Барилгынхан ч, банк ч дампуурна

2015 оны 12 сарын 22

Арилжааны банкнаас зээл авсан иргэд барьцааны үл хөдлөх эд хөрөнгөө бусдад түрээслэх, хөлслөх, бусдын эзэмшилд шилжүүлэх, давхар барьцаалах тохиолдолд өмчлөгч иргэн, барьцаалагчаас буюу зээл олгосон банкнаас зөвшөөрөл заавал авах эрх зүйн орчныг Улсын их хурал баталсан нь буруу үйлдэл. Энэ нь эргээд банк тухайн хөрөнгийн хувьд өмчлөгчөөс илүү эрх эдэлж, өмчлөгчийн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлах нөхцөлийг бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш байдлын зарчимд халдсан. Мөн Үндсэн хуулиар тогтоосон өмчлөгчийн язгуур эрхийг дордуулсан байсан гэж Үндсэн хуулийн цэц үзэж, Үл хөдлөх хөрөнгийн тухай хуулийн холбогдох заалтуудыг хүчингүй болгосон. Энэ цэцийн шийдвэрийн дараа Монголын банкны холбооноос найман хувийн зээлийг олгох эрхзүйн орчингүй болсон. Иймээс орон сууцын найман хувийн хүүтэй зээлээ зогсоолоо гэж энэ сарын 09 ний өдөр албан мэдэгдэл гаргасан билээ. Энэхүү шийдвэр борлуулалт нь өнгөрсөн гуравдугаар сараас тасралтгүй буурсан барилгын компаниуд, тэдгээрт бүтээгдэхүүнээ нийлүүлдэг байсан дотоодын үйлдвэр, барилгын худалдаа эрхлэгчдэд хүнд цохилт болж эхэллээ. Үндсэндээ энэ салбар элгээрээ мөлхөхөд тун ойрхон байна. Тухайлбал барилгын туслах материал үйлдвэрлэгч “New green life” компанийн бүтээгдэхүүний борлуулалтын хэмжээ сард 400 тонноор хэмжигддэг байсан бол зээл зогссоноор хар, цагаан замаск, гадна өнгөт чулуун пасад зэрэг зургаан төрлийн бараа нийлээд 100 тонн арай ядан хүрч, худалдагдах болжээ.

Нөгөө талдаа нийт 70 тэрбумын өртөгтэй орон сууцыг найман хувийн зээлээр авах хүсэлтээ гаргаж, зээлийн шийдвэрээ хүлээсэн иргэд хохирогч болон үлджээ. Жишээлбэл Чингэлтэй дүүргийн долоодугаар хорооны иргэн С.Цэндсүрэн энэ сарын 08 ний өдөр буюу Ипотекийн найман хувийн зээл зогсохоос өмнө Голомт банканд тус зээлийг авахаар холбогдох бичиг баримтаа бүрдүүлж өгөн, орон сууц борлуулж буй компанидаа урьдчилгаа төлбөр 30 хувиа төлсөн байжээ. Ингээд Голомт банкны зээлээр үлдсэн төлбөрийн мөнгөө орохыг хүлээж байсан байна. Яг С.Цэндсүрэн шиг хүлээлттэй 200 хүн “Буянт-Ухаа II” хороололд байраа захиалсан байна. Тэд орон сууцын нийт төлбөрийнхөө 10 хувийг Төрийн орон сууц корпорацад төлсөн ч, байрныхаа түлхүүрийг гардан авч, амжаагүй байжээ. Зорилтод бүлгийнхнийг хямд үнэтэй орон сууцаар хангахын тулд Төрийн орон сууц корпорациас Чингис бондоос зээл авсан. Гэвч найман хувийн хүүтэй зээл зогссоноор зээлийнхээ эргэн төлөлтийг хаанаас босгох нь тодорхойгүй болж, гацжээ.

Улс орны эдийн засаг хумигдаж, худалдаанд эргэлдэх бэлэн мөнгөний тоо багассан нь барилгын компаниуд зээлээр бүтээгдэхүүнээ борлуулахад хүргэжээ. Энэ онд барилгын компаниудад нийт 800 гаруй тэрбум төгрөгийн авлагын сүлжээ үүссэн байх юм. Эргээд барилгынхан арилжааны банкнуудад ийм хэмжээний өртэй болжээ. Ингэж өрийн сүлжээнд орсон барилгын салбар борлуулалтаа банкнуудын шийдвэрээс болж гацаавал, уналтад орно. Энэ салбар унавал, банк дагаж дампуурна. Учир нь банкны салбар барилгын үйл ажиллагаанд тулгуурлаж, эргэлтийн мөнгө нь босдог гэсэн байр суурийг Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар илэрхийллээ. Арилжааны банкнууд өөрсдөө эрсдэлээ дааж, 2005 онд жилийн 20 хувийн хүүтэй анхны орон сууцын зээлийг гаргаж байсан. Дээрх зээлийн тогтолцоо 2013 онд улам боловсорч, найман хувийн хүүтэй болсон. Цаашид барьцаа хөрөнгийн асуудлыг шийдсэн эрсдэлгүй эрх зүйн орчинтой болбол найман хувийн хүүтэй зээлээ иргэдэд үргэлжлүүлэн олгох боломжтой. Цэцийн гаргасан шийдвэрээр явбал банк эрсдэл үүрнэ. Иргэд зээлээр авсан үл хөдлөх хөрөнгөө банкны зөвшөөрөлгүйгээр өөр нэгэнд борлуулах, түрээслэх нь тухайн зээлийг эрсдэлд оруулах аюултай гэж Монголын банкны холбоо үзлээ.

Салбар нь уналтад орсон, эрсдэл үүссэн асуудалд талууд улс төржихгүй хандах ёстой гэж Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ мэдэгдлээ. Гэхдээ үүссэн нөхцөл байдлаас яаж гарах вэ гэдгээ З.Баянсэлэнгэ сайд одоог хүртэл тодорхойлоогүй байна. Ямартай ч өчигдөр орон сууцын урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох ажлын эхлэл болгож Голомт банктай Барилга хот байгуулалтын яам хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Гэхдээ хэзээнээс орон сууцын урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгож, иргэдэд найман хувийн хүүтэй зээлээ үргэлжлүүлэн олгох вэ гэдэгт салбарын сайд нь хариулт өгч чадаагүй.

Орон сууцтай болох хүсэлтэй иргэд олон. Гэхдээ тэд мөнгөгүй. Нөгөө талд банкнаас, төрөөс зээл авч барьсан орон сууцаа зээлээр ч хамаагүй борлуулах хүсэлтэй барилгын компаниуд, барилгын бүтээн байгуулалт доголдохгүй явбал бүтээгдэхүүний борлуулалт багасахгүйдээ гэсэн хүлээлттэй барилгын материал үйлдвэрлэгч, нийлүүлэгч талууд ч цөөнгүй байна. Тэд бүгд орон сууцын найман хувийн зээл эргэж сэргэх үү, зогсох уу гэдгийг нүд цавчилгүй хүлээж сууна.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна