Өндөр гэгээн Занабазарын 380 жилийн ойн хүрээнд хийсэн ажлын тайлангийн хурал боллоо

2015 оны 12 сарын 21

Энэ онд Монголын түүхэнд тохиолдсон олон чухал үйл явдлын дотор Анхдугаар Богд, төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч, Өндөр гэгээн Занабазарын түмэн өлзий гийсний 380 жилийн ой томоохон байр суурь эзэлж байна.

Энэхүү ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Үндэсний хороог Засгийн газрын 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 143 дугаар тогтоолоор байгуулж, Ойн комиссын даргаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж  ажилласан юм.

Өнөөдөр ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийн тайлангийн хурал боллоо. Ойн хүрээнд “Монголын бурханы шашин өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Унгар улсын Будапешт хотод, “Өндөр гэгээн Занабазар: Амьдрал, өв” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулж, бүтээлүүдээр ном гаргасан.

Ойн хүрээнд Өндөр гэгээн Занабазарын Монголын төр, шашин, соёл урлагт оруулсан гавьяа зүтгэл, үнэлж баршгүй хувь нэмрийг үнэн бодитоор гаргаж ирэх,  түүний бүтээсэн их үйлсийг хойч үедээ сурталчилан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор 60 минутын баримтат кино,  түүний төрсөн нутаг Есөнзүйл сумын “Тав толгой” хэмээх газар Гэрэлт хөшөө, Өндөр гэгээн Занабазарын зохиосон “Соёмбо” үсгээр төрийн дууллыг бичиж, түүний хосгүй үнэт бүтээлүүдийн дээжсээр зурагт альбом бүтээсэн.

Хархорин хотод “Баторшил өргөх” даншиг наадмыг зохион байгуулсан бол Арвайхээр хотод Өндөр гэгээн Занабазарын сэрэг дүр бүхий цэцэрлэгт хүрээлэнг байгуулж бэсрэг наадам хийлээ. Ойн үеэр Занабазарын өөрийн бүтээсэн Аюуш бурханыг гадагш гарсан байсныг эх оронд нь авчирсан, Монгол банкнаас түүний сэрэг дүр бүхий мөнгөн зоос гаргасан гээд олон түүхэн хувь нэмэр бүхий ажлыг зохион байгууллаа. Цаашид Занабазар судлалын ажлууд үргэлжлэн явна гэж ажлын хэсгийн дарга Р.Гончигдорж  хэллээ.

Энэ үеэр ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэгт идэвхитэй ажилласан гишүүдэд дурсгалын зүйлс гардууллаа.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна