тэдний урам зориг, дэмжлэгээр өдий зэрэгтэй хэрэгжиж явна.

-Нэвтрүүлгийн тал зураг авалт АНУ-д хийгдэж байгаа юм байна. Зураг авалтад шаардлагатай хөрөнгийг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

-Одоогоос жилийн өмнө энэ төслөө хийхээр зориг шулуудан ажлаа төлөвлөж эхэлж байлаа. Мэдээж хэрэг тив далай алгасан олон удаагийн зураг авалт хийх, уран бүтээлчдийн зардал нэлээд өндөр байсан л даа. Энэ нэвтрүүлгийг маань анхнаас нь зөвхөн цаасан дээрх төсөл байснаас нь авахуулан хэрэгжих хүртэл нь биднийг дэмжиж, нислэгийн тийзний асуудлыг бүрэн шийдэж дэмжин ажилласан “Туркиш айрлэнис” компанийн хамт олондоо маш их талархаж байгаагаа танай сайтаар дамжуулан хэлье. Өнөөдөр нэвтрүүлэг маань олон нийтэд хүрэхэд бэлэн болсон байна. Нислэгийн шилдэг авиа компани Монгол орны хөгжилд хувь нэмэр болохуйц ажлыг маань анхнаас дэмжсэн болохоор маш их баяртай байдаг. Бидний хамтын ажиллагааны хүрээнд Дэлхийн хөгжлийг ард түмэндээ харуулах болсон маань өөрөө маш том хамтын үр дүн юм. Нэвтрүүлэгт гарч байгаа зардлуудаа ер нь төслийн хамт олон маань өөрсдөө зохицуулаад явж байгаа. Мөн Америк талын зураг авалтанд тэнд амьдарч байгаа Монголчууд маань маш сайхан сэтгэлээр дэмжээд л ажиллаад явсан. Мөн нэвтрүүлгийн хэвлэл мэдээллийн спонсор News.mn сайтын хамт олонд талархал илэрхийлье.

-Нэвтрүүлгийн сэдвүүд тодорхой болчихсон уу?

-Нэвтүүлгийн сэдвүүдийн хувьд Нийгмийн бүхий л салбарын асуудлуудыг хөндөн харуулахыг зорьсон. Эрүүл мэнд, нийгмийн халамж, боловсрол, зам тээвэр, уул уурхай, хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан гээд олон салбарыг хамруулахыг хичээсэн. Хэдийгээр бид 52 сэдвийг сонгон хийж байгаа боловч сэдэв бол өргөн.

-Нэвтрүүлэг хэр удаан үргэлжлэх вэ?

-Бүтэн жилийн 52 долоо хоногийг тооцон 52 сэдвийн хүрээнд хийж байгаа ч энэ төслөө дараа дараагийн жилүүдэд өөр улс оруудаас үргэлжлүүлэн хийх төлөвлөгөө бий. Долоо хоног бүрийн Даваа гарагт Монгол HD телевизээр үзэгчтэйгээ энэ төслөөр уулзах болно.

-Дэлхийн бусад орнуудад тухайлбал АНУ-д мөрдөгддөг, манайд бий болгох боломжтой гэж үзэж байгаа нийгмийн халамж үйлчилгээний стандартуудаас танилцуулаач?

-Байлгүй яахав. Жишээ нь хамгийн наад захын асуудал байна л даа. Хүүхдийн аюулгүй суудал. Нэрийг сонсоход байдаг л зүйл мэт сонсогдож байгаа ч энэ маань манай монголд анхаарах маш чухал асуудал байгаад байна. Манайхан мэддэг мөртлөө ягштал мөрдөөд явж чаддаггүй. Энэ нь маш олон зүйлээс хамааралтай л даа. Хамгийн наад зах нь санхүүгийн чадавхи гээд бүх нийтээр хүүхэдтэй хүн болгон аваад хэрэглэхэд үнэ өртөг өндөр байдаг. Монголд бага насны хүүхдийн аваар осолд өртсөн тоо баримт жил ирэх тусам нэмэгдэж байгаагаас харахад үүнийг хуульчлаад стандарт болгоод мөрдүүлэх нь зөв. Гэтэл Америкийн төр засгаас нь жирэмсэн ээжийг төрөөд эмнэлэгээс гарахад нь хүүхдийн аюулгүй суудлын талаар эцэг эхэд нь хичээл зааж ойлгуулан эмнэлэгээс шинэ хүүхдээ аваад гарахад бэлэн суудалтай эсэхийг нь шалгаж гаргадаг, тухайн эцэх эх хүүхдийн суудалгүй бол эмнэлэгээс нь гаргадаггүй. Хэрэв суудал авах боломжгүй айлд нь тухайн улсаас нь нөхцөл байдлыг нь харгалзан үзээд суудлыг өгөөд гаргадаг. Гэх мэтчилэн асар олон зүйлс байна. Нэг зүйлийг хэлэхэд тухайн нийгмийн асуудлууд ч анх бодитоор хэрэгжихдээ асар олон бэрхшээл замыг туулан байж хэсэг хугацааны дараа ягштал мөрдөж эхэлсэн байдаг жишээг ардчилсан нийгмийн Америкаас бид харж байгаа.

-Тэгэхээр Стандарт гэдэг зүйлийг бид хэрэгжүүлж мэдэхгүй байна уу эсвэл сэтгэл гэдэг зүйл дутагддаг юм байна уу, аль нь нэгдүгээрт байна вэ?

-Нэвтрүүлгийг хийх явцад бид тухайн нийгмийн салбар бүрийн асуудлыг харуулахын тулд судалгаа хийж явахад бол Монголд маань тухайн асуудлын стандарт, хууль эрх зүй нь байхгүй биш байна. Ард иргэд ч өөрсдөө мэддэг юм байна. Гэвч тэрийгээ амьдрал дээр хэрэгжүүлээд явах тал дээр дутмаг байгаа нь харагдаж байна. Төр засгийн зүгээс тухайн асуудалд тавих хяналтын механизм нь сул санагдсан.

-Төр засаг хийнэ гэж хүлээхгүйгээр иргэдийн санаачилга, оролцоогоор юу юуг хийж болохоор байна вэ?

-Хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдэг өөрөө олон нийтийг соён гэгээрүүлэх асар том үүрэгтэй гэж би боддог. Ялангуяа телевиийн үүрэг маш их. Үзэгчид эндээс гэгээрлийг олж авч, сэтгэхүйгээ өөрчлөх боломж бий. Энэ төслийн бас нэг гол зорилго нь ч энэ мөн. Иргэд өөрсдийн санаачилгаар хийж болох олон зүйлүүд байна. Хотын соёлд хүн бүр суралцаж ухамсраа дээшлүүлэх хэрэгтэй байна. Нөгөөтэйгүүр аялал жуулчлалыг жилээс жилд хөгжүүлэх талаар ярьж байгаа. Энэ тал дээр гадны жуулчид ирээд хотоос зайдуу явдаг. Яг энэ хооронд зорчигчийн түр амрах зам зуурын үйлчилгээний газрууд бараг байхгүй шахам. Тэгвэл энэ асуудлыг иргэд бид өөрсдөө санаачлаад хувийн хэвшлүүд нь хэрэгжүүлээд явж болохоор. Ингэснээрээ ажлын байр ч бий болно шүү дээ. Тэгэхээр төр засгаас энэ тал дээр бодлогын хүрээнд зохицуулалтыг хийгээд, ядаж газрыг нь шийдээд өгчихвөл иргэд, хувийн хэвшлийнхэн менежментийг хийгээд явж болохоор санагдаад байгаа юм. Гэх мэтчилэн нэвтрүүлгийн дугаар бүрээс хэрэгтэй санаа шийдлүүд харагдаж байгаа.

-Сайхан санал байна. Асуудлын шийдлийг олж, олон нийтэд танилцуулан "загвар төсөл" гаргана гэлээ. "Загвар төсөл"-ийг хэн боловсруулах вэ?

-Энэхүү нэвтрүүлгийн үр дүнд хэрэгжүүлэх олон загвар төслүүд хийгдэх юм. 2016 он гараад хэрэгжүүлж эхлэх санаа байна. Жишээлбэл: Хүүхдийн аюулгүй суудал, Хүүхдийн цэцэрэг, Хүүхдийн номын сан гээд л хэрэгжүүлж болох нэвтрүүлгээс төрөн гарсан санаанууд байна. Хүүхдийн номын сан л гэхэд Монголчууд маань сүүлийн үед хүүхэддээ ном уншиж өгөх нь, номонд дуртай хүүхэд багачууд багассаар л байгаа харин дэлхий нийтийн жишигт бол дэлгэмэл номын эрэлт хэрэгтээ маш ихтэй байгаа юм байна лээ. Бүр сургуульд орохоосоо өмнө 1000 ширхэг ном унших аян хүртэл хийдэг юм байна. Манайд бол дунд сургуулийн хүүхдүүд ч энийг хийж чаддаггүй шүү дээ. Ингээд л аав ээжүүд, хүүхэд багачууд, болон жирийн иргэн хүний өөрсдийн хийж, хэрэгжүүлж болох зөндөө нийгмийн халамжуудын сайн талуудаас үлгэр авч хэрэгжүүлж болно.

-Сайн дурын үндсэн дээр иргэд, ААН байгууллагууд "Яагаад" төсөлд оролцох боломжтой юу?

-Энэ нэвтрүүлэг маань аль нэг намын үзэл бодол болон хараат бус гэдгээрээ онцлог. Жирийн нэг иргэдийн л санаачилга юм. Нэвтрүүлгийн уриа маань хүртэл “Иргэн хүн бүр өөр өөрийнхөө хийж чадах зүйлийг л эх орондоо хийе” гэсэн уриатай байгаа болохоор төсөлд маань сайн дураараа орж бидэнтэй эвэлдэн нэгдэж, Монгол орны хөгжилд бага ч болов гэсэн хувь нэмрээ оруулах боломжтой. Төслийг хэрэгжүүлэхэд төсөв хөрөнгөний зардал нэлээд гарч байгаа гэж дээр дурдсан. Энэ төсөл бол ашиг харж хийсэн төсөл биш. Цэвэр иргэн хүний ухамсар, хариуцлагаар эх орныхоо хөгжлийг шинэ шатанд гаргая гэсэн тэмүүллээр энэ төслөө хэрэгжүүлж байгаа. Тиймээс бид эхлээд нэвтрүүлгээ хийгээд бүтээгээд үзье, үүний дараа иргэд, аж ахуйн нэжгүүдээсээ тодорхой хэмжээний дэмжлэг туслалцаа хүсье гэдэг зарчим дээр тулгуурласан. Тодотгон хэлэхэд энэ төсөл дээр маань их бага хэмжээгээр санхүүгийн болон бусад дэмжлэг үзүүлж буй иргэн, аж ахуйн нэгжүүд та бүхэн тодорхой хэмжээгээр нийгмийн хариуцлагаа ухамсарлан, эх орныхоо хөгжилд бага ч гэсэн хувь нэмэрээ оруулж байгаа шүү гэдгийг онцлон хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна