Туркийн арми курдын 110 дайчныг устгажээ

2015 оны 12 сарын 21

 

Туркийн арми ням гаригт /XII.20/ зүүн өмнөд хэсгийн нутагт тусгай ажиллагаа явуулж курдын 110 зэвсэгт дайчныг устгасан болохыг мэдээлэв. Туркийн цэргийнхэн Ирак, Сирийн хилийн ойролцоох хотуудад курдын дайчидтай голчлон тулаан хийжээ. Туркийн армийн ажиллагаанд 10 мянган цэрэг, цагдаа танк хуягт техникээр зэвсэглэн оролцсон байна.

 

Үүний зэрэгцээ Туркийн зүүн өмнөд хэсгийн хамгийн том хот болох Диярбакыр хотноо цэргийн ажиллагааг эсэргүүцсэн олон зуун хүн жагсаал хийж, цагдаа нартай мөргөлджээ. Диярбакыр хотноо шөнийг цагаар хөл хорио тогтоогоод бараг долоо хонож байгаа юм. Туркийн засгийн газрын Курдын ажилчны намтай (PKK) хоёр жилийн өмнө байгуулсан гал зогсоох гэрээ өнгөрсөн долдугаар сард эвдэгдсэн аж. Үүний дараа Туркийн засгийн газраас 1.3 сая орчим хүн амьдардаг нийт долоон мужид өнгөрсөн наймдугаар сараас хойш хөл хорио тогтоосон байна.

 

Туркийн арми болон курдуудын хоорондох зөрчил мөргөлдөөний  улмаас Жизре хотноо 300 орчим байшин барилга сүйдэж, хөрш Силопи хотын  гэрэл цахилгаан тасарчээ.

 

Курдын ажилчдын нам (PKK) 1984 оноос хойш голдуу курдууд оршин суудаг бүс нутгийг тусгаар тогтнуулахаар Туркийн засгийн газартай тэмцэж байгаа аж. Энэ зөрчил тэмцлийн улмаас 40 мянга гаруй хүн амь үрэгджээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна