Улс төр бөхийн дэвжээ болсон уу?

2015 оны 12 сарын 22

Нэг гэр бүлийн гишүүд бүгдээрээ өөр өөр намынх байх нь Монголд хэвийн үзэгдэл. Эхнэр Ардчилсан намын гишүүн, нөхөр нь Ардын намынх, эсвэл ах нь Ардын намынх нь дүү нь Ардчилсан намынх гээд Монголын гэр бүл, ах дүүс дотор өөр өөр намд үзэл бодлоороо дэмжиж элссэн нь ч байна, өөр зорилгоор өөрсдийгөө хувааж тараасан нь ч байна.

Хүн аль намд элсэх нь хувийн асуудал. Гэхдээ зарим нэг сонголтуудыг харахад “солиотой” гэхээс өөрөөр хэлэх үг олдохгүй юм.

Ардын намынхныг өнгөрсөн дөрвөн жил чулуу өшиглөжээ, гудамжинд явахад Засгийн газрын цомхотгол ч өртөөгүй, ажлын байраа хадгалж үлдсэн хүмүүс бол Г.Өлзийбүрэн, Ж.Бат-Эрдэнэ.

УИХ-ын гишүүн эхнэр, дүү нарынхаа хүчинд ажилтай, албатай, нэртэй төртэй яваа тэднийг буруутгах аргагүй. Гэхдээ эхнэр, нөхөр хоёр гэртээ огт улс төр ярьдаггүй гэвэл бас л үнэмшил багатай юм даа. УИХ-ын 2016 оны сонгууль ойртох тусам зарим гэр бүл, ах дүүс энд тэнд өөрсдийгөө “байршуулах” нь элбэгшив. Үүнийг ч бизнесээ хамгаалах гэсэн сонгодог сонголт гэж хэлэх хүмүүс ч байна. Аль нэг нам нь мэдээж засгийн эрхэнд гарч таараа. Тиймээс нам, намд эхнэр хүүхдэ, ах дүүсээ байршуулчихвал ашигтай ч байдаг биз.

Хамгийн сүүлийн мэдээгээр Д.Долгорсүрэн зааны нэг хүү нь МАХН-д элсч байгаа сурагтай. Нэг хэсэг бөхөөр занималдсан ах дүүс өнөөдөр улс төрөөр оролдохоор шийджээ гэлтэй.

Ах Д.Сумъяабазар нь Ардын намын гишүүн бол дүү Д.Дагвадорж нь Ардчилсан намд элссэн. Н.Энхбаярыг баривчлах үед Японоос шууд гэрт нь очиж байсан их аваргыг МАХН-д элсэх тухай яриа гарсан ч Х.Баттулга “чихдэж” авчраад АН-д элсүүлж байсан “түүхтэй”. Тэгвэл тэдний дүү Д.Сэржбүдээ нь МАХН-д саяхан элссэн гэх мэдээлэл хэвлэлээр цацагдах болов. Тэрбээр нийслэлийн бүр дүүргийн иргэдэд утаагүй зуух тараагаад явсны нууц нь ирэх 2016 онд МАХН-аас дэвших явдал бололтой.

Ийнхүү ах дүү гурав ирэх 2016 онд нэр дэвшиж, УИХ-д өрсөлдөхөөр бэлтгэлээ базаагаад байгаа гэнэ. Хэдийгээр бэлтэй бол бэлтэй, бэнчинтэй бол бэнчинтэй, нэртэй бол нэртэй аавын хүүхдүүд.

Гэхдээ юу дутлаа гэж бүгдээрээ улс төрд хошуу дүрэхээр улайрч байгааг ойлгохгүй юм. УИХ бол бөхийн дэвжээнээс өөр шүү дээ. Бөх барилдах, хууль батлах процесс хоорондоо эрс тэс ялгаатай баймаар.

А.ШАРХҮҮ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна