Л.Пүрэвбаатар тайлбар хийлээ

Хуучирсан мэдээ: 2015.12.21-нд нийтлэгдсэн

Л.Пүрэвбаатар тайлбар хийлээ

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Ерөнхий сайд болон Зам тээврийн сайдад Улаанбаатар төмөр замын талаар нэгэн чухал албан тоотыг явуулжээ. Энэхүү албан бичигт “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хувьцааг БНХАУ-ын талд хэсэгчлэн шилжүүлнэ гэдгээ Л.Пүрэвбаатар дарга ОХУ-ын талд удаа дараа мэдэгдэж, энэ талаар БНХАУ-ын талтай яриа, хэлэлцээ хийж буй талаар дурдсан байна. Улмаар дээрх асуудалд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар хариу албан тайлбар хийлээ.

Өнгөрсөн оны есдүгээр сард ОХУ, Монгол Улс хооронд Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн тухай хэлэлцээр байгуулагджээ. Энэ хүрээнд БНХАУ, ОХУ, Монгол Улсын хувь нийлсэн тээвэр-логистикийн компанийг байгуулахаар тохиролцжээ. Гэхдээ гурван улсын хамтарсан тээврийн компанийн асуудлыг Гадаад хэргийн яам хариуцан шаардагдах бичиг баримтыг боловсруулан ажиллаж байгаа юм байна. Харин “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс урд хойд хөршийг холбосон 1100 гаруй километр замын суурь бүтэц, замын арчилгааг гардан хариуцна. Иймээс дээрх тээвэр-логистикийн компанийн ажлыг “Улаанбаатар төмөр зам” ХНН Монгол Улсын талаас хариуцаж, гурван тал эзэмших  нийт хувиас 51 хувийг нь Монгол Улс дангаараа эзэмших шаардлагатай гэсэн байр суурийг Л.Пүрэвбаатар дарга илэрхийлж байна. 

Товчхондоо Л.Пүрэвсүрэн сайдын мэдээлсэн шиг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хувьцааг БНХАУ-ын талд шилжүүлэх асуудал огт тус компанийн удирдлагын түвшинд яригдаагүй юм байна. Мөн дээрх компанийн хувийг  бусдад шилжүүлэх эрх мэдэл нь ч Л.Пүрэвбаатар даргад байдаггүй аж. Хуулиараа “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хувийг бусдад шилжүүлэх, борлуулах эрх Төрийн өмчийн хороо, Засгийн газарт л байдаг байна.

Одоо зөвхөн одоогийн төмөр замын тээврийн ачаа эргэлтийг нэмэх, эдийн засгийн ашигтай ажиллах  боломжийг эрэлхийлсэн компанийг урд, хойд хөрштэй яаж хамтран байгуулах. Тухайн компанийн хувьцааг гурван тал хэрхэн хуваах асуудал анхаарал татсан үйл явдал болж хувирч байна.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж