Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

2015 оны 12 сарын 21

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс гадаад хамтын ажиллагаагаа хөгжүүлэх ажлын хүрээнд БНХАУ-ын Чанчуны Техникийн Их Сургуулийн Хууль зүйн сургууль болон тус сургуулийн Зүүн Хойд Азийн Харьцуулсан эрх зүйн судалгааны институттэй хамтын ажиллагааны санамж бичгийг 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр байгууллаа.

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах тус сургуулиас зохион байгуулсан "Зүүн Хойд Азийн харьцуулсан эрх зүй судлалын III удаагийн олон улсын эрдэм шинжилгээний бага хурал”-д оролцож, Монгол Улсаас хуралд оролцогчдыг төлөөлж илтгэл тавьж, оролцсон болно.

Тус хурлын ажиллагааны дараа буюу 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр БНХАУ-ын Чанчуны Техникийн Их Сургуулийн Хууль зүйн сургуульд зочилж тус сургуулийн оюутнуудад Монгол Улсын шүүхийн шинэтгэл, шүүхийн захиргаа болон харьцуулсан эрх зүйн талаар нээлттэй лекц уншиж, оюутан багш нарын асуултад хариулж, чөлөөт ярилцлагыг өрнүүлэв. Лекцийн төгсгөлд тус сургуулийн захиргаанаас Ц.Мандахыг тус сургуулийн зочин профессороор батламжилж үнэмлэх гардуулсан байна.

Улмаар Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах тус сургуулийн удирдлагуудтай уулзалдаж хоёр байгууллагын талаар харилцан мэдээлэл хийж, хамтын ажиллагааг үр нөлөөтэй хөгжүүлэх талаар харилцан яриа өрнүүлсэн бөгөөд Хууль зүйн сургууль болон Хүрээлэн хоорондын хоёр талт найрсаг хамтын ажиллагааны үндсийг бүрдүүлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичгийг БНХАУ-ын Чанчуны Техникийн Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал Хэ Рантай байгуулав.

Тус санамж бичгийн хүрээнд хоёр тал лекц зохион байгуулах зорилгоор илтгэгч багш, эрдэмтэн судлаачдыг харилцан илгээх; зохион байгуулж буй олон улсын хурал чуулган, семинарт нөгөө талыг оролцох боломжоор хангах; багш, судлаач, оюутныг харилцан солилцож, мэргэжлийн дадлага хийх, эрдэм шинжилгээний ажил хийх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах; Хууль зүйн сургууль болон Хүрээлэнгийн багш, судлаач, оюутны эрдэм шинжилгээний өгүүллийг хоёр талын албан ёсоор хэвлэдэг эрдэм шинжилгээний эмхэтгэлд нийтлүүлэх; хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх, ном, эмхэтгэл хэвлэх; хамтарсан онол практикийн бага хурал болон сургалт зохион байгуулах; эрх зүйн ном товхимол, сургалт, арга зүйн материал солилцох; харилцан суралцах, туршлага судлах, айлчлах зэрэг солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг олон талаар хамтран ажиллахаар болов.

БНХАУ-ынЧанчуны Техникийн Их Сургуулийн Хууль зүйн сургууль нь Зүүн хойд Азийн харьцуулсан эрх зүйн институт болон Орос-Хятадын эрх зүйн төвтэй бөгөөд Монгол Улс, ОХУ, Япон, Солонгос зэрэг улсын эрх зүйг голчлон судалдаг, эдгээр улсын эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагатай хамтран ажилладаг тус бүс нутгийн харьцуулсан эрх зүй судлалын эрдэм шинжилгээ, сургалтын байгууллага юм. Түүнчлэн тус сургуулиас зохион байгуулдаг олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн сургуулийн төлөөлөгчид оролцдог, хоёр сургууль хамтын ажиллагаатайг уламжилсан бөгөөд тус сургууль нь Монгол Улстай хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг ямагт эрэлхийлдэг тул энэ удаа Монгол Улсын шүүхийн судалгааны байгууллагатай олон талаар хамтран ажиллах болсонд тус сургуулийн удирдлагууд талархалтай хүлээн авч байгааг уламжилсан байна.

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн хувьд хөрш орны шүүх судлал, хууль эрх зүйг судлах боломж бүрдэж, мэргэжлийн дадлага болон эрдэм шинжилгээний ажил хийх, олон улсын эрдэм шинжилгээний хурал, семинарт оролцох зэрэг боломж Чанчуны Техникийн Их Сургуулийн Хууль зүйн сургуультай хамтарснаар нээгдэж байгаа тул талархалтай хүлээж авч байгааг уулзалтын үеэр уламжлав.

Уулзалтын төгсгөлд Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийнэрхлэн гаргасан Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл, "Шүүх эрх мэдэл” эмхэтгэл, Судалгааны тайлангийн эмхэтгэл, сургалтын гарын авлага зэрэг ном товхимлыг тус сургуулийн номын санд хандивлаж, хоёр тал цаашид ном товхимол харилцан солилцож байхаар болов.

Л.ХАЛИУ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна