Шинжлэх ухааны салбарын санхүүжилтийг ДНБ-ий 2 хувьд хүргэе

2015 оны 12 сарын 21

 

Монгол Ардын намын дарга М.Энхболд Шинжлэх Ухааны Академийн тэргүүлэгч гишүүнээр найм дахь жилдээ ажиллаж байна. Энэ ажлын хүрээндээ "Одон орон, геофизик судалгааны төв"-ийн 2015 оны ажлын тайлантай танилцлаа.

 

МАН-ын дарга М.Энхболд өмнө нь Шадар сайд, Улсын онцгой комиссын даргаар ажиллаж байхдаа шинжлэх ухааныг дэмжих чиглэлд үр дүнтэй олон ажлыг хэрэгжүүлж байжээ. Үүний нэг нь газар хөдлөлийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай комисс байгуулсан явдал юм. Энэ удаа "Одон орон, геофизик судалгааны төв"-ийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, судалгаа, шинжилгээний ажлуудыг үзэж сонирхлоо. МАН-ын дарга М.Энхболд хэлэхдээ  "Одон орон судлалын ашиглаж байгаа техник тоног төхөөрөмж,  судалгааны ажлуудтай танилцлаа. Тэрээр:

 

"Олон жилийн турш ашигласан техник, тоног төхөөрөмж бусад оронд ашиглаж байгаа техникүүдийг бодвол чанар, хурдын хувьд хоцрогдолтой байна. Гэсэн хэдий ч Монголын эрдэмтэд олон улсын эрдэмтэн, судлаачидтай мөр зэрэгцэн ажиллаж байна.

 

Би намын Бага хурлын илтгэл болон "Бид хамтдаа" үндэсний форумын хаалтын үгэндээ  улс орны цаашдын хөгжилд шинжлэх ухааны байгууллагын гаргасан бодлого, шийдвэрийг дэмжиж байх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Түүгээр ч зогсохгүй ДНБ-ний хоёр хувьтай тэнцэх хэмжээнд шинжлэх ухааны салбарын санхүүжилтийг цаашид Монгол Улс төлөвлөж, тооцоолж явах ёстой. Хөгжсөн улс орнуудыг судлаад үзэхээр шинжлэх ухааныг эхлээд хөгжүүлж байж түүнийгээ хүчинд тодорхой салбаруудыг яаж хөгжүүлэх вэ гэдэг шийдлийг гаргасан байдаг. Тиймээс Монголын олон  жилийн түүхтэй шинжлэх ухааны байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг тогтвортой байлгаж, мэргэжилтнүүдийг өмнө нь бэлтгэж байсан тогтолцоо системээр бэлтгэх нь зүйтэй " гэсэн юм.

 

ЭХ СУРВАЛЖ: "МОНГОЛЫН ҮНЭН" СОНИН