Говь-Алтайд зам хаагджээ

Хуучирсан мэдээ: 2015.12.21-нд нийтлэгдсэн

Говь-Алтайд зам хаагджээ

Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын шийдвэрээр байгуулагдсан Улсын онцгой комиссын шуурхай ажлын хэсэг өчигдөр Баянхонгор аймгийн Өлзийт, Баян-Овоо, Бөмбөгөр, Бууцагаан суманд ажиллажээ. Тус аймагт энэ өвөл 20 сумын 104 багт 11,859 өрхөд 3,7 сая мал өвөлжиж байгаа юм байна.

Гурванбулаг суманд Архангай аймгийн Хангай, Завхан аймгийн Отгон, Их-Уул сумаас  17 мянган мал орж ирсэн нь бэлчээрийн даац хэтрэхэд нөлөөлжээ. Мөн Байдраг сумын хойд, Баацагаан сумын зүүн хойд, Баянлиг сумын ихэнх нутагт бэлчээрийн даац их хэмжээгээр хэтэрсэн гэдгийг нутгийн зон олон өгүүлж байна. Энэ нь өнгөрсөн зун зуншлага оройтсон, бэлчээрийн өвс, ургамлын ургалт гүйцээгүй, мал тарга тэвээрэг бүрэн авч чадаагүйгээс, мөн өнгөрсөн жил 2,6 сая байсан малын тоо гурван сая давж өссөн нь даац хэтрэхэд нөлөөлжээ.

Тус аймгийн хэмжээнд энэ жил нийт 6724 тн хадлан, 467 тн тэжээл, 483 тн гар тэжээл бэлтгэсэн байна. Аймаг, сумын нөөцөд 1250 тн өвс, 650 тн тэжээл бэлтгэхээс нийт өвсний 78 хувь, харин тэжээлийн 32,9 хувийг бэлтгэжээ. Тус аймгийн нутагт цасны хэмжээ тал газартаа 10-30 см зузаантай байна. Ялангуяа Байдраг суманд  өдөр бүр цас хялмаалан орж, өнгөрсөн сараас эхлэн 40 хэмээс давж хүйтэрсэн нь өвөлжилт хүндрэхэд нөлөөлжээ. Тиймээс өнөөдрийн байдлаар  нийт 94 өрхийн 381 иргэн таван  аймагт отроор өвөлжиж байна.

Мөн тус аймгийн Бөмбөгөр сумын хүн эмнэлэг, Баян-Овоо сумын Цагдаагийн тасагт улсын нөөцөөс автомашин олгохоор Засгийн газраас шийдвэрлэжээ. Одоогийн байдлаар тус аймгийн Бөмбөгөр, Галуут, Баян-Овоо, Гурванбулаг, Заг, Баянбулаг, Бууцагаан гэсэн 7 суманд өвөлжилт хүндэрч гуу жалгандаа 30-40 см, талдаа 10-20 см-ийн цастай, мал бэлчээрт гарахад хүндрэл учирч байгаа ажээ.  

Говь-Алтайн зургаан суманд өвөлжилт хүндэрч, зам даваа хаагджээ

Өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, үнэлгээ өгөх Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амараар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр, Шарга, Баян-Уул, Дарви, Есөнбулаг суманд ажиллаад иржээ. Говь-Алтай аймгийн 18 сумаас өнөөдрийн байдлаар зургаан суманд өвөлжилт хүндэрчээ. Тус аймгийн 6479 өрхөд 2,9 сая мал өвөлжиж байна. Нийт малын 94,3 хувь нь дундаас дээш тарга хүч авсан, өөр аймгийн нутагт 20 өрхийн 11785 толгой мал оторлон өвөлжиж байгаа гэнэ.     

Өнгөрсөн зун тус аймгийн 80 гаруй хувьд нь зуншлага сайн, 10 хувьд нь гандуу, 10 хувьд нь гантай байснаас Дэлгэр, Эрдэнэ, Цогт, Есөнбулаг, Халиун, Шарга суманд өвөлжилт хүндэрч, цасны зузаан 10-40 см-т хүрчээ. Бэлчээрийн даацын хувьд 45 хувь нь хүрэлцээтэй, 55 хувь нь хүрэлцээгүй мэдээ гарчээ. 

Өвс, тэжээлийн хувьд тус аймгийн хэмжээнд 6688 тн өвс, 468 тн тэжээл, харин аюулгүйн нөөцөд 160 тн өвс, 30 тн тэжээл, сумын аюулгүйн нөөцөд 730 тн өвс, 182 тн тэжээл бэлтгэжээ. Аймгийн хэмжээнд 332967 толгой малыг зах зээлд борлуулах тооцоо судалгаатай байна. Малчид мал борлуулах хүсэлтэй байгаа ч одоогоор нэгдсэн борлуулалт хийгдээгүй. Сүүлийн саруудад Говь-Алтай аймагт махны үнэ нэлээд буурчээ. Өнөөдрийн байдлаар хонины мах кг нь 2800, үхрийн мах 3500, ямааны мах 1800 төгрөгийн үнэтэй байна. Мөн малчдын гар дээрх мөнгө хомс, ихэнх нь малаа банкны барьцаанд тавьсан, зээлтэй, зээлийн хүүгийн мөнгөө төлж чадахгүй болжээ. 

Аймгийн хэмжээнд сүүлийн гурван сард олон удаа цас орсны улмаас Есөнбулаг сумын Дөт, Цээл сумын Цагаан голын даваанууд хаагдсаныг нээжээ. Бугат сумын онгоцны хөндийн зам мөс тэлж хөлдсөн, Баарангийн даваанд хальтаргаа гулгаа байнга үүсч байгаатай холбогдуулан “АЗЗА” ТӨХК-иас ажлын хэсэг гарч засварлаж байна.   “Говь-Алтай АЗЗА” ТӨХК одоогийн байдлаар засвар арчлалтын ажлын гүйцэтгэлийн хөлс нийт 183 сая төгрөгөө аваагүй, авлагатай байна. Мөн байгууллага хооронд шатахуун, нийгмийн даатгал, татварын зэрэг 114,0 сая төгрөгийн өр үүсчээ. Хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэхээр Зам тээврийн яаманд хандаад байгаа бөгөөд  11 сараас хойш ажилчид нь цалингаа аваагүй, цаашид нөхцөл байдал хүндэрсэн үед зам засварын ажил гүйцэтгэх ажиллах хүчнийг дайчлахад хүндрэлтэй болжээ.

Нийт ард иргэдийг цаг агаарын урьдчилсан сэргийлэх мэдээллээр хангахад тус аймгийн УЦУОША-д тогны асуудал нилээд хүндрэлтэй байна. Тог цахилгааны асуудлаас шалтгаалан олон улсын цаг уурын байгууллага, иргэний нисэхийг мэдээгээр хангах, өртөө харуулаас авсан мэдээг шуурхай дамжуулах боломжгүй болсон тул орон нутгийн удирдлагыг энэ асуудалд анхаарлаа хандуулах шаардлагатай болжээ.  Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газраас цас ихтэй суманд байгаа нийт 45 жирэмсэн эх, тав хүртэлх насны 388 хүүхдийн  судалгааг гаргажээ.

Баруун аймгуудад ажиллаж байгаа ажлын хэсгийн ахлагч Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар Говь-Алтай аймгийн Онцгой комиссын хурлыг өвөлжилт хүндэрсэн Дэлгэр суманд хуралдуулсан юм.

Дэлгэр сум 5 багтай, нийт 386 өрхөд 371 мянган мал өвөлжиж байна. Сумын нийт нутаг дэвсгэр цасан бүрхүүлтэй, олон удаа цас орсноос өвөлжилт хүндэрсэн.

Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч Д.Чинзориг аймгийн хэмжээнд хэд хэдэн сум хүндрээд байгаа учраас тодорхой хэмжээний хөрөнгийн дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.

Улсын онцгой комиссын ажлын хэсгийн ахлагч, хурандаа М.Энх-Амар өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан тулгамдаад буй зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж,  үүрэг чиглэл өглөө.

Мөн Онцгой комиссынхонтой зөвлөлдөж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газарт шуурхай албаны автомашин олгохоор шийдвэрлэсэн байна.

Хайрхандулааны эмнэлэг дуудлагын машингүй болжээ  

Ажлын хэсгийнхэн өчигдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл, Өлзийт, Бүрд, Хархорин,  Арвайхээр, Хайрхандулаан, Нарийнтээл, Тарагт сумаар ороход өнтэй сайхан өвөл болж байна гэсэн халуун дулаан үг сонсчээ. 

Өвөрхангай аймгийнхны хувьд энэ өвөл нийт  15370 өрхийн 4,5 сая мал өвөлжиж байна. Өвс, хадлан тэжээлийн хувьд 27700 тн өвс, 5200 тн гар тэжээл, 520 тн ногоон тэжээл, 345 тн үйлдвэрийн тэжээл, 9220 тн хужир шүү бэлтгэжээ. 

Аймгийн хэмжээнд уурын зуухнуудын засвар үйлчилгээг бүрэн хийсэн, нүүрс татан авалт 30 хувьтай, Баянтээгийн нүүрсний уурхайн хөрс хуулалт бүрэн хийгдсэн, нүүрсний чанар сайн байна. “АЗЗА” ТӨХК-ийн машин техник, хүн хүчний бэлэн байдлыг хангуулж, цаг агаарын улмаас  цасанд хаагддаг АО301-АО302 улсын чанартай авто замын дагуу хоёр ажлын хэсэг гарч ажиллаж байгаа юм байна. 

Аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Д.Тогтохсүрэн “Энэ жил манай аймагт өвөлжилт өнтэй сайхан байна. Аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайн хангасан. Бэрхшээлтэй нэг асуудал нь Хайрхандулаан сумын хүн эмнэлэг шуурхай албаны үйлчилгээ явуулах  түргэн тусламжний автомашин бүрэн зогссон, нөхцөл байдал хүнд байна. Дөнгөж сая дуудлаганд гарах автомашингүй  болохоор нь аймгийн Засаг даргын тамгын газрын машиныг Хайрхандулаан сум руу хөдөлгөлөө” гэсэн юм.

Аймгийн хэмжээнд 12 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар алслагдмал газарт амьдардаг төрөх насны 33 жирэмсэн эхийг төв, суурин газарт байрлуулж, эхийн эндэгдэлгүй байгаа гэж Эрүүл мэндийн газрын дарга хэлжээ.    Орон нутагт ажиллах үеэр тус аймгийн Бүрд сумын хоёрдугаар багийн иргэдтэй уулзсан юм. Малчид ”Манай нутагт энэ жил үнэхээр сайхан өвөл болж байна. Малын амны устай, малчид ч өөрсдөө өвс, тэжээлээ боломжийнхоо хэмжээнд сайтар бэлтгэлээ. Харин баруун аймгуудын зарим нутгаар өвөлжилт их хүнд байгаа гэж сонслоо. Эдгээр малчдад Та бүхэн минь сайн тусалж, тодорхой арга хэмжээг авч өгөөрэй ” гэж өөр аймгийн малчиддаа санаа зовниж хэлж байсан юм.  

Улсын онцгой комиссын Ажлын хэсэг Өвөрхангай аймгийн өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаад эхний ээлжинд Хайрхандулаан сумын хүн эмнэлгийн автомашины асуудлыг зайлшгүй  шаардлагатай гэж үзлээ.  

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж