“М Си Эс"-ийн замыг өмчид худалдан авахаар боллоо

2015 оны 12 сарын 21

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж хуралдаанаар П.Гэндэнгийн гудамжны 0,6 км автозамыг нийслэлийн өмчид худалдаж авах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. 

Энхтайвны өргөн чөлөөнөөс Олимпийн гудамжийг холбосон буюу Гэрлэх ёслолын ордны урдах  0,6 км урттай, авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг  2014 оны 10  дугаар сард нийслэлийн Авто замын газрын захиалгаар "М Си Эс Проперти" ХХК-ийн хөрөнгө оруулалттайгаар ЭСТО ХХК  шинэчлэн барьжээ. Зам шинэчлэгдсэнээр  2 урсгалтай байсан хуучин зам 4 урсгалтай болж, замын 2 хажуугаар 587 м газарт ус зайлуулах байгууламж,  1234 м урт L-хэлбэрийн хашлага суулгасан байна.

Түүнчлэн замын хучилтийн хийцийг хөлдөлтөөс хамгаалах үе, цементээр бэхжүүлсэн суурь, асфальт бетон хучилтаар хийсэн байна.  Явган хүний замд зориулж хашлага 1500 м, замын хавтан 2526 м2-ийг шинээр суулган барьжээ.  Энэхүү автозамын барилгын  нийт ажил нь 1,585,0 /нэг тэрбум таван зуун наян таван сая/ төгрөгийн өртөгтэй юм байна. Тус замыг  энэ оны 11 сард Улсын комисс хүлээн авч,  ашиглалтыг УБ нэгтгэлд хариуцуулжээ. 

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “М Си Эс проперти” ХХК-ийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан  П.Гэндэнгийн гудамжны авто замын өргөтгөл, шинэчлэлтийн   0,6 км ажлыг нийт 1 585 000 төгрөгөөр Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр нийслэлийн өмчид худалдан авахыг зөвшөөрөв.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна