Шинэ жилийн баярын өдрүүдэд бэлэн байдалд ажиллахыг үүрэг болголоо

2015 оны 12 сарын 21

Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөн боллоо. Зөвлөлгөөнийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл удирдан явуулав. Зөвлөлгөөнөөр өмнөх хуралд өгсөн үүргийн биелэлтийг танилцуулж, нийслэлийн Засаг дарга холбогдох газруудад үүрэг даалгавар өгч, дүүргүүдийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар танилцууллаа.  

Өмнөх Шуурхай зөвлөлгөөн дээр өгсөн үүрэг даалгаврын биелэлт
 

Мал тэжээвэр амьтдын 2015 оны тооллого боллоо

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа Мал, тэжээвэр амьтдын тооллогыг зохион байгууллаа. Мал, тэжээвэр амьтдын 2015 оны тооллоготой хамтран хашаа худгийн тооллого, гэрийн тэжээвэр нохой, муурны бүртгэлийг шинэчлэн хийж байна. Энэ онд нийслэлийн нутаг дэвсгэрт нийт 345.5 мянган толгой мал тоологджээ. Үүнээс Багануур хамгийн их малтай дүүргээр бүртгэгдэв. Харин мал, тэжээвэр амьтдын тооллогын онлайн програмд 1144 малчин өрх, 3940 мал бүхий өрхийн 268.8 мянган толгой малын мэдээллийг оруулаад байна.
 

Гэмт хэргийг бууруулах чиглэлээр “Нийслэл илрүүлэлт” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна

Нийслэлийн хэмжээнд 2015 оны эхний 11 сарын байдлаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг өмнөх оны мөн үеийнхээс 14 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Дээрх үзүүлэлтийн дагуу дүгнэлт хийж, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчлийн тоог бууруулах зорилгоор “Нийслэл-Илрүүлэлт” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд эрэн сурвалжилж байсан 259 оргодол этгээдийг  тогтоож, цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй 428 хэрэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205 дугаар зүйлд заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн 455, ажиллагааны явцад 915 хэргийг тус тус илрүүлэв. 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар гэмт хэргийн илрүүлэлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.6 хувиар өсчээ.
 

“Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-д албан хаагчаа ажиллуулаагүй байгууллагуудын удирдлагыг ажлаас чөлөөлнө

Төрийн үйлчилгээг иргэдэд чиргэдэлгүй, шуурхай хүргэх үүднээс нийслэлийн гурван байршилд “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулахаар болсон. Эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвд 2800 метр квадрат талбайд “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулж байгаа бөгөөд одоогоор бэлтгэл ажлаа хангаж байна. “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-д ажиллах албан хаагчдаа бэлтгэх ажлыг зохион байгуулах үүргийн хүрээнд нийслэлийн харьяа байгууллага, агентлагууд тус төвд ажиллах албан хаагчаа бэлтгэж байгаа юм. Харин нийслэлийн харьяа таван байгууллага тус төвд албан хаагчаа ажиллуулах боломжгүй гэж үзжээ. Нийслэлийн Засаг дарга "Төрийн үйлчилгээний нэгдсэн" төвд албан хаагчаа ажиллуулаагүй байгууллагуудын удирдлагыг ажлаас чөлөөлөхийг анхааруулав.  
 

Зайсан, Нисэх, Богд уулын арын замд түүвэр цэвэрлэгээ хийв

Автобусны буудлууд, явган хүний зам талбай, гарцан дээрх хальтиргаа гулгааг холбогдох мэргэжлийн байгууллагууд цэвэрлэж арилгах үүргийн хүрээнд Зайсан, Нисэх, Богд уулын арын замд  явуулын бригад 23 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, түүвэр цэвэрлэгээ хийв. Эдгээр газарт 20 тонн цас хайлуулах бодис цацжээ. Мөн байгууллагууд орчны 50 метр хүртэлх талбайн хог, цас мөс цэвэрлэгээг тогтмол хийлгэх ажлын хүрээнд нийслэлийн ИТХ-ын 61, 63 дугаар тогтоолоор баталсан журмаар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн байгууллагуудад  "Гахай" наалт, сайн биелүүлсэн байгууллагуудад "Инээмсэглэл" наах ажлыг хийж эхлээд байна.

“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын ажилтнууд энэ сарын 16-ны өдөр Боловсролын их сургуулийн автобусны буудлаас Бээжингийн гудамжны 4 замын уулзвар хүртэлх явган хүний замын цасыг цэвэрлэв. Энхтайвны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Чингисийн өргөн чөлөө, Бээжингийн гудамж, Олимпийн гудамж, Намянжугийн гудамж, Сансар, Дамбадаржаа, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Баянхошуу, Хувьсгалчдын гудамж, Гэсэр, алслагдасан замууд болох 22-ын товчоо, Санзай, Био комбинат, Өлзийт, Шувуун фабрик зэрэг газруудын автобусны буудал болон явган зам, замын нуухны цэвэрлэгээг цас орсон тухай бүрт гараар болон цас түрэгч багажаар, мөстөж хөлдсөн хэсгийг цэвэрлэсэн байна.

Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл дараахь үүрэг даалгаврыг холбогдох байгууллагуудад өглөө. Үүнд:

  • Явган хүний зам талбай, гарцан дээрх хальтиргаа гулгааг мэргэжлийн байгууллагууд цэвэрлэх ажлыг шуурхай зохион байгуулах

  • Халтиргаа, гулгааг арилгах зорилгоор давс, бодис нөөцлөх талаар цаашид авах арга хэмжээний саналыг Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурал танилцуулах

  • Гэмт хэргийн гаралт их байгаатай холбогдуулан  “Хөршийн холбоо”-ны үйл ажиллагааг идэвхжүүлэх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах

  • Шинэ жилийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Чингисийн талбайд 12 дугаар сарын 31-ний үдэш болох баярын цэнгүүнд нийт байгууллагууд идэвхтэй оролцох, баярын өдрүүдэд эргүүл, жижүүр томилон ажиллуулах

  • Баярын өдрүүдэд мэргэжлийн чиг үүргийн байгууллагуудыг үүрэгжүүлж хэрэглээний халуун, хүйтэн болон ундны ус, дулаан, цахилгаанаар тасалдалгүй хэвийн хангах, шаардлагатай тохиодолд ажиллах аюулгүй ажиллагааны бригадыг бэлэн байлгах, хяналт тавьж ажиллах

  • Баярын өдрүүдэд худалдаа үйлчилгээний газруудад хоол, хүнсний чанар аюулгүй байдлыг хангуулах, хяналт тавьж ажиллах

  • Баярын өдрүүдэд хог цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, цагийн хуваарьт хяналт тавьж ажиллах

  • Нийслэл, дүүргийн 2016 оны төсөв батлагдсантай холбогдуулж төсвийг ил тод болгон сурталчлах, төсвийн жилийг эхлүүлэх бэлтгэлийг хангах хүрээнд 2016 оны 1 дүгээр сард багтаан Үнэлгээний хороодыг байгуулахыг үүрэг болголоо.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна