2015 оны сайн мэдээ

2015 оны 12 сарын 22

Өнгөрч буй 2015 онд дэлхийн улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт үйл явдлаар өрнүүн байлаа. Эдгээрээс онцлон бид уншигчдадаа гэгээлэг, сайн сайхан, бахдалтай, урам зориг өгөх үйл явдлын мэдээллүүдийг түүвэрлэн орчуулан хүргэж байна.

 

200 сая хүн хэт ядуурлаас гарав

 

 

Дэлхийн банкны судалгаагаар 2012 оноос хойш 200 сая хүн хэт ядуурлаас гарсан байна. Хэт ядуурлаас амжилттай ангижирч буй бүс нутаг нь Зүүн Ази болон Номхон далайн орнууд аж. Эдгээр бүс нутагт сүүлийн гурван жилийн хугацаанд хэт ядуурлын түвшин 43 хувиар буурчээ. Дэлхийн дахин ирэх 2030 он хүртэлх 15 жилийн хугацаанд хэт ядуурлыг бүрэн арилгахаар зорьж байна. Хэт ядуурлыг хүний үндсэн хэрэглээ болох хоол хүнс, хувцас, орон байраар хангагдах чадвар болон өдрийн орлого нь 1.90 ам.долларт хүрэхгүй байх зэрэгт үндэслэн тогтоодог аж.

 

Саудын Арабын эмэгтэйчүүд сонгуульд оролцлоо

 

 

Саудын Арабын эмэгтэйчүүд анх удаа сонгуульд нэр дэвшиж, саналаа өгч оролцов. Саудын Арабын орон нутгийн зөвлөлийн сонгуульд 20 эмэгтэй нэр дэвшигч ялалт байгуулан сонгогдсон юм. Энэ бол автомашин жолоодох ч эрхгүй Саудын Арабын эмэгтэйчүүдийн хувьд том амжилт байлаа. Сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн 131 мянган эмэгтэйчүүдийн 80 хувь нь саналаа өгч оролцжээ. Саудын Арабын таалал төгссөн ван Абдуллагийн эхлүүлсэн улс төрийн шинэчлэлийн хүрээнд эмэгтэйчүүдийн сонгуульд оролцох эрх нээгдсэн юм. Эмэгтэйчүүд сонгуульд оролцох эрхийг Кувейтэд 2005 оноос нээлттэй болгосон байв. Улмаар 2009 онд Кувейтийн үндэсний ассамблейд анх удаа эмэгтэй хүн нэр дэвшин өрсөлдөж байжээ.

 

Герман 800 мянган цагаачийг хүлээж авна

 

 

Энэ он гарсаар Европыг чиглэх цагаач, дүрвэгсдийн урсгал огцом нэмэгдэж, хямралын хэмжээнд хүрлээ. Энэ хямралыг даван туулахад хамгийн үүрэгтэй оролцож буй орон бол Герман юм. Нэгэн цагт “дээд үндэстний бодлого” гэгчийг баримтлан олон сая хүнийг хөнөөж, дэлхийн дайныг өдөөсөн түүхтэй Герман улс өнөө цагт цагаач, дүрвэгсдийн өмнө хаалгаа дэлгэсэн нь энэ. Берлиний хана нуран унахаас өмнө коммунистуудын ашиглаж байсан байшин барилгуудыг дүрвэгсдийг орогнуулах сууц болгожээ. Тухайлбал, хүйтэн дайны үед тагнуулын үйл ажиллагаа явуулж байсан цагдаагийн нууц албаны төв байр, хуучин “Tempelhof” нисэх буудал, спортын заал зэргийг дүрвэгсдийг байршуулах оромж болгожээ.

 

Зарагдаагүй үлдсэн барааг хаяхгүй

 

 

Франц улсад өдөрт 7.8 сая тонн хүнсний бүтээгдэхүүнийг устгалд оруулдаг байна. Гэтэл орон гэргүй олон тооны хүн өлсгөлөнд энэлэн өдөр хоногийг өнгөрөөдөг. Иймд хугацаа нь дууссан барааг шууд устгалд оруулахын оронд орон гэргүй ядууст тараан өгч байх шийдвэрийг Францын засгийн газраас гаргажээ. Хүнсний бүтээгдэхүүний үлдэгдлийг ядууст, орон гэргүйчүүдэд өгөх шийдвэрийг Парисын 100 рестораны эзэн сайшаан хүлээн авч, хэдийн хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ оны статистик судалгаагаар дэлхий дахинаа 795 сая хүн байнгын өлсгөлөнд, хөгжиж буй орнуудын 780 сая хүн өлмөн зэлмүүн амьдардаг гэсэн судалгаа гарчээ.

 

Нурангид 41 хоног дарагдсан уурхайчдыг аварчээ

 

 

Танзанийн газар доорх уурхайд нурангид дарагдсан таван уурхайчныг 41 хоногийн дараа эсэн мэнд аварч гаргасан юм. Харанхуй, бүгчим уурхайн гүнд эдгээр хүмүүс шавж, мэлхийгээр хооллож, шалбаагийн усаар амаа чийглэн байж олон хоног тэссэний эцэст аврагджээ. Танзанийн баруун хойд хэсэгт орших уурхайд анх 20 орчим уурхайчин нурангид даруулаад байсан юм. Албаныхан уурхайчдыг нуранги болох үеэр амь үрэгдсэн гэж бодож байсан ч ойролцоох туннелээс тэдний хашгирах дуу гарсан аж.

 

Сэргээгдэх эх үүсвэрээр эрчим хүчний хэрэгцээгээ бүрэн хангажээ

 

 

Австрийн есөн мужийн хамгийн том нь болох Доор Австри эрчим хүчний хэрэгцээгээ бүрэн сэргээгдэх эх үүсвэрээр хангаж чаджээ. Энэ нь Парист НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бага хурал эхлэхийн өмнө олон улсад зөв үлгэр дуурайлал болов. 1.6 сая хүн амтай Доор Австри муж сэргээгдэх эх үүсвэрээр эрчим хүчний хэрэгцээг бүрэн хангахын тулд нар, салхи, биомассын цахилгаан станц барих, Дунай мөрөнд усан цахилгаан станцыг засварлах зэрэгт гурван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Дунай мөрний усан цахилгаан станц нь Доор Австри мужийн эрчим хүчний хэрэглээний гурваны хоёрыг хангадаг аж. Эцэст нь тус мужид бохир түлш шатаадаг бүх станцуудыг хааж, эрчим хүчээ сэргээгдэх эрчим хүчээр хангаж чаджээ. Түүнчлэн Австри улс нь нийт эрчим хүчний хэрэгцээнийхээ 75 хувийг сэргээгдэх эх үүсвэрээс хангаж байна.

 

Оросын Алс Дорнодын хязгаарт газрыг үнэгүй олгож эхлэв

 

 

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Алс Дорнодын хязгаарт суурьшин газар тариалан болон бусад бизнес эрхлэгчдэд том хэмжээний газрыг үнэгүй олгох зарлиг гаргажээ. Алс Дорнодын хязгаарт оршин суугч хэн бүхэнд тариалан, ойжуулалт, спортын ан болон бусад зорилгоор нэг га газрыг үнэгүй олгохыг зөвшөөрсөн аж. 6.3 сая хүн амтай Алс Дорнодын хязгаар нь нэг хүнд ноогдох газрын хэмжээгээр дэлхийн хамгийн сийрэг суурьшилтай бүс нутаг юм. Түүнчлэн сүүлийн 15 жилд Алс Дорнодын хязгаарын хүн ам хурдацтай буурч эхэлжээ.

 

Парисын төлөө дэлхий дахин нэгдэв

 

 

Францын нийслэл Парис хотноо гэм зэмгүй 130 хүний амийг хөнөөн, 350 гаруй хүнийг шархтуулсан цуст халдлага арваннэгдүгээр сарын 13-нд гарсан юм. Энэ аймшигт үйл явдал 2001 оны есдүгээр сарын 11-нд хойш дэлхийг цочироосон хамгийн том террорист халдлага байв. Энэ халдлага хүн төрөлхтнийг нэгэн сэтгэл дор нэгтгэсэн гэж болно. Учир нь Парисын төлөө харуусал, гашуудал, эв нэгдлээ илэрхийлэх хөдөлгөөн цахим ертөнцөд өрнөж, олон орны бэлгэ тэмдэг болсон алдартай барилгууд Францын төрийн далбааны гурван өнгөөр гэрэлтэж байв.

 

Мьянмарын сонгуульд Ан Сан Су Чийн нам түүхэн ялалт байгуулав

 

 

“Дорнын сувд” гэж нэрлэгдэх Ан Сан Су Чи Мьянмарын ирээдүйг өөрчлөх түүхэн ялалтыг түүчээлэв. Түүний тэргүүлсэн “Ардчиллын төлөөх үндэсний лиг” нам парламентын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулснаар Мьянмарыг хагас зууны турш захирсан цэргийн дэглэмийг унагааж, иргэний ардчилсан нийгэм байгуулах найдлагыг ард түмэндээ өгчээ. Олон улсаас тусгаарлагдсан, цэргийн дэглэмтэй Мьянмарт 25 жилийн дараа чөлөөт сонгууль явагдсан нь энэ байв. Мьянмарт ардчилсан сонгууль явагдсанаар олон улсад харилцаа холбоогоо тэлж, эдийн засаг, худалдаа наймаагаа өргөжүүлэх боломж нээгдэж байгаа аж.

 

Еврей, араб оршин суугчид нэгдэн гинжин цуваа үүсгэжээ

 

 

Хүч хэрэглэх явдыг зогсоож, эв найртай аюулгүй зэрэгцэн оршихыг уриалан араб, еврей оршин суугчид нэгджээ. Израилийн хойд хэсгийн Вади Ара бүс нутагт өнгөрсөн аравдугаар сард автозамын дагуу 1000 гаруй хүн урт гинжин цувааг үүсгэн жагссан байв. Еврей, араб үндэстний эв найрамдлын төлөөх жагсаалыг “Givat Haviva” ашгийн төлөөх сангаас зохион байгуулжээ.

 

Хятадын анхны эмэгтэй Нобелийн шагнал хүртжээ

 

 

Анагаахын болон докторын зэрэггүй, гадаадад ажиллаж байгаагүй эмч Юю Ту Нобелийн шагнал хүртсэн Хятадын анхны эрдэмтэн болжээ. Тэрбээр хумхаа өвчний эсрэг эм бүтээснээр Нобелийн шагнал хүртсэн юм. Хятадын дарга Мао Зедуны тушаалаар хумхаа өвчнийг эмчлэх эм гаргаж авах судалгааг 1960-аад онд эхлүүлсэн аж. Юю Ту Хятадын уламжлалт эмчилгээнд ашигладаг нэг наст шарилжинд агуулагдах “artemisinin” (артемизинин) гэх бодис хумхаа өвчний эсрэг хамгийн үр дүнтэй байгааг нээн илрүүлжээ. Энэ нээлт хумхаа өвчний эсрэг эмийг гаргаж авахад үндэс болсон бөгөөд Юю Ту эмийг туршсан анхны хүн болсон аж.

 

Дэлхийн II дайны үед хагацсан эх, үр уулзжээ

 

 

Германы иргэн Маргот Башманн гэгч эмэгтэй дэлхийн II дайны үед хагацсан ээжтэйгээ 70 гаруй жилийн дараа уулзжээ. Италийн Улаан загалмайн нийгэмлэг, болон дайнаар салсан хүмүүсийг олж өгдөг олон улсын эрэн хайх үйлчилгээний ачаар Маргот Башманн ээжийгээ олсон аж. Италийн хойд хэсэгт амьдарч байсан Жианна гэгч бүсгүй герман цэрэгт дурлан 1944 оны аравдугаар сард охиныг нь төрүүлжээ. Гэвч Жианна бөөнөөр хорих лагерь руу ачигдсанаар тэд хагацсан аж. Охиныг герман цэргийн эцэг эх нь үрчлэн авч өсгөсөн байв. Өдгөө 91 настай Жианна Германы бөөнөөр хорих лагериас амьд гарсан хүмүүсийн нэг юм.

 

АНУ Кубатай харилцаагаа сэргээв

 

 

Хагас зуун жилийн дараа АНУ Кубатай дипломат харилцаагаа дахин сэргээж, харилцан элчин сайдын яамаа нээлээ. Гавана дахь АНУ-ын элчин сайдын яамны нээлтэд оролцсон Жон Керри 70 жилийн хугацаанд Кубад хөл тавьсан анхны төрийн нарийн бичгийн дарга болжээ. Куба, АНУ харилцаагаа сэргээснээр Гаванагийн эсрэг тавьсан хоригоо сулруулж, хоёр орны хооронд аялал жуулчлал, худалдаа наймааны жим тавигдаж эхэлсэн байна.

 

Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээг байгууллаа

 

 

Ираныг цөмийн бөмбөгтэй 10 дахь орон болохоос сэргийлэх гэрээг Вена хотноо дэлхийн зургаан гүрний төлөөлөгчид Тегерантай байгуулж чадсан юм. Олон жил үргэлжилсэн Ираны цөмийн хөтөлбөрийн уулзалт хэлэлцээний эцэст гэрээг байгуулж чаджээ. Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээ нь 1979 оны исламын хувьсгалаас хойш АНУ-ын Тегерантай амжилттай хийсэн анхны хэлцэл юм. Цөмийн хөтөлбөрийн гэрээг байгуулснаар Ираны эсрэг олон улсын эдийн засгийн хоригийг сулруулж, НҮБ-ын ажиглагчид Тегераны цөмийн байгууламжуудад хяналт тавих эрхтэй болжээ.

 

Хятадын тэрбумтан 6400 ажилчнаа Францад амраажээ

 

 

Хэн нэгэнд хөдөлмөрөө үнэлүүлж, шагнал урамшуулал хүртэх нь ажиллах урам зоригийг өгдөг. Тэгвэл “Tiens Group” группийн захирал Ли Жинюань компанийхаа 20 жилийн ойгоор 6400 ажилтнаа Франц улсад амраажээ. Парисын аялал жуулчлалын газрын судалгааны албанаас мэдээлснээр “Tiens Group” групп ажилчдаа Францад амраахад 13.5 сая ам.долларыг зарцуулсан гэнэ. Ли Жинюань өөрөө 5.8 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Хятадын толгой баячуудын нэг юм.

 

Балбын газар хөдлөлтөөс гайхамшигтайгаар амьд үлдэгсэд

 

 

Балбад өнгөрсөн дөрөвдүгээр сард 7.9 магнитудын хүчтэй газар хөдөлж, нийслэл Катманду хотын байшин барилгын 30 орчим хувь нь нурж сүйдсэн юм. Газар хөдлөлтийн дараа итгэмээргүй нөхцөл байдалд амьд үлдсэн хүмүүс олон байв. Балбын аврагчид газар хөдлөлтийн нуранги дороос таван хүүхдийг эсэн мэнд аварсны дунд гурван сартай хүү байжээ. Мөн 101 настай Фунчу Таманг нурангид дарагдаад долоо хоносны дараа аврагдсан байна. Тэрбээр өмнө нь 1934 онд болсон 8.0 магнитудын газар хөдлөлтөөс эсэн мэнд гарч байсан маш азтай нэгэн аж.

 

Нараар цэнэглэгддэг онгоц дэлхийг тойрох нислэг хийв

 

 

Нарны эрчим хүчээр цэнэглэгдэн ажилладаг онгоц дэлхийг тойрох анхны нислэгээ хийжээ. Швейцарийн хоёр нисгэгч “Solar Impulse 2” нарны энергиэр ажилдаг онгоцоор таван сарын хугацаанд 35 мянган км замыг туулах зорилт тавин замдаа гарсан юм. “Боинг-777” онгоцныхоос ч урт далавчиндаа нарны энерги цуглуулах 17 мянган хавтайгаар хучигдсан уг онгоц гурван ширхэг лити-ион баттерейтэй аж.

 

Эбола өвчнийг дарж чадлаа

 

 

Баруун Африкт олон мянган хүний амийг авсан Эбола өвчний халдварын тархалтыг энэ онд зогсоож чадлаа. Хүний биеийн бүх шингэн болон түүгээр бохирдсон зүйлсээр дамжин халдварладаг Эбола вирусын халдвараар олон улсад 11 мянга гаруй хүн нас барж, 20 мянга хол давсан хүн өвчилсөн юм. Эбола вирусийг эмчлэх эм, сэргийлэх вакциныг хараахан нээгээгүй байгаа боловч өвчнөөс эдгэрсэн хүний цусны ийлдсээр эмчлэх арга үр дүнгээ өгчээ. Халдварын голомт Баруун Африкийн Гвиней, Либери, Сьерра-Леоне улсад олон сар үргэлжилсэн хорио цээр цуцлагдаж, хүмүүс эргэн хэвийн амьдралдаа орж эхэлсэн байна. Эбола вирусийн халдварын шинэ тохиолдол 42 хоногийн хугацаанд илрээгүй бол өвчнөө ангижирсанд тооцдог аж.

 

Б.АНХТУЯА

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна