Хүүхэд харах хүсэлтээ 2000 гаруй хүн илэрхийлжээ

Хуучирсан мэдээ: 2015.12.21-нд нийтлэгдсэн

Хүүхэд харах хүсэлтээ 2000 гаруй хүн илэрхийлжээ

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Тэгвэл хүүхэд харах үйлчилгээ явуулах иргэд хүсэлтээ гаргаад эхэлжээ. Одоогоор 2000 гаруй иргэн хүүхэд харах үйлчилгээ явуулах хүсэлтээ илэрхийлсэн байна. Тэдний 60 хувь нь орон нутгийн, 40 хувь нь нийслэлийн иргэн байна.

Тус хуулиар цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 59 мянган хүүхдэд халамж хамгааллын үйлчилгээ явуулахаар төлөвлөжээ. Харин эхний ээлжинд 10 мянга гаруй хүүхдийг хамруулах боломжтой юм байна. учир нь 2016 оны улсын төсвөөс 10.8 тэрбум төгрөгийг хүүхэд харах үйлчилгээнд зориулжээ.

Хуулийг ирэх сараас хэрэгжүүлж эхэлнэ. Тиймээс нэн тэргүүнд сургагч багш нараа бэлтгэх ажлыг өнөөдрөөс эхлүүллээ. 21 аймаг, нийслэлийн 115 хүнийг сургагч багшаар бэлтгэж байгаа юм. Тэд хүүхэд харах үйлчилгээ эрхлэх иргэдэд таван төрлийн мэдлэг олгоно. Тухайлбал, хүүхдийн эрх, эрүүл ахуй, ариун цэвэр, хоол тэжээл, хөгжлийг дэмжих аргазүй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй гэсэн таван чадамжийг заах юм.

Хүүхэд харах үйлчилгээ явуулах иргэний хувьд 18-65 насны, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, бага насны хүүхэдтэй харилцах арга зүй эзэмшсэн, халдварт болон сэтгэцийн өвчингүй, эрүүл, гэмт хэрэгт холбогдоогүй байх ёстой. Ингээд дээрх сургалтад сууж, сертификат авах учиртай.

Тус хууль нь зөвхөн хүүхдийн асуудлыг шийдээд зогсохгүй эцэг эхчүүдийн нийгмийн асуудлыг шийднэ гэв. Тухайлбал, гэртээ хүүхдээ хараад суудаг 31 мянга гаруй эцэг, эхийг ажил хийлгэх боломжийг бүрдүүлж байгаа аж. Ингэснээр 15-30 мянган ажлын байр нэмэгдэх давхар ач холбогдолтой гэдгийг хууль санаачлагч нь тайлбарлаж байгаа юм.

БЭЛТГЭСЭН: Б.ЗОЛЗАЯА

ЗУРАГЛААЧ: Ц.АРИУНБОЛД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж