Сонгуулийн хуульд юу тусгах вэ?

2015 оны 12 сарын 22

УИХ энэ долоо хоногт багтаан Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахаар болж, ажлаа эрчимжүүллээ. Улс төрийн голлох хоёр хүчин болох АН, МАН-ынхан Сонгуулийн хуулийн төсөл дээр нэгдсэн ойлголцолд хүрсэн учраас торох зүйлгүй болсон гэх яриа дуулдаж байгаа ч төслүүдийг нэгтгэх үүрэг хүлээсэн ажлын хэсгийн хувьд арай өөр тайлбар хийж буй юм.

Ил болж буй мэдээллээр талууд одоогийн 48х28 тогтолцоогоо хэвээр хадгалахаар шийджээ. Ингэхдээ 48 нэр дэвшигч тойргоос сонгогдох бол 28-ыг нь таван бүсэд хуваана. Таван бүсэд нэр дэвшигч нь намтайгаа цуг дэвшинэ.

Мөн хяналтын тооллогыг 50 хүртэл хувьд хийхээр намууд санал нэгдсэн гэх мэдээлэл байгаа юм.

Энэ талаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн А.Бакей, бие даагч гишүүдийг төлөөлж орсон УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, ИЗНН-ыг төлөөлж оролцож буй УИХ-ын гишүүн С.Оюун нараас тодрууллаа.


-Ажлын хэсгийн өнөөдрийн хуралдаанаас шийдсэн асуудлын талаар мэдээлэл өгөхгүй юу?

А.Бакей: -Ажлын хэсэг хоёр дахь хуралдаанаа хийлээ. Гол асуудал бол Р.Бурмаа гишүүний боловсруулсан Сонгуулийн нэгдсэн хуулийг суурь болгоод, зарчмын өөрчлөлт оруулахаа ярьж байна. Одоогийн 48х28 буюу холимог тогтолцоог авъя. 28-аа бүсчлэх үү, ямар байдлаар авч явах вэ. Орон нутгийн сонгуулийг, УИХ-ын сонгуультай хамт явуулах уу, хяналтын тооллогыг хэд хүртэл хувиар хийж болох вэ гэхчлэн хэдхэн асуудлаар ярьж байна. Одоохондоо санал нийлсэн асуудал байхгүй байна.

Х.Болорчулуун: -Ажлын хэсгийн төвшинд Сонгуулийн хуулийг хэлэлцэх шатанд аймаг, дүүрэг том чигээрээ байх нь зүйтэй. Аймаг нэг тойрог гэдэг байдлаар явах руу тогтож байна. Ард иргэдийн санаа зовж байгаа зүйл бол жагсаалтын ард нэр дэвшигчээ нууж УИХ-д гаргадгаа болиоч ээ гэж байгаа. Энэ бол Үндсэн хууль зөрчсөн асуудал.

Үндсэн хуульд ард иргэд УИХ-ын гишүүнээ шууд сонгоно гэж заасан байгаа. Тийм учраас 28-аа бүсэд хуваагаад зөвхөн намын нэрээр явах бус намаа төлөөлсөн хүн нь цуг сонгогдон Үндсэн хуульд нийцүүлэх хэлбэр яригдаж байна. Хуучин намын нэр дугуйлангуут намдаа мөнгө хандивласан ч гэдэг юм уу эсвэл дарга нар нь жагсаалтын урдуур бичигдаж авоматаар сонгогддог байсан. Хүний нэр дугуйлахаар томсгосон тойргоос хүн сонгогдоно гэсэн үг. 28-аа бүсчлэхээр баруун бүс, зүүн бүс, хангайн бүс, төвийн бүс, Улаанбаатар гэж хуваах тухай ярьж байгаа. 48-ийн тухайд аймаг хуучнаараа хоёр мандат нэг тойрог ийм байдлаар явах болж байна.

-Хяналтын тооллогыг гараар хийх асуудлыг МАН-ын бүлгээс тавьж ирсэн. Энэ асуудал дээр ажлын хэсэг ямар байр суурь барьж байна вэ?

-Ажлын хэсгийн төвшинд энэ тухай ярилцахад 50 хүртэл хувьд хяналтын тооллого хийхийг намууд, бие даагчид бүгд зөвшөөрөх байдалтай болчихлоо. 100 хувь гараар хяналтын тооллого хийх шаардлага байхгүй. Түүвэр байдлаар 50 хүртэл хувьд нь хяналтын тооллого хийчихэд төрийг бохир аргаар луйвардаж сонгуульд ялалт байгуулна гэсэн асуудал байхгүй. 50 хувь байхад хангалттай.

-Үндсэндээ таван асуудлаар зөвшилцөж байна гэсэн. Хэд дээр нь зөвшилцсөн бол?

-Эцсийн байдлаар шийдэгдээгүй, эхнээсээ яригдаж байна.

-Сонгуулийн хуулийг өөрчлөхдөө тогтолцоог хөндөх үү?

С.Оюун: -Ажлын хэсэг тодорхой шийдэлд хүрээгүй байна, яг одоо санал хураалгаж байна. Манай нам сонгуулийн тогтолцооог өөрчлөх нь буруу гэсэн байр суурьтай байгаа. Сонгууль бүрээр өөрчлөх бус, тогтвортой байх ёстой. Ажлын хэсэг дээр бусад асуудлаар өөрчлөх зүйл яригдаж байна. Жендэрийн, хүйсийн тэгш байдлын асуудал дээр тогтолцоог өөрчилье гэсэн саналыг эмэгтэйчүүд оруулж байна. Аль нэг хүйсийн хувь 30-аас доошгүй байх ёстой гэсэн санал гаргалаа. Мөн сурталчилгааны асуудлыг ажлын хэсэг хөндөж байна. Бараа сурталчилгааны асуудал биш улс орныг хэн удирдах вэ гэдэг асуудал. Тиймээс сурталчилгаа хэвлэл мэдээлэл, арилжааны телевизээр явахад хүн оновчтой сонголт хийхэд хэцүү байдаг юм байна. Нэг мөнгөтэй нөхөр өөрийгөө 5 удаа рекламддаг. Гэтэл нөгөө нэр дэвшигч нь мөнгөгүйгээсээ рекламдаж чаддаггүй. Тиймээс төлбөртэй сурталчилгааны асуудлыг зохицуулах санал гарсан. Дэмжигдэх үгүйг нь мэдэхгүй байна. Сонгуулийн тогтолцооны тухайд 48х28 дээрээ тогтох тухай ярьж байна. АН, МАН-ын зүгээс намын жагсаалтаар сонгогддог 28 гэдгийг бүсчлэхээр ярилцжээ. Бүсчлэх нь буруу. Саналын хуудсыг автомат машинаар тоолох нь зүйтэй. Гэхдээ шаардлагатай бол хяналтын тооллогыг зарим хэсгүүдэд хийж болно. Дахин гараар тоолно гэж байхгүй.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна