Ес эхэлж нийт нутгаар хүйтэрнэ

Хуучирсан мэдээ: 2015.12.21-нд нийтлэгдсэн

Ес эхэлж нийт нутгаар хүйтэрнэ

Цаг Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн мэдээлснээр энэ долоо хоногт ес эхэлж хүйтний эрч эрс чангарах нь ээ. Хөдөө орон нутагт өвөлжилтийн байдал хүндрээд буй энэ мөчид хүйтний эрч чангарч улам хэцүүхэн байдалд орж болзошгүйг урьдчилан анхааруулж байна. Харин нийслэлд хүйтний эрч чангарсантай холбоотойгоор  агаарын бохирдол нэмэгдээд байна. Ингээд ойрын өдрүүдэд цаг агаар ямар байх талаар тус хүрээлэнгээс авсан мэдээллийг хүргье.

Баруун аймгуудын нутгаар: 21-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 22-нд нутгийн хойд хэсгээр цас, 23, 24-нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи ихэнх нутгаар 5-10м/с, 24, 26-нд нутгийн өмнөд хэсгээр 12-14 м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. 21-23-нд хүйтэрч Идэр, Тэс, Хүрэн бэлчирийн хөндийгөөр шөнөдөө 30-35 градус өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус өдөртөө 9-14 радус, бусад нутгаар шөнөдөө 25-30  градус өдөртөө 14-19 градус хүйтэн байна. 24-нөөс хүйтний эрч суларна.

Төвийн аймгуудын нутгаар: 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-нд нутгийн хойд хэсгээр цас,  23,24-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, салхи хугацааны эхээр баруун хойноос 9-12 м/с хүрч явган шуурга шуурна. Ихэнх хугацаанд хүйтний эрч чангарч Дархадын хотгороор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус өдөртөө 12-17 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр хүйтний эрч суларна.

Зүүн аймгуудын нутгаар: 22-нд нутгийн хойд хэсгээр, 23-нд нутгийн баруун хэсгээр цас, 24-нд зарим газраар, 25-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж салхи баруун хойноос 12-14 м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус өдөртөө 17-22 градус хүйтэн байна.  Хугацааны эцсээр хүйтний эрч суларна.

Говийн аймгуудын нутгаар: 25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос5-10 м/с, 25, 26-нд зарим газраар 12-14м/с хүрч явган шуурга шуурна. Ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус өдөртөө 11-16 градус хүйтэн байна. 

Л.ХАЛИУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж