Ардын хүүхдийг алагчлах ёсгүй

2015 оны 12 сарын 22

Шинэ оноос хэрэгжиж эхлэх олон хуулийн дундаас хамгийн ихээр анхаарал татаж буй нь Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох журамд оруулсан өөрчлөлт юм. Хүүхэд бүрт хаяглан хүргэж буй сар бүрийн 20 мянган төгрөгийн зардлыг ирэх онд 40 хувиар бууруулан тооцож улсын төсөвт суулгасан. Ингэхдээ эмзэг бүлгийн, ээж аавынх нь аль нэг нь ажилгүй, өрхийн орлого багатай айлын хүүхдэд энэ мөнгийг олгохоор болсон нь нэг талаасаа эмзэг давхаргынхнаа дэмжиж буй хэлбэр ч нөгөө талаасаа ажилгүйдлийг халамжаар тэтгээд байгаа ч юм шиг.

Хоёр жилийн өмнөх судалгаанд өрх гэрийн эзэн, эзэгтэй хоёул ажилтай, цалин хөлсний хэмжээ нь сард сая төгрөгт хүрсэн бол, тухайн айл унаа машинтай байсан бол сар тутам олгох хүүхдийн мөнгөний босго давахгүй гэсэн цуу яриа олныг гайхшируулаад байна. Бүр LED телевиз, автомат угаалгын машин, богино долгионы зуухтай, өөрийн гэсэн байртай айлуудыг амьжиргаа сайтайд тооцох тухай ч яриа гарч байгаа юм. Мэдээж энэ бүгд албан бус яриа. Харин албан ёсны тайлбар яриаг хэн ч өгөхгүй байгаа бөгөөд худал үгийг мянга давтахад үнэн болдгийн үлгэрээр хүмүүс ирэх оноос хүүхдийн мөнгө авахгүй нь гэдэгтээ итгэж эхэлж байна.

Хүүхдийн мөнгийг анх 2012 оны аравдугаар сараас олгож эхэлсэн бөгөөд сар тутам олгох мөнгөний хэмжээ өсөн нэмэгдсээр иржээ. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн сард (2015 оны арваннэгдүгээр сард) улсын хэмжээнд нэг сая 27 мянга орчим хүүхдэд 240 тэрбум төгрөг өгч байна гэсэн судалгаа гарчээ.

Энэхүү төсвийг ирэх оноос 40 хувиар танаж, төсөвт хэмнэлт гаргах шийдвэрийг Засгийн газраас гаргасны дагуу ирэх 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Хүний хөгжил санд 144 тэрбум төгрөгийг л хүүхдүүдэд хаяглан төсөвлөөд байна. Эндээс нийт хүүхдүүдийн 60 хувь нь л хүүхдийн мөнгө авна гэж автоматаар ойлгогдож, олон ч сэтгүүлч энэ талаар хөндөн бичжээ. Гэвч төсвийг 40 хувиар хэмнэсэн нь хүүхдүүдийн тоотой шууд хамааралтай биш гэдгийг салбарын сайд тайлбарлаж, нийт хүүхдүүдийн 83 хувь нь хүүхдийн мөнгөө хуучнаар нь авч, 17 хувь нь чинээлэг гэр бүлд амьдардаг гэх үндэслэлээр ялгаварлан гадуурхагдаж байгааг тодотгожээ. Хүүхдийг ийн гэр бүлийнх нь хөрөнгө чинээгээр ялгаварлан гадуурхах нь хэр шударга хэрэг вэ. Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 14 дүгээр зүйлийн хоёрдугаарт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж тунхагласан хэрнээ чинээлэг гэр бүлд өссөн хүүхдэд хүүхдийн мөнгө олгохгүй гэж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн хэрэг төдийгүй ардчиллын зарчмаасаа ухарсан хэрэг боллоо гэж олон хүн үзэж байна. Нөгөөтэйгүүр өрхийн амьжиргааны төвшний 18-20 дугаар бүлэгт багтаж буй чинээлэг гэр бүлд ямар айл өрх багтаж байгаа вэ гэдэг нь өнөө хэр тодорхой биш. Харин албаны хүмүүс тодорхойгүй бүрхэг хариулт өгч, хэний хүүхдэд хүүхдийн мөнгө олгохоо нууцлах тусам элдэв таамаг, сураг ажиг төдий яриа дэлгэрч, хүмүүсийг төөрөгдөлд оруулаад байна. 18-20 дугаар бүлэгт төрийн өндөр дээд албан тушаал буюу УИХ, Засгийн газрын гишүүд, үндэсний хэмжээний бизнес эрхлэгч зэрэг хүмүүс багтдаг гэсэн албан бус тайлбар байгаа ч яг тийм хэмжээний орлоготой хүмүүс энэ бүлэгт багтана гэсэн албна тодорхойлолт алга. Амьжиргааны төвшинг тогтоосон Нийгмийн халамж үйлчилгээний газрынхан “Манай улсын хүн амын хэдэн хувь нь баян, хэчнээн хувь нь ядуу вэ, амьжиргааны төвшний 18-20 дугаар бүлэгт ямар айл өрх орж байгаа вэ” гэсэн асуултад

-Бид судалгаа л хийх үүрэгтэй болохоос мэдээлэх эрх байхгүй. Тиймээс өнөөдөр манай улсын хэчнээн хувь нь ядуу байна, ядуурлын түвшин хаана өндөр байна, өмнөх судалгаатай харьцуулбал Монгол Улсын өрхийн амьжиргаа хэр зэрэг дээшилсэн, амьжиргааны дээд болон доод төвшинд ямар айл өрх багтсан талаарх мэдээллийг бид өгөх боломжгүй. Засгийн газраас л зарлах учиртай” гэсэн бүрхэг хариуг өгч байх юм.

Тэгээд ч энэхүү судалгаа хэр бодитой судалгаа вэ гэдэгт эргэлзэж буй хүн олон байна. Судалгааг одоогоос хоёр жил гаруйн өмнө явуулжээ. Судалгаанд нийт 712 мянган өрхийн 2 сая 376 мянган иргэнийг хамруулсан бөгөөд цэрэгт алба хааж байгаа, хорих ангид ял эдэлж буй, гадаадад амьдардаг болон өөрсдийн хүсэлтээр татгалзсан гэх мэтчилэн зарим хүмүүс судалгаанд хамрагдаагүй гэнэ. Амьжиргааны төвшин тогтоох судалгаа нь гурван бүлэг, 53 асуулттай, 100 гаруй дэд үзүүлэлттэй байжээ. Боловсрол хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн бэрхшээлтэй эсэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамрагддаг эсэх зэргийг өрх нэг бүрээр тодорхойлсон ажээ. Хоёр жилийн өмнөх судалгаанд өрх гэрийн эзэн, эзэгтэй хоёул ажилтай, цалин хөлсний хэмжээ нь сард сая төгрөгт хүрсэн бол, тухайн айл унаа машинтай байсан бол сар тутам олгох хүүхдийн мөнгөний босго давахгүй гэсэн цуу яриа олныг гайхшируулаад байна. Бүр LED телевиз, автомат угаалгын машин, богино долгионы зуухтай, өөрийн гэсэн байртай айлуудыг амьжиргаа сайтайд тооцох тухай ч яриа гарч байгаа юм. Мэдээж энэ бүгд албан бус яриа. Харин албан ёсны тайлбар яриаг хэн ч өгөхгүй байгаа бөгөөд худал үгийг мянга давтахад үнэн болдгийн үлгэрээр хүмүүс ирэх оноос хүүхдийн мөнгө авахгүй нь гэдэгтээ итгэж эхэлж байна.

Салбарын сайдын тайлбарт ч эргэлзээ төрж байна. Ирэх онд 40 хувиар танагдсан төсвийг хүүхдүүдийн 83 хувьд хэрхэн хүргэх нь тун чиг бүрхэг байгаагийн сацуу аав ээж нь амьдралаа бусдад нялзаалгүй үүрч яваагийнх нь төлөө хүүхдүүдийг нь ялгаварлан гадуурхсан энэ шийдвэр яагаад ч шударга санагдахгүй байна. Ахуй амьдралаа бусдын дайтай байлгах гэж хоёулаа ажил хөдөлмөр эрхлэх нь буруу гэж үү. Хоёулаа ажиллаад ч байр, орон сууцны зээлээ төлж дийлэхгүй тэвдэж буй хэчнээн мянган өрх байгаа билээ. Тэдгээр хүмүүст хүүхдийн мөнгө бага боловч дэм болно. Гэтэл улсаас халамж хайр хүлээн биеэ оторлож насаараа ажил хийлгүй, алгаа тосон суусных нь төлөө элдэв төрлийн халамжид хамруулсаар байгаа гаж үзэгдэл улам л лавширсаар байна бус уу.

Хувиараа бизнес эрхлэгч олон арван иргэд “ажилгүй” гэсэн тодорхойлолтод багтдагийг бид мэднэ. Тэдний дунд өдрийн хэдэн зуугаар тоологдох орлоготой, үр хүүхдүүдээ “Сант”, “Орчлон”-д сая саяын төлбөр төлөн сургадаг аав ээж нар ч багтдаг. Иргэдэд их хэмжээний мөнгийг өндөр хүүтэй зээлүүлэн сар тутам мөнгө хүүлж аж төрдөг олон иргэд байдаг. Тэдний дэргэд өнөө маргаашийнхаа амьжиргааг залгуулах гэж зүтгэж буй “ажилчин зөгий”-нүүд баян тансаг амьдралтай болж үнэлэгдэх нь гачлантай. Иргэдийнхээ амьжиргаанд тохируулан шийдвэр гаргахыг үгүйсгэхгүй ч хүүхдийн мөнгөний ялгаварлал хэтийдсэн шийдвэр болчихов бололтой.

Д.ЦЭЭНЭ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна