Баянзүрх авто вокзалыг нүүлгэнэ

2015 оны 12 сарын 21

Нийслэлийн Баянзүрх авто вокзалыг нүүлгэх шийдвэрийг Зам тээврийн яамны шуурхай хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт гаргасан. Баянзүрх авто вокзал нь зүүн бүсийн аймаг, сумд  руу нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлдэг бөгөөд одоогийн байршилд хот хоорондын тээврийн үйлчилгээний  том оврын автобус,  тээврийн хэрэгсэл олноороо байрлах зай талбай хүрэлцэхгүйд хүрсэн юм. Тиймээс тус автовокзалыг нүүлгэхээр шийдвэрлэжээ.

Баянзүрх авто вокзалыг Дүнжингарав худалдааны төв руу нүүлгэхээр болжээ. Одоогийн байдлаар Дүнжингарав группийнхэнтэй аман тохиролцоонд хүрээд байгаа гэнэ. Тун удахгүй тус группийн удирдах зөвлөлийнхөн хуралдаж, энэ асуудлыг эцэслэн шийдэх ажээ. Албан ёсны шийдвэр гармагц Баянзүрх авто вокзалыг Дүнжингарав руу нүүлгэх бөгөөд ингэснээр зай талбайн хувьд чөлөөтэй болохын дээр хот хоорондын үйлчилгээний автобус, тээврийн хэрэгслүүд Улиастайн шинэ зам, уулын зам гэхчлэн замуудыг сонгон хотын төвийн түгжрэлд орохгүйгээр алсын замд гарах боломж бүрдэх ажээ. Мөн Дүнжингарав худалдааны төв нь Улаанбаатар хот доторх автобусны 13-14 чиглэлийн эцсийн буудал болдгоороо онцлог. Энэ нь орон нутаг руу зорчих болон орон нутгаас ирж буй иргэдэд унаа хүлээхгүйгээр зорчих боломж олгоно гэдгийг Авто тээврийн үндэсний төвийнхөн онцолж байна.

Д.ЦЭЭНЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна