Урьдчилгаа төлбөр 10 хувь болох эхлэл тавигдлаа

2015 оны 12 сарын 21

Барилга хот байгуулалтын яам, Голомт банк хамтран орон сууцын урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох ажилд хамтрахаар өнөөдөр санамж бичиг байгууллаа. Энэ нь эхний ээлжид иргэд авах орон сууцныхаа төлбөрийн 10 хувийг бэлнээр төлж, үлдсэн 20 хувьд нь Барилга хот байгуулалтын яам, арилжааны банкнууд, орон сууцаа борлуулж буй барилгын компаниуд хамтран баталгаа гаргадаг болохоор тохиролцсон гэсэн үг юм. Гэхдээ иргэдэд зээлийг олгож эхлэх хугацаа тодорхойгүй хэвээр үлдлээ. Салбарын яамнаас нь барилгын компани, арилжааны банкнууд нэгдсэн ойлголцолд хүрч, ипотекийн зээлийг үргэлжлүүлэх шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийллээ. Харин арилжааны банкуудын тухайд ипотекийн найман хувийн хүүтэй зээлийг үргэлжлүүлэн олгох боломжтой.  Гагцхүү Улсын их хурал зээлийн эрсдэлгүй орчныг бий болгох ёстой гэсэн хүлээлтэй байна. Өөрөөр хэлбэл, Үл хөдлөх хөрөнгийн тухай хуульд барьцааны асуудлыг иргэн, банк аль алиных нь эрхийг хангасан заалтыг оруулж өгөх шаардлага тулгарчээ.

Улсын хэмжээнд ашиглалтад орж, эзнээ хүлээсэн нийт 839 айлын орон сууц бүртгэгдсэнээс орон нутагт 589, нийслэлд 350 орон сууц нь байна. Дээрх орон сууцаас иргэн байр авахын тулд урьдчилгаа төлбөр 10 хувь төлж, арилжааны банк, тухайн барилгын компани, Барилга хот байгуулалтын яам үлдсэн 20 хувьд баталгаа гаргаж, найман хувийн зээлээр борлуулах эхний алхам дээрх байгуулагдсан санамж бичгийн хүрээнд тавигдсан юм.

Орон сууцын урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох Засгийн газрын хөтөлбөрт хүн бүр хамрагдах боломжгүй. Зөвхөн Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газраас гаргасан өрхийн амьжиргааны түвшний 5-17 бүлэгт хамрагдсан өрхүүд хамрагдах боломжтой юм.  Орон сууцын найман хувийн хүүтэй зээлийн урьдчилгаа төлбөр 30 хувь байсныг 10 болгож, 20 хувийг төр Зээлийн батлан даалтын сангаас баталгаа гаргаж өгөх Засгийн газрын тогтоол гарсан байдаг. Гэтэл улсын төсөв алдагдалтай гарч, улс орны эдийн засаг хумигдсан шалтгаанаар орон сууцын урьдчилгаа төлбөрийг яг хэзээнээс 10 хувь болгох вэ гэдэг хариултгүй хэвээр байсан. Мөн Засгийн газар орон сууцны урьдчилгаа төлбөрийн 20 хувьд баталгааг гаргаж өгөх бол заавал 20 хувьд тэнцэхүйц бэлэн мөнгийг арилжааны банкнуудын дансанд байршуулах ёстой гэсэн шаардлагыг банкнууд тавиад байсан юм.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна